“Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо” Гэр бүлийн тухай хуулийг олон нийтээр хэлэлцүүлэх санаачлагыг гаргаж, “ХАМТДАА ХЭЛЭЛЦЬЕ” аяныг орон даяар эхлүүлэх гэж байна. Энэ тухай УИХ-ын гишүүн З.Нарантуяа, АЭХ-ны ерөнхийлөгч С.Одонтуяа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Үүрийнтуяа, Р.Булгамаа нар өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл өглөө. “Эх орноо гэсэн сэтгэл өрх гэрээс эхэлдэг” уриан дор зохион байгуулагдах энэ удаагийн аян ирэх сарын 01-нээс зургадугаар сарын 01-нийг хүртэл үргэлжилнэ. “Хамтдаа хэлэлцье” аяны хүрээнд “Миний гэр бүлийн аз жаргал” сэдэвт гар зураг, эссэ бичлэг, илтгэл, нийтлэл, гэрэл зургийн уралдааныг тус тус зохион байгуулахаар төлөвлөжээ.
Гэр бүлийн хууль нь Монгол хүн бүр, өрх бүрийн амьдрал, өрхийн гишүүдийн харилцааг зохицуулдаг нийгмийн харилцааны хамгийн чухал суурь хууль юм. Тиймээс ч АЭХ энэ асуудалд онцгойлон анхаарал хандуулж байгаа гэв. Аяны хүрээнд Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэхээр боловсруулсан Гэр бүлийн тухай хуулийн төслийг олон нийтэд танилцуулан, өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд саналуудыг нэгтгэж, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын эмэгтэй гишүүд, Засгийн газарт хүргүүлэхээр төлөвлөжээ.
1999 онд батлагдсан Гэр бүлийн тухай хууль нь өнөөгийн хэрэгцээ, шаардлагад нийцэхгүй байгаагаас гэр бүлийн харилцаанд тулгарсан олон асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх эрх зүйн боломжууд хаалттай хэвээр байна. 2018 онд 2945 гэрлэлт цуцлагдаж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах 1146 хэрэг, эцэг тогтоох 392 хэрэг шийдвэрлэгдсэн нь өмнөх оныхоос өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн Монгол Улсын хэмжээнд өрх толгойлсон эцэг, эхийн тоо 76893-т хүрсэн нь гэр бүлийн асуудал төрийн бодлогын эхэнд эрэмбэлэгдэх зүй ёсны шаардлага бий болсныг харуулж байна.
Гэр бүлийн тухай хууль нь 2014-2016 онуудад УИХ-аар хэлэлцэгдэж байсан боловч батлагдахгүй өнөөдрийг хүрсэн. Энэхүү хууль батлагдсанаар төрөөс гэр бүлийн хөгжил, хамгааллын бодлого хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж, гэр бүлд тулгамдсан асуудлаа хуулийн хүрээнд шийдвэрлэх эрхзүйн боломж нээгдэнэ.