Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Я.Эрдэнэ-Очир: Мөнгийг нь аваад, цагийг нь үрээд, өвчлөлийг нь хүндрүүлж байна

Сүлжээний эм тухайн хүний өвчлөлийг ихэсгэж, цаг хугацаа алдахад хүргэж байна

Олон улсадпирамид тогтолцоотой сүлжээний бизнесийг луйвар гэдгийг нотлоод үйл ажиллагаа явуулахыг нь хориглосон байдаг. Манай улсад ч мөн адил Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар хориглодог. Харамсалтай нь энэ хууль хэрэгжихгүй байна. Үүний нотолгоо нь эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн гэх нэрээр өндөр өртэгтэйгээр зарагдаж байгаа сүлжээний бүтээгдэхүүн газар аваад байгаа явдал мөн.

Ханиаднаас эхлээд хортой хоргүй бүх хавдрыг эмчилдэг гэх эдгээр бүтээгдэхүүнийг өвчиндөө шаналсан иргэд ихээр худалдан авч байна. Өвчтэй хүн юу эсийг хийж, юу ч эсийг туршихад бэлэн, магадгүй гайхамшиг тохиогоод үнэхээр эдгэнэ гэдэгт найддаг тухай ярьсан иргэд цөөнгүй таарч байлаа. Яг үүнийг л сүлжээний луйварчид овжин ашиглаж ашиг олдог гэхэд хилсдэхгүй болов уу.

Манай оронд мөнгө өгч элсдэг, эрүүл мэнд, гоо сайхны бараа бүтээгдэхүүн борлуулдаг гэх гурван төрлийн сүлжээний бизнесийн луйвар байна.

Тэгвэл, сүлжээний эм бэлдмэлийг хэрэглэх нь хэр зөв болох, хор уршиг бий эсэх, үүнийг хэрэглэснээр эмнэлэг орж мэс засалд оролгүй эдгэчих нь хэр үнэний ортой болох тухай иргэдийн эргэлзээтэй асуултад хариулт авахаар ЭМЯ-ны Хавдар судлалын ерөнхий мэргэжилтэн, Хавдар судлалын Төвийн мэс заслын клиникийн удирдагч, Анагаах ухааны доктор (Ph.D), Клиникийн профессор Я.Эрдэнэ-Очироос зарим зүйлийг асуулаа.

-Сайн байна уу?Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглээд эмнэлэг орохгүйгээр эдгэрээд байгаа хүмүүс байна гэх… Энэ хэр үнэний ортой вэ? Зарим нь харин ч улам ихээр өвчин нь хүндрээд нас барсан тохиолдол хүртэл гарсан юм билээ?

Хүмүүс хэрэглээд эдгэрсэн байхыг би үгүйсгэж чадахгүй. Хүний биед тийм сайн хэрэгтэй юу гэдгийг нь бас нотолж чадахгүй. Эцсийн эцэст үүнийг хэрэглээд эдгэрээгүй, эцсийн шатандаа орчихоод ирж байгааг нь л хэлж чадах байна. Хамгийн гол нь энэ янз бүрийн сүлжээний тураах, залуужуулах, эмчлэх, хорт хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлдэг гэх бүтээгдэхүүнүүдийг хүний биед маш сайн эсвэл маш муу гэдгийг нь нотолж хэлж чадахгүйд л гол асуудал байгаад байна. Үүнийг ЭМЯ, мэргэжлийн хяналт, хуулийн байгууллагууд судалж,хянаж шалгаж, үнэн зөвийг нийтэд ил болгох хэрэгтэй гэдэг нь тодорхой.

-Сүүлийн үед “ALIVE MAX” гэх сүлжээний бүтээгдэхүүн эрүүл мэндийн шинжлэх ухааны шийдвэрлэж чадахгүй байгаа эмчилгээг шийдэж байгаа хэмээн телевизээр рекламдах боллоо. Хараагүй хүн хэрэглээд хараа орж гэнэ, тэргэнцэртэй хүн босоод алхсан гэх юм. Энэ хэр үнэний ортой вэ?

Үнэхээр хорт хавдартай хүн хэрэглээд эдгээд байгаа бол эмнэлэг байсны хэрэг гэж байхгүй. Олон жилийн турш эмчийн мэргэжлээр сураад ч хэрэггүй.Орчин үед янз бүрийн тоолж барахгүй олон сүлжээний бүтээгдэхүүн байна. Сонсоод байхад бүх л юм эдгээх ид шидтэй гэж ярих юм. АLIVE MAX –ын тухайд үнэхээр хэрэглээд хараа ороод, хорт хавдар нь эдгэрсэн эсэхийг би үнэндээ мэдэхгүй байна. Би өөрөө ходоодны хорт хавдарын мэс заслын эмч хүн. Чаддаг зүйл дээрээ л яръя, хэрвээ ходоодны хорт хавдартай болсон нь оношлогдсон л бол шууд л мэс засал хийлгэх хэрэгтэй. Үүнд төөрөөд төөрөлдөөд байх юм ерөөсөө байхгүй. Учир нь энэ бол цорын ганц арга.

  • Та ингэхэд сүлжээний эм бэлдмэлүүдэд хэр итгэдэг вэ? Өөрөө хэрэглэж байсан уу?

Би сүлжээний зарим нэг нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэдэг. Тодорхой яривал дархлаагаа сайжруулах зорилгоор, биеэ гайгүй эрүүл байгаа дээр нь гамнахын тулд хэрэглэдэг гэсэн үг.

Түүнээс биш яг эмчилгээний зорьсон зорилгоор хэрэглэнэ гэвэл худлаа. Энэ эм бэлдмэл хэзээ үйлчилж тухайн хүнийг эдгээх нь баталгаагүй.Манайхан өөрсдийгөө турших тун ч их дуртай. Жишээ нь: хорт хавдартай хүмүүс хагалгаанд орохоосоо өмнө өвс ургамал, хорхой шавьж идсэн байдаг. Энэ ч дүүрсэн хэрэг. Яахав байгалийн цэвэр бүтээгдэхүүн гэж бодъё. Дээр нь нэмээд янз бүрийн сүлжээний хүний биед сайн, хорт хадварыг үгүй хийх тустай гэж хэлсэн үгэнд итгээд биологийн нэмэлт бүтээгдэхүүн авч хэрэглэдэг. Тэгж явсаар биеэ хачин юм болгочихоод эмч дээр ирдэг. Энэ үед аль хэдийн эцсийн шатандаа орчихсон байх нь элбэг.

-Сүлжээний бизнес хийж буй хүмүүс эмч мэргэжилтэй хүмүүсийг элсүүлэх эрмэлзэлтэй байдаг. Энэ нь мэдээж эрүүл мэндийн бүтээгдэхүүнийн борлуулалт сайжирахад чухал нөлөөтэй. Өвчтэй хүмүүс эмч нарт хамгийн их итгэдэг шүү дээ. Таньд ийм санал ирж байсан уу?

Ирж байгаагүй. Би зөвшөөрөх ч үгүй.Миний мэдэх зарим эмч нар, бүр зарим гавьяат эмч хүртэл сүлжээнд элсчихээд яваад байх шиг харагддаг. Энэ бол миний таамаг төдий зүйл л дээ. Үүнийг мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн яам гэж байдаг бол цэгцлэх хэрэгтэй гэж бодож байна. Хүмүүс үүнд итгэж хамаг мөнгө, алтан амиа золиослож туршилт хийж байна шүү дээ.

Гадаадын зарим улсад энэ талаар зохицуулалт хийсэн байдаг юм байна лээ. Жишээ нь хятад улсад сүлжээнд эмч нарыг элсүүлэхгүй байх тал дээр анхаардаг. Энэ бол ерөөсөө л иргэдээ бодсон чухал шийдвэрүүдийн нэг.

-Хелико бактери, элэгний В,С вирус, ходоод гэдэсний хортой хоргүй хавдар, миомтой хүмүүс сүлжээний бүтээгдэхүүн ихээр хэрэглэж харагддаг. Эдгээр хүмүүст хандаж юу гэж зөвлөмөөр байна?

Ний нуугүй ярихад манайхны боловсрол нимгэн болсон юм шиг санагддаг. Энэ бол их олон зүйл дээр яригдах байх л даа.

Эмчид үзүүлэхээр ирж байгаа хүмүүс наад зах нь өвчнийхөө талаар тодорхой хэмжээний мэдлэг мэдээлэлтэй болсон байх ёстой. Гэтэл бүр юугаа ч мэдэхгүй орж ирцгээдэг. Аль сайн гэж хэлсэн сүлжээний нэмэлт бүтээгдэхүүнийг авч хэрэглдэг. Үүний дараах үр дагаварыг нь тооцох ч үгүй. Үнэн баталгаатай эсэхийг нь өөрөө хэрэглэж байж л мэднэгэсэн хүмүүс.

Би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр, эмч байгаагийн хэрэг юу билээ. Ерөөсөө эмчтэйгээ дотно байж асуудлаа хэлж, ярилцаж зөвшилцөх хэрэгтэй. Үүний дараагаар эмч нь юуг хэрэглэж болох, юуг хэрэглэхгүй байхыг нь хэлээд өгнө. Манайхан өөрийн дураар эм бэлдмэл хэрэглэж турших дуртай. Үүнийг нь далимдуулаад үнэхээр хорт хавдар нь эдгэчих юм шиг санагдтал нь сэнхрүүлээд бүтээгдэхүүнээ борлуулаад байна. энэ бол мөнгийг нь аваад, цагийг нь үрээд, өвчлөлийг нь хүндрүүлэхээс цаашгүй л зүйл гэдгийг анхаарах хэрэгтэй.

Эмч өвчтөн хоёрын ойлголцол хамгаас чухал. Түүнээс биш хоёрдогч гуравдагч этгээдийн үгэнд орох хэрэггүй.

Б.ОЮУНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *