Categories
мэдээ нийгэм

Ё.Баатарбилэг: Шинжлэх ухааны хүрээлэнгүүд олсон орлогоо өөрсдөө зарцуулдаг болгохын төлөө ажиллана

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг өчигдөр Шинжлэх ухааны академийн тэргүүлэгч, Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн захирлуудтай уулзлаа. Сайд Ё.Баатарбилэг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байх үедээ 2016 онд шинжлэх ухааны салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, шаардлагатай бол хууль тогтоомжийн төсөл боловсруулж УИХ-д танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ахлан ажиллаж байсан юм. Шинжлэх ухааны академи, хүрээлэнгүүдийн удирдлагууд БСШУС-ын сайдаар салбараа мэддэг хүн ирсэнд талархалтай байгаагаа илэрхийлж баяр хүргээд салбарын өмнө тулгамдсан асуудлуудынхаа талаар санал хүсэлтээ сайдад танилцууллаа.

Шинжлэх ухаан академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, ШУ-ны Академийн эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн барихаасаа өмнө академийн гишүүдтэй зөвлөлдөхийг хүслээ. Мөн салбарын санхүүжилт бүтэцтэй холбоотой саналаа хэлсэн юм.

Хүрээлэнгүүдийн тухайд, орон тоо, хүний нөөц хангалтгүй, үйл ажиллагаа явуулдаг барилга байгууламж хуучирч муудсан, засварлах зардал төсөвт суугдахгүй байгаа, санхүүжилтийг цаг алдаж олгодог зэрэг хүндрэлийг дурдаж байлаа. Мөн Байнгын хорооноос гарсан тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулахыг сайдаас хүслээ.

Уулзалтын төгсгөлд БСШУС-ын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг “Ажил хариуцаж байгаа хүмүүс асуудалдаа гаргалгаа гаргах, менежмент хийх, маш тодорхой санал оруулж ирэх хэрэгтэй. Та бүхний тавьж байгаа асуудалд санал алга, харин хүсэлтүүд байна” гэдгийг сануулаад зарим асуудалд товч хариулт өглөө.


Тухайлбал, санхүүжилтийг цаг тухайд нь өгөх, санхүү хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг судлах болно. Орон тооны тухайд ОУВС-тай тохиролцсон нөхцөлийн дагуу энэ жил болон ирэх жил нэмэх боломжгүй гэлээ.

Эрдэм шинжилгээний байгууллагууд тодорхой хэмжээнд орлого олдог. Түүнийгээ урсгал зардал, ажилтныхаа нийгмийн халамж, шаардлагатай техник тоног төхөөрөмж, бодис зэрэгт зарцуулдаг болох нь зүйтэй. Үүний төлөө ажиллах болно.

Энэ онд салбарын томоохон хуулиуд, ЗГ-аар батлагдах хөтөлбөр, журмуудаа шийдвэрлэхийг зорьж байна.

Шинжлэх ухааны нэгдсэн лаборатори байгуулах асуудлыг дэмжих болно. Зөвхөн академи биш олон нийтэд, аж ахуйн нэгжүүдэд үйлчилгээ үзүүлэхэд өөрийгөө санхүүжүүлээд явах боломжтой учраас энэ талаарх саналаа ШУА тодорхой танилцуулахыг хүсье гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *