Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймгаас 70-80 сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлийн яс олджээ

Өмнөговь аймгийн Нэмэгт уулнаас 80-70 сая жилийн өмнө буюу Цэрдийн галавын үед амьдарч байсан шинэ төрлийн үлэг гүрвэлийн яс олсон тухай PLoS One сэтгүүлд нийтэлжээ. Цэрдийн галавын үед Ази, Умард Америкт тархан амьдарч байсан Овирапторозавр хэмээх өдлөг, шувуу хэлбэрийн үлэг гүрвэлүүдийн ангилалд багтах уг шинэ төрөл зүйлийг “Gobiraptor minutus” гэж нэрлэсэн байна.

Олдворыг Монголын Палеонтологи, Геологийн хүрээлэн, Хятадын Геологийн Хүрээлэн, Кэйп Тауны их сургууль, Сөүлийн Үндэсний их сургуулийн эрдэмтэд хамтран судлаад цоо шинэ төрөл зүйл болохыг нь тогтоосон аж. Жижиг шувууны хэмжээтэй Гобираптор гүрвэл нь маш нягт, хатуу эрүүний ясаараа бусад төрлөөс ялгардаг байна. Нягт, хатуу эрүүний яс нь ургамлын үр, амьтны өндөг, хатуу ясан бүрхүүлтэй эртний нялцгай биетнүүдээр буюу хагалж, буталж иддэг зүйлсээр хооллодог байсан гэсэн дүгнэлтэд хүргэжээ. Гобирапторын энэхүү өвөрмөц идэш тэжээл нь түүнийг бусад төрөл зүйлээсээ ялгарч, хувьслын явцад шалгарч үлдэх боломжийг олгосон гэдэг дээр эрдэмтэд санал нэгдсэн байна. Нэмэгт уулнаас олдсон бүрэн бус араг ясыг шинжлээд залуу үлэг гүрвэлийнх байсныг нь тогтоожээ. Нас бие гүйцээгүй үлэг гүрвэлийн олдворыг андуурч өөр төрөл зүйлд ангилах явдал шинжлэх ухаанд түгээмэл байдаг хэдий ч энэ удаа эрдэмтэд Гобираптор минутусыг шинэ төрөл зүйл гэдэгт итгэлтэй байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *