Монголын морин спорт уяачдын холбооны шинэ ерөнхийлөгч, Монгол Улсын Тод манлай уяач Цогтын Батсайхантай ярилцлаа.
-Монголын сум бүрт салбартай Монголын морин спорт уяачдын холбоо (ММСУХ)-ны ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Энэ том ТББ-ын удирдлагыг авч явах хүний хувьд ямар ажил хийхээр төлөвлөөд байна?
-24 жилийн түүхтэй том холбооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Анх байгуулагдсанаас хойш дөрөв дэх тэргүүний нүүрээ үзэж байна. Үе үеийн тэргүүнүүд морины хөгжил, Монголын өв уламжлалыг авч хойч үедээ үлдээх бодлогыг барьж ирсэн. Миний хувьд үүнийг үргэлжлүүлнэ. Өнөөдөр бидний тулгамдсан асуудал бол эрлийз, монгол морьдыг ялгах явц. Морины хөгжлийн үе шатад нөлөөлж эрлийз монгол адууны хэрүүл маргаан сүүлийн 10 гаруй жил тасарсангүй. Үүнийг бид урьд нь боломжийн хэрээр олонхын эрх ашигт тааруулаад зохицуулж явж ирсэн л дээ. Эрлийз, монголыг тусад нь уралдуулж, бай шагналыг нь ижилхэн болгож өгсөн. Улсын наадмаар гурван насны эрлийз морь уралдууллаа. Бүсийн наадамд ч тусад нь ялгаж уралдуулдаг болголоо. Амжилт гаргасан морины эзэн нь цолны болзолд ордог болсон. Эрлийз гэх адууны тоо төв орон нутаг төдийгүй хөдөө орон нутагт олноор тархсан. Сум, овооны наадам гэлтгүй л эрлийз, монголын хэрүүл гардаг асуудлыг бид сая их хурлаараа хэлэлцэж хурлын төлөөлөгчдийн олонхын саналаар сэрвээний өндрөөр хэмжиж уралдах нь зөв гэсэн шийдвэрийг гаргасан. Өнөөдөртөө сэрвээний өндрөөр хэмжих нь зүйтэй гэсэн саналыг хуралд оролцсон төлөөлөгчид хэлсэн. Энэ удаагийн их хуралд 700 орчим төлөөлөгч оролцсон. Урьд жилүүдийнхээс даруй гурав дахин олон төлөөлөгч оролцсон гэсэн үг.
-Та морьтой холбогдоод хэдэн жилийн нүүр үзэж байна. Анх ямар наадамд морь сойж байв?
-Би адуутай их ойр өссөн хүн. Амралтаараа өвөө эмээ дээрээ очно. Хонины ганц нэг морийг нь унаж ойр зуурын ажил амжуулна. Ингэж явахдаа л адуутай болох хүсэл надад төрсөн юм даа. 1990-ээд оноос хойш 20 гаруй жил л хурдан морины хөгжлийн төлөө явж байна. 1994 онд юм даа. Сумын наадамд морио гаргачихаад догдлоод хүлээж байсан цаг саяхан санагдаж байна. 2000-аад оны эхээр улсын наадамд адуугаа мордуулдаг болсон. Богино хугацаанд амжилт үзүүлж 2011 онд Монгол Улсын тод манлай уяач цол хүртсэн. Үүндээ ч баярлаж явдаг юм. Энэ их өв соёлыг хойч үе, үр хүүхдэдээ үлдээх хүсэлтэй байдаг. Залгамж халаа болж буй залуус цахим тоглоомын газар, шөнийн цэнгээний ертөнц гэхээс илүү морины уяан дээр хийморио сэргээж чөлөөт цагаа өнгөрүүлээсэй гэж боддог юм.
-Хүрэн морь тань 2018 оны шилдэг хүлгийг шалгаруулахад дэд байрт эрэмбэлэгдсэн байсан.Таны унаган адуу юу?
-Миний унаган адуу л даа. Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын аман хүзүүнд хурдалж, Эрдэнэт үйлдвэр байгуулагдсаны 40 жилийн ой, төвийн бүсийн уралдаанд түрүүлсэн. Би сүүлийн үед адуу худалдаж авахаас илүү унаган адуугаараа наадаж байгаа. Миний 20 гаруй жилийн хөдөлмөр юм даа. Би өөрөө их насны моринд их дуртай. Хүнд хийморь, өм дагуулдаг болохоор тэр л дээ. Ганц хүрэн морь гэлтгүй, халзан мориноос авахуулаад олон сайн морь гарч байгаа.
-Долдугаар их хурлаар эрлийз адууг ялгахдаа үүлдэрлэг байдлыг харгалзахгүйгээр сэрвээний өндрийг хэмжинэ гэсэн шийдвэр гаргасан байсан. Нуруу нь нам эрлийз адуу улсын наадамд уралдахад нээлттэй гэж ойлгож болох уу?
-Бидний маргалдаад байгаа асуудал энэ шүү дээ. Өнөөдөр би өөрийнхөө адуунд яг ямар азарганы төл гарч байгааг тэр бүр харж чадахгүй. Шөнө болгон очиж аль гүүг ямар азарга гишгэж байгааг хянах боломжгүй. Иймээс хүний адуу намхан байхад эрлийз гэж хэлэх хэцүү шүү дээ. Үүнийг шийдвэрлэхийн тулд л сэрвээний өндрөөр ялгаж байгаа. Бид сэрвээний өндрийг дээш нь, доош нь гүйлгээгүй. Одоо мөрдөж буй стандартын дагуу л тогтоосон. Монгол адуутай сэрвээний өндрөөр ойролцоо эрлийз адуу орохыг үгүйсгэхгүй. Бидний хэрүүл маргаанаа тасалж наадмаа сайхан хийхэд чиглэсэн хамгийн эцсийн шийдвэр л дээ.
-Монгол уяачид маань монгол адуугаа үүлдэрлэг байдлыг нь хараад ялгаж чадахаа больчихсон хэрэг үү?
-Тэр болгон мэдэхгүй л дээ. Бид социализмын үеэс л эрлийз адуутай уралдаад ирсэн. Тойруулга адуу, Дорнод, Сэлэнгэ, Увс гээд хилтэй ойр адуу бүгд л эрлийз шүү дээ. Тойруулга адуунууд улсын наадамд түрүүлж байсан тохиолдол олон. Тэр үед адуу сайн хөгжөөгүй, малын тоо толгойг заагаад өгчихсөн, чөдрийн ганц мориороо уралдаж байсан.
-Сэрвээний өндрийг яаж хэмжих вэ. Механик метр бариад зогсоход ч улаан хэрүүл болж их цаг авдаг шүү дээ?
-Цаашдаа журамлана гэж төлөвлөж байна. Тухайн уралдааны журам гэж батлагддаг шүү дээ. Үүнд айргийн таван морийг ирэхэд нь баяр наадмын комисс дахиж хэмжинэ. Асуудалтай байвал хасаад дараагийн морийг хэмжиж байр эзлүүлнэ. Дээр нь хүний оролцоогүй шинэ технологи ашиглахаар судалж байна. Жишээ нь, лазераар хэмжихэд сэрвээний өндрийг нь дэлгэцэнд гаргачихдаг арга байна лээ. Үүнийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Шүдэлж байгаа үүлдэрлэж байгаа хоёр гурван хүн хоорондоо хуйвалдаж болно. Бүхэл бүтэн комисс, айргийн таван морины эздийг байлцуулаад дахиад хэмжинэ. Ийм ил тод байлгана.
-“Хакухо зээрд”, Т.Болдбаатарын “Манлай хариун” гэх зэрэг түмэнд танигдчихсан хүлгүүд сэрвээний өндрөөр хасагдах нь гэсэн яриа гарсан байна лээ?
-Тухайн үедээ хэмжээд л шийдэх асуудал.
-Шинээр бүрэлдсэн холбооны бүтэц зохион байгуулалтын тухайд ярихгүй юу?
-Шинээр байгуулагдсан холбооны бүтцийг том зургаар харахад өмнөхтэйгөө адилхан. Сая их хурлаараа дүрэм журамдаа бага зэрэг өөрчлөлт оруулсан. Бүтцийн хувьд зургаан дэд ерөнхийлөгчтэй, нэг тэргүүн дэд ерөнхийлөгчтэй, нарийн бичгийн даргатай. Би энэ том холбоог ажлыг нь чиглүүлж уялдаа холбоог ойртуулахын тулд доор нь хэвлэл мэдээлэл, орон нутаг, уралдааны зохион байгуулалт, санхүү хариуцсан албадыг байгуулж төрөлжүүлж өгсөн. Зургаан дэд ерөнхийлөгч энэ албуудыг хариуцаж ажиллуулна. Ингэж төрөлжүүлснээр бүх ажил эзэдтэй болж эмх цэгцтэй болно.
-2003 онд батлагдсан морин уралдааны тухай хууль батлагдсан байдаг. Үүнээс хойш зөвхөн цол олгох заалтыг л өөрчилсөн. Морин уралдааны тухайд өөрчлөгдөөгүй юм билээ. Дээр үед батлагдсан хууль өнөөгийн нийгэмтэй зөрчилдөөд байх шиг?
-Монголын хууль тогтоох дээд байгууллага бол Улсын их хурал. Бид саналаа Улсын их хуралд өгдөг.
-Бөх, сур зөвхөн наадмаар цол чимэг олгодог. Морины тухайд бүсийн наадамд амжилт гаргасан уяачдад цол өгдөг. Үүнийг өөрчлөх бодол танд бий юу?
-Уяачдаа бодсон, хурдан морины хөгжилийг дэмжсэн холбооны бодлого шүү дээ. Бүсийн уралдаан чинь цол олгох хэмжээний том уралдаан. Тухайн бүсэд байгаа бүх л цолтой том уяачид очиж хүлгийнхээ шандас шалгадаг. Дүнжингаравын тухайд оны өнгө шинждэг бас л том уралдаан. Мориныхоо өнгийг үзэх гэж олон ч уяач Дүнжингаравыг зорьж ирдэг. Сая их хурал дээр орон нутгийн төлөөлөгч хаврын морин уралдааныг зохион байгуулахгүй бол хөдөө орон нутгийн залуу уяачдын идэвх буурч, малаа өсгөх эрмэлзэлгүй болж, хот хороо орох хандлагатай болж байгаа талаар санал хэлж байсан. Хаврын уралдаан зохион байгуулах талаар уяачдаас санал хураахад 100 хувийн дэмжлэг авсан. Уяачид битүүнд бөх барилддаг шиг сар шинээр морь уралдуулах санал ирсэн. Үүнийг бид дээш уламжлах үүрэгтэй.
-ММСУХ-ны шинэ бүтэц бүрэлдэхүүн уяачдын эрх ашгийг яаж хамгаалж ажиллах вэ?
-Холбооны гол бодлого нь уяачдын эрх ашгийг хамгаалахад чиглэж байгаа. Бид зөвхөн төв холбоо биш аймаг сумдын салбар холбоогоор дамжуулж орон нутагт амьдарч насаараа адууны сүүл боож буй эрдэмтэй буурлууддаа хүрч ажиллана гэж төлөвлөж байгаа. Хойч үе залуусаа моринд татахад чиглэсэн ажил хийнэ. Эхний ээлжинд Өмнөд Монгол, Тува, Халимаг, Буриад зэрэг монгол үндэстнийг оролцуулсан Монгол туургатны уралдаан хийхээр ярилцаж байна. Өнөөдөр холын зайн уралдаанаас гадна сонгодог морин уралдаан руу орох цаг нь ирсэн гэж харж байгаа. Максын Д.Ганбаатар зэрэг хүмүүстэйгээ хамтарч тойруулгын уралдааныг хийхээр төлөвлөсөн. Монгол уяачид мориор дамжуулж дэлхийн түвшинд гарах боломжтой гэж харж байгаа. Үүний тулд зайлшгүй сонгодог морин уралдааны англи адуугаар уралдах ёстой. Энэ адуугаар дэлхийн дэвжээнд гарахын тулд хөгжүүлэх ёстой. Монгол уяачид эхнээсээ АНУ-д очиж уралдаад айрагдаж түрүүлээд нэрээ дуурсгаад явж байна шүү дээ. Энэ бол морьтон монголчууд бидний бахархал. Үүний тулд холбоо бодлогоо чиглүүлэх ёстой. Мөн бид залуу үеийг хүмүүжүүлэх тал дээр бодлогоо чиглүүлэх хэрэгтэй. Дан ганц уралдаан биш. Уралдааны цаана олон юм байгааг олж харах хэрэгтэй. Ажлын байр жижиг дунд үйлдвэрлэл гээд олон зүйл бий. Наад зах нь айлын эзэн хазаар ногт зангидаад, эхнэр нь бүрээд л борлуулахаас өгсүүлээд олон ажлын байр бий. Үүнийг унтраачихвал ажлын байргүй болчих нь шүү дээ. Хүүхдээр шоу хийгээд байгаа хүмүүс цаад үр ашгийг нь харахгүй байна. Тэр хүүхдүүд өв уламжлалаа сурталчилж таниулаад явж байгаа. Морь унаж буй хүүхдүүд буруу зүйл, хорт зуршилд уруу татагдалгүй чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрөөж байна. Хүүхдийн эрхийг хамгаалах шаардлага тавих нь зөв. Үүнийг зохицуулахаар түрүүчийн холбоо их ажил хийсэн. Иж бүрэн хамгаалалтын хэрэгсэлтэй уралдуулдаг болсон шүү дээ. Дээрээс нь морины унаач хүүхдүүдийг даатгалд хамруулдаг болсон. 50 мянган төгрөг төлж даатгуулна. Бэртэл гэмтэл авсан тохиолдолд таван сая төгрөг авч эмчилгээндээ зарцуулдаг болгосон.
-Өнгөрсөн хугацаанд ажилласан холбооны үйл ажиллагаанд та ямар дүгнэлт өгөх вэ?
-Өнгөрсөн 10 жилийн хугацаанд би ММСУХ-ны тэргүүлэгчээр ажилласан. Холбооны үйл ажиллагаанд сайн дүн тавина. Хийсэн сайн ажил нь их л дээ. Алдаа дутагдал байлгүй л яахав. Бид 4000 гаруй морь уралдуулж 10000 орчим морь жагсаагаад Гиннесийн номонд бүртгүүллээ. Олон улсын болон Азийн морин уралдааны холбооны гишүүн болсон. Гадаад харилцаан дээр том алхам хийсэн гэж харж байна. Үүнийг бид цааш нь үргэлжлүүлэх ёстой. Ахмад уяачид морины зүтгэлтнүүд сайн ажиллаж байсан гэж дүгнэдэг.
-Баярлалаа. Танд амжилт хүсье.
-Монголчууд биднийг морьгүйгээр төсөөлөх аргагүй. Саяны долдугаар их хурлаар баяр наадмаа эрлийз, монгол гэсэн хэл ам, хэрүүл шуугиангүй хийх гарцаа олсон. Уяачдадаа эрүүл энхийг хүсье. Монголын морин спорт уяачдын холбоо морьтон монгол уяачдынхаа төлөө гол бодлого үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллана аа. Уяачдын дуу хоолой бидэнд хэрэгтэй. Морио гэсэн сэтгэлтэй хэнд ч холбооны үүд хаалга нээлттэй байгаа шүү.