“Өдрийн сонин” өнөөдрийн /2019.01.31/ дугаартаа УИХ-ын гишүүн О.Баасанхүүд хаяглан ил захидал илгээсэн билээ. Уг ил захидалд саяхан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын зохион байгуулсан гарын бэлэг тараах үйл ажиллагаан дээр нэгэн настан олны хөлд дарагдан харамсалтайгаар амь насаа алдсан явдлыг УИХ-ын чуулганы хуралдаан дээр хөндөхийг хүссэн юм. Ж.Ганбаатараар ядаж уучлалт ч болов гуйлгуулж өгнө үү хэмээн уриалсан. Тэгвэл өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаан дээр О.Баасанхүү гишүүн уг асуудлыг хөндөж тавилаа. Тэрээр, “83 настай хөгшний асуудлаар надад ил захидал ирүүлсэн. Ж.Ганбаатар гишүүнд хэлсэн. Ойлголцсон. Ж.Ганбаатар гишүүн ёс жудагтай хүн учраас харж үзэх байх.” гэсэн юм.
Мөн ил захидлыг бүрэн эхээр нь та бүхэнд хүргэж байна.
Ил захидал
УИХ-ын гишүүн О.Баасанхүү танаа
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар сонгогдсон тойргийнхоо буюу Баянгол дүүргийн өндөр настнуудыг өнгөрсөн бямба гаригт хүлээн авч уулзсан. Ахмадуудад Сар шинийн гарын бэлэг гардуулсан уг уулзалтад Ерөнхий сайд ч оролцсон юм. Харин энэ үеэр 83 настай иргэн Ч нас барсан харамсалтай явдал болсон. Энэ талаарх мэдээллийг “Өдрийн сонин” №019, №020 дугаарууддаа “УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар ахмадуудад бэлэг тараах үеэр 83 настай иргэн амиа алджээ”, “У.Хүрэлсүхийн сүржигнэл 8 3 настай хөгшний амь үрэгдсэнээр төгсөв” хэмээн цувралаар хүргэсэн юм. Энэ мэдээлэл нийгэмд хүрсэн гэдгийн баталгаа нь Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсанхуульд “Сонгогдсон, сонгуульд оролцох хүмүүс бэлэг тараахыг хориглоно” гэсэн заалт оруулах болсноор харагдаж байна. Харин бусад хэвлэл мэдээлэл, цахим ертөнцөөр энэ хэрэг явдлын талаар яригдаж, мэдээлэгдэхгүй ажин, түжин байгаад гайхширал төрөх юм. Болсон үйл явдлыг мэдээлсэн манай сонин руу Ж.Ганбаатар гишүүний туслах утасдаж, “Худал мэдээлэл цацахаа боль. Хүмүүс хэзээ хоёр цаг хүлээсэн юм ”гэж дарамталлаа. Мөн өчигдөр 83 настай иргэний амь насаа алдсан явдлын талаар сурвалжлахаар очсон zarig.mn сайтын сэтгүүлч, зураглаачийг тус дүүргийн цагдаа саатуулсан явдал гарав. Тодруулбал, тус сайтын сэтгүүлч, зураглаач нас барсан өндөр настны амьдарч байсан хороо буюу Баянгол дүүргийн зургадугаар хорооны Засаг даргатай уулзахаар очжээ. Энэ үед тус хорооны Засаг дарга нь zarig.mn сайтын сэтгүүлч, зураглаачийг “ Албан байгууллага дотор бичлэг хийлээ” хэмээн цагдаад өгсөн байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нар өөрсдийнх нь уулзалтын үеэр эрдэнэт хүний амь нас хохирсон явдлыг огтхон ч ойшоохгүй байгаа. Ер хамаагүй мэтээр аяглаж байна. Тэр ч бүү хэл энэ талаарх мэдээллийг олонд түгээж, бидний нэр сүрэнд халдлаа гэж хэвлэл мэдээллийн байгууллагуудыг ийнхүү дарамталлаа . Тэр хөгшний амь нас энэ эрхмүүдийн нэр хүндээс доогуур үнэлэгдэж байна. Ийм учраас УИХ дахь шударга гишүүн О.Баасанхүү таньд бид хандаж байгаа юм. Та энэ асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаан дээр онцолж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарыг 83 настай хөгшний ар гэрт нөхөн олговор өгүүлдэггүй юм гэхэд ядахдаа уучлалт гуйлгаж өгнө үү. “Ижий минь байвал жаргалтай ” гэж МУГЖ Т.Ариунаагийн дуу бий. Энэ айл Цагаан сарын баяр тэмдэглэх нь битгий хэл уй гунигаар дүүрэн, үймэрч суугаа нь мэдээж. Үр хүүхдийнх нь сэтгэлийг засч, гомдлыг тайлахын тулд уучлалт ч болтугай гуйх нь зөв. Үүнийг шударга үнэний дуу хоолой болсон УИХ-ын гишүүн О.Баасанхүү таниас өөр гүйцэлдүүлж чадах төрийн түшээ алга гэж бид үзэж байгаа учраас таньд хандаж байна.
“Өдрийн сонин”-ы зөвлөл