Categories
мэдээ нийгэм

Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх системийг шинэчилнэ

Малын чанар, үүлдэрлэг байдлыг сайжруулах, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, гарал үүслийг тодорхойлох ажлын үндэс нь малыг ялган тэмдэглэх, бүртгэх, мэдээллийн сан бий болгох гэж салбарын мэргэжилтнүүд үздэг. Тиймээс ч малын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг туршин суурилуулах, нэвтрүүлэх ажлыг 2011 оноос 21 аймгийн 330 суманд эхлүүлжээ.

Монгол Улсад малыг бүртгэлжүүлэх, мэдээллийн сан бий болгох ажлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хариуцаж байна. Одоогийн байдлаар 16 аймгийн 53 сумын 369 мянган толгой малд үзлэг, ангилалт хийснээс 150 мянган малыг ялган тэмдэглэж, ээмэгжүүлээд байгаа юм. Найман жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлсэн энэ ажлыг эрчимжүүлэх зорилгоор салбарын яам, Францын мал аж ахуйн хүрээлэнтэй хамтран туршилтын төсөл хэрэгжүүлэхээр болжээ.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Монгол Улсын малыг ялган тэмдэглэж, бүртгэлжүүлэх ажлыг хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсон. Энэ дагуу туршилтын төслийг Францын мал аж ахуйн хүрээлэнтэй хамтран боловсруулж, Дэлхийн худалдааны байгууллагын төслийн сонгон шалгаруулалтад тэнцэн, улмаар техник туслалцааны дэмжлэг авахаар болсон нь энэ юм.

Туршилтын төслийг Өвөрхангай аймгийн гурван суманд хэрэгжүүлнэ. Нийт 170 мянган малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулж, 2 махны үйлдвэртэй хамтран ажиллана. Төсөл 2019 оны 1 дүгээр сараас 2020 оны 2 дугаар сар хүртэл үргэлжилнэ гэж ХХААХҮЯ-ны Малын үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батсүрэн мэдээлэв.

Төслийн явцад хэрэгжүүлэх ажлыг тодруулбал, малын үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн санг шинэчлэх хүрээнд мэдээлэл дамжуулах зориулалттай уншигч төхөөрөмжийг ашиглах, малын шилжилт хөдөлгөөнийг онлайнаар хянах боломжийг бүрдүүлэх юм.Ийнхүү нэгэнт бий болсон системийг шинэчилснээр мал үржлийн ажил шинэ шатанд гарч, малын ашиг шим, үүлдэр угсаа сайжирна. Малын шилжилт хөдөлгөөнийг хянаснаар малын хулгай буурна. Малын гарал үүслийг тодорхойлж, мөрдөн мөшгидөг болсноор түүхий эдийн чанар сайжрах зэрэг олон үр дүн гарна гэж Францын Мал аж ахуйн хүрээлэнгийн ажилтан Эрик Рехбентайлбарлаж байна.

“Монгол Улсын малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх системийг шинэчлэх” туршилтын төсөл нэг жилийн хугацаанд хэрэгжиж, үр дүнд хүрч чадвал цаашид Монгол Улсын бүх аймаг, суманд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *