Нийслэлийн Баянзүрх дүүргийн XII хороо, Амгаланд баригдаж буй Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн нэгдсэн эмнэлэг ирэх сард ашиглалт орох аж. Энэ талаар Жайкагийн суурин төлөөлөгч өнөөдөр мэдэгдсэн байна. Уг эмнэлгийг Монгол, Япон хоёр орны Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж байгаа юм. Энэхүү цогцолборын амбулаториор өдөрт 600, жилд 192 мянган хүнд, хэвтэн эмчлүүлэх гэнэ. Ингэснээр жилд 4300 орчим хүнд үйлчилж, ойролцоогоор 2300 орчим мэс засал, арав гаруй мянган дүрс оношлогооны ажилбарыг гүйцэтгэхээр төлөвлөж байгаа аж. Ингэснээр орчин үеийн өндөр хүчин чадалтай техник, технологиор бүрэн тоноглогдсон, эмчилгээний 150 ортой эмнэлэг болно хэмээгээд буй. Түүнчлэн анагаахын чиглэлээр мэргэжил дээшлүүлж байгаа эмч нарт зориулсан сургалтын хэсэг, хичээлийн танхим, номын сан нь бүрэн төлөвлөгдсөн тухай төслийнхөн мэдэгдээд буй.