Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар ахмадуудад гарын бэлэг тараах үеэр өндөр настан дарагдан нас барсан бололтой

Цагаан сарын өмнөхөн УИХ-ын гишүүд сонгогдсон тойргийнхоо ард иргэдэд гарын бэлэг буюу ул боов, цаг тооны календарь, чихэр, жимс зэрэг гарын бэлэг тарааж, сонгогчдодоо “эргэдэг” уламжлалтай.

Өнөө жилийн гишүүдийн гарын бэлэг тараалт эхэлжээ. ЗХГЭГ-ын дарга Г.Занданшатарын гарын бэлэг тараагдсан бол зарим гишүүд тойргийнхоо ахмадуудад бэлэг тараах ажлаа эхэлсэн байна.

Өчигдөр нэгэн харамсалтай зүйл тохиолджээ. Тодруулбал, БГД-ийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар тойргийнхоо ахмадуудаа хүлээн авч сар шинийн гарын бэлгээ тараасан байна.

Уг арга хэмжээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх очсон гэнэ. Энэ үеэр зохион байгуулалт муу байж, нэг өндөр настан хүмүүсийн хөлд гишгэгдэж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар эх албан бус сурвалж хэлж байна.

Гишүүн Ж.Ганбаатар 3200 гаруй урилга тараахад 4000 ахмад уг арга хэмжээнд хүрэлцэн иржээ.

Урилга авсан хүмүүс дундаас 300 мянгаас сая төгрөгийн хооронд сугалаа явуулж, азтан тодруулсан байна.

Ерөнхий сайд азын сугалааны азтнуудыг тодруулж, шагналыг нь гардуулж өгсөн аж. Бэлтгэсэн улаан торонд нь нэг сувинер, нэг кг гурил, нэг кг чихэр байсан гэнэ. Ийнхүү арга хэмжээгээ өндөрлөж бэлгээ тарааж дуусаад хүмүүсээ гаргах үеэр 83 настай өндөр настан олны хөлд дарагдаж, ухаан алдан унажээ. Яаралтай түргэн тусламж ирсэн ч аль хэдийнэ амьсгал хураасан байсан гэн. Талийгаач 53 настай хүүгийнхээ хамт явж байсан гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *