Энэ оны тавдугаар сарын 1-нээс эхлэн Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахыг хориглоно.
Харин сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэн хямд үнээр иргэдэд нийлүүлэх юм. Ингэснээр өтгөн хорт утаа багасч, агаарын бохирдлыг тодорхой хувиар бууруулна гэж үзэж байгаа юм.
“Эрдэнэс таван толгой” компанийн дэргэд таван толгойн түлшний үйлдвэр баригдсан. Улаанбаатар хотын иргэдийг энэ үйлдвэр шахмал түлшээр хангах бөгөөд ингэхийн тулд 300 орчим мянган тонныг нөөцлөх шаардлагатай. Ирэх 10 сар хүртэл тасралтгүй үйлдвэрлэл явагдаж, иргэдийг дулаан байлгах түлшээ бэлтгэх юм. Харин энэ хэмжээний түлш хадгалах байр савны хувьд асуудалтай байгаа ажээ.
Тийм учраас ирэх зургадугаар сарын нэгний өдрөөс эхлэн борлуулахаар төлөвлөжээ. Ингэхдээ үнийг нь хямдруулна. Өөрөөр хэлбэл, өвөл хэрэглэх түлшээ зун нь бэлтгэх айл өрхүүд илүү хямд үнээр түлштэй болох боломжийг олгохоор төлөвлөжээ.