Categories
мэдээ нийгэм

Б.Энхболд: Монгол Улсын төрийн алба том сорилтын өмнө ирээд байна

Улс төр судлаач, Улс төр судлалын докторант, Сингапурын Үндэсний Их сургуулийн харьяа Ли Куан Ю-гийн Төрийн Бодлогын сургуулийн Магистр Б.Энхболдтой ярилцлаа.


-Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэн, дагалдах дүрэм, журмуудаа баталж байна. Уг хуулийн хэрэгжилт хэр бодит үр дүнд хүргэх бол?

– Жозеф Стиглиц, Д.Ажемолу, Фрэнсис Фукуяама гэх мэт хөгжлийн онол судлаачид улс орнуудын хөгжилд төрийн инститүүцүүдийн чадавхи чухал нөлөөтэйг санал нэгтэйгээр баталдаг. Өөрөөр хэлбэл, төрийн алба мэргэшсэн, бодлого тогтвортой байх, Засгийн газар нээлттэй ил тод ёс зүйтэй бодлого явуулж засаглаж чаддаг байх тухай ойлголт юм. Шинэ Үндсэн Үндсэн хууль батлагдсан үеэс хойших энэ 27 жилийн хугацаанд 21 хүн Ерөнхий сайдаар ажиллаж, Засгийн газрын дундаж хугацаа 1.5 жил байснаас харахад ганц энэ хуулиар өргөс авах мэт асуудлыг шийдэх нь боломжгүйг харуулж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Намуудын тухай хууль, Захиргааны Ерөнхий хуульд бүрэн тодорхой орж чадаагүй хууль бусаар төрийн албан хаагчийг ажлаас нь халсан тохиолдолд хохирлыг тухайн шийдвэр гаргасан албан тушаалтан хүлээх зохицуулалтыг нарийвчлах гэх мэт цогц хууль эрх зүйн өөрчлөлт хийх шаардлагатай. Ийм улс төрийн сонгуулийн цикль, намуудаас хэт хамааралтай орчин нөхцөлд Төрийн албаны зөвлөл МЕРИТ зарчмыг сахиулан ажиллана гэдэг том сорилт юм. Мөн Цаашид багш эмч нараа салбар хуулиар гол харилцааг нь зохицуулдаг хэрнээ Төрийн албаны тухай хуулинд ёс төдий заалтууд оруулдаг. Үүний оронд бие даасан хуулиар зохицуулдаг бусад орны жишээг ч судлах шаардлага үүсэж байна.

-Төрийн албаны зөвлөлийн эрх хэмжээг нэмж өгсөн биш билүү?

-Шинэ хуулиар төрийн албаны зөвлөлд төрийн албан хаагчдын зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр нэхэмжлэл гаргах, албан тушаалтны хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох гэх мэт эрх хэмжээг нэмж өгсөн боловч сонгууль бүрийн дараа гарах гомдол, маргаан зөрчлөө бүрэн дийлж шийдвэрлэж чадах нь өөрөө эргэлзээтэй юм. Гол суурь нь дээр дурьдсан Үндсэн хууль, Намуудын тухай хуулийн хэмжээний асуудлууд байгаа учраас тэр. Төрийн албаны зөвлөлийн орон тоо хүн хүч нь хүрэлцэх эсэх асуудал ч яригдах байх.

-Таны бодлоор шинэ хуулинд дэвшилттэй ямар зохицуулалтууд орсон бэ?

-Ажлын гүйцэтгэл дээр нь тулгуурлан үнэлж дүгнэж урамшуулах, ажлын байрны шинжилгээ, хүний нөөцийн аудит хийж байх,олон нийт иргэдийн төлөөллөөс бүрдсэн хяналтын зөвлөл ажиллуулах, ажлын байрны тодорхойлолт боловсруулах нийтлэг журам боловсруулж буй зэрэг дэвшилттэй заалтууд орсон. Ажлын байрны шинжилгээ, аудит гэхэд л засгийн газрын бүтэц чиг үүрэг хир давхцалгүй зөв тодорхойлогдож хууль батлагдаж байгаа вэ гэдгээс бусад орнууд эхэлж төлөвлөж хийдэг. Манайд нэгэнт батлагдсан ЗГ, Яамдын бүтэц дээр ажлын байрны шинжилгээ хийх тухай яригдаж байна. Хамгийн гол нь энэ томоохон өөрчлөлтийн менежементийг шат шатандаа хэрэгжүүлэх, албан хаагчдын чадавхи ямар түвшинд байна вэ гэдгээс урган тэднийг давтан сургах бэлтгэх гэх мэт хийх асар их ажлын өмнө байна. Хууль журман дээр дурьдах нэг асуудал, яг амьдрал дээрээ түүнийг хэрэгжүүлэх боловсон хүчний чадавхи нь өөр асуудал юм. ОУ-ын байгууллагууд ялангуяа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр “Мэргэжлийн иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх нь” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь энэ тал дээр томоохон дэм тус болно гэдэгт итгэлтэй байна. ЗГ төрийн албаны зөвлөлөөс оны өмнө зохион байгуулсан шалгалтын дүнгээр төрийн нийт албан хаагчдын 60 хувь 1-5 жил ажилласан албан хаагчид эзлэж байгаа дүн гарсан. Гайхаад байх тоо биш л дээ. 2016 оны сонгуулийн дараа халсан 20 мянган албан хаагчдынхаа оронд авсан хүмүүсийн л тоо юм. Манай улсын зовлон энэ болоод удаж байна. Энийг шийдэх алхам хийж, МЕРИТ зарчим хуулиндаа оруулсан. Гэсэнч уг хуулийнхаа гуравдугаар зүйл дэх Төрийн албан тушаалд тавих тусгай шаардлага хэсэгтээ ажилласан жилийн хатуу босго тавьж өгснөөрөө Мерит зарчим, шатлан дэвшүүлэх буюу карьерын зарчим хоёрынхоо тэнцвэрийг алдагдуулсан.

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн гуравдугаар зүйлийн 23.2.3-д “ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд наймаас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд дөрвөөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх” гэж заасан. Тэгэхээр төрд заавал мэргэжилтнээр ороод ийм хэмжээний хугацаа зарцуулж байж ахлах түшмэл буюу яамны тасгийн дарга, дүүрэг, аймгийн засаг даргын тамгын газрын дарга, хурлын нарийн бичгийн дарга болно гэсэн үг. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хуулиа манайхан батлаад цөөнгүй жил болж байж “Гадаадын хөрөнгө оруулалтыг татъя”, “Томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлье” гэж байгаа энэ үед чадварлаг боловсон хүчнийг ийм хатуу босго тавих нь зохимжгүй. Өөрөөс нь доор боловсролтой ахлах мэргэжилтэн болон даргын доор ийм хугацаанд ажилла гэвэл хэдэн чадварлаг боловсон хүчин ажиллах бол. Тэд чинь бас өөрийн гэсэн үнэлэмжтэй хүмүүс шүү дээ.

-Солонгос, Япон гэх мэт өндөр хөгжилтэй орнуудал ч ажилласан жилийн өндөр босго тавьдаг шүү дээ?

-Манай улсын хувьд хүн ам цөөтэй, сонгуулийн циклээр улс төр нь савлаж байдаг ийм улсад төрийн албанд аль болох хувийн хэвшил, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагад ажиллаж байсан ч юмуу, гадаадад сурч ажиллаж байсан чадварлаг боловсон хүчин орж ажиллаж салхи оруулахыг дэмжиж байх ёстой. Зарим хүмүүс Солонгос, Японтой жишиж яг ийм шатлалаар олон жил зарцуулах ёстой гэж ярьдаг. Гэсэн ч ид хөгжлийнхээ эхэн үед уян хатан системтэй байж аль болох олон хүнийг гадаадад сургаж тэднийгээ хариуцлага үүрүүлэн албан тушаалд томилж байж хөгжсөн байдаг. Улс орнуудын хөгжлийн төвшин онцлог гэж их чухал харгалзах ёстой хүчин зүйл шүү. Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгыг харахад Мерит зарчмыг хадгалах гээд байгаа юм шиг харагдавч төрд олон жил болж, бугшсан алдаа ч гаргадаггүй, ажилч хийдэггүй бүр дарга сайддаа ч захирагдахгүй болж бүлэглэсэн, дунд шатны хүнд сурталтай дарга нарыг дэмжсэн зохицуулалт л болсон. Нөгөө талаар төрд тэдэн жил ажилласан байна гэж заагаад орхичихгүй заавал тийм зэрэг дэвийн ажил тэдэн жил хийж дэвшинэ гэж байгаа нь дөрвөн жил тутам савладаг улс төрийн онцлогтой савлагаатай улсад хэрэгжихгүй заалт болсон.

Хугацаанаас нь өмнө шатлан дэвшүүлж болох заалт ороогүй гэж үү?

-Энэ хуулийн 26.3, 23.2-т “Ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан төрийн албан хаагчийг үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ёс зүй, мэдлэг, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварыг харгалзан хугацаанаас өмнө шатлан дэвшүүлж болно” гэж зааснаас аваад үзэхэд мэргэжилтнээр төрийн албанд орж ажиллах хүн найман жил тасралтгүй дэвшин тогтвортой ажиллаж байж яамны хэлтэс, газрын дарга болохоор байна. Хамгийн хурднаараа амжилттай явахад шүү дээ. Яг хуулийн заалтаараа бол яамны газар, хэлтсийн дарга болоход 12 жил төрд ажилласан, үүнээс дөрвөн жил нь яамны тасаг албаны даргын түвшний ажил хийсэн байх ёстой. Энэ тавиад байгаа шаардлагуудыг хэн хангаж чадах вэ, тэд төрийн албаны томоохон шинэтгэлийг хийж үргэлжлүүлэхэд хангалттай тархиа цэнэглэж чадаж байгаа юу, хамгийн гол нь тийм хүсэл тэмүүлэл байна уу гэдэг том асуудал.

-Анхаарал хандуулахаар өөр ямар заалтууд байна вэ?

-Төрийн албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөн дээр ТАЗ-ын дарга Б.Цогоо “Төрийн албан хаагчдын нэгдсэн мэдээллийн санг шинэ хуулиар бүрдүүлж төрийн бусад байгууллагын хэрэгцээнд уг мэдээллийг ашиглах, стандарт шаардлага хангасан архитектурын нэгдмэл шийдэлд тулгуурласан, он-лайнаар мэдээлэл оруулах, хянаж засварлах, гаргах боломжтойгоор хийх болно” гэсэн нь чухал санаа хэлсэн. Нөгөө талаар цугларсан мэдээллийн санг зүй бусаар засварлах, ашиглахаас сэргийлжБЛОКЧЕЙН технологийг Сингапур,Япон гэх мэт орнууд нэвтрүүлж байгааг мөн бодолцох нь зүйтэй.

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулинд дордуулсан өөрчлөлт оруулсан гээд байгаа. Энэ тухайд?

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.7 дахь “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэж болох нь тогтоогдсон бол түүнийг тухайн албанд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан томилохоос татгалзах үүрэгтэй” гэсэн одоогийн заалт байсан юм. Гэтэл Төрийн албаны тухай хуультай холбогдуулж дээрх заалтыг өөрчлөн найруулахдаа 23.7-д “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэж болох нь тогтоогдсон бол АТГ илт ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдлын талаар энэ хуулийн 23.6-д заасан мэдэгдэлд тодорхой дурдана” гэж өөрчлөн найруулаад 23.9 дэх “Энэ хуулийн 23.7-д заасан тохиолдолд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд энэ хуулийн наймдугаар зүйлийг хэрэгжүүлж ажиллах талаар баталгаа гаргах бөгөөд түүнийг тухайн албан тушаалд томилох, эсэхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ”. 23.10 дахь “23.9-д заасан баталгааны маягтыг АТГ батална” гэсэн заалтуудыг цоо шинээр нэмсэн. Ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн АТГ ын дүгнэлттэй ч баталгаа, амлалт өгсөн маягт бөглөөд л ажилдаа томилогдож болохоор байгаа нь төрийн албаны ил тод, хариуцлагатай байх зарчмуудтай зөрчилдөж байгаа юм.

-“Аймаг нийслэл, сум дүүргийн хурлын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувь төрийн захиргааны албан тушаал эрхэлж болно гэсэн заалт Төрийн албаны тухай шинэ хуулинд хэвээрээ байгаа юу?

-Төрийн албаны шинэ хуулинд ийм заалт байхгүй. Харин 2017 оны арванхоёрдугаар сарын 7-нд шинэчилсэн найруулга батлагдсанаар хуучин хуульд оруулсан өөрчлөлт хүчингүй болсон. Харин Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 10.5-д нэмэлт өөрчлөлт оруулсан заалт болох “Аймаг нийслэл, сум дүүргийн хурлын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувь төрийн захиргааны албан тушаал эрхэлж болно” гэсэн заалт хэвээрээ байгаа. Гэхдээ Төрийн албаны хуулиа дагах ёстой. Энэ талаар хуульчид тодорхой тайлбар өгөх шаардлага бий.

-Чадварлаг төрийн албатай болоход ямар гарц байж болох вэ. Судлаач хүний хувьд гадаадын сайн туршлагаас хуваалцахгүй юу?

-Төрийн албаны МЕРИТ зарчмыг ёс төдий хуульчилж болохгүй. Харин уг зарчмыг зөрчигчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэж байж Сингапурын мэргэшсэн төрийн албаны систем бүрэлдсэн байна. Төрийн алба нь нэр хүндтэй, улс орныхоо хөгжлийг нийгмийн хөгжилтэй уяж, шинэчлэлийн араас чирэгдэх бус харин ч байнгын тогтвортой манлайллыг үзүүлж байдаг Сингапурын төрийн албаны туршлагаас хэдэн санаа дурьдаж, гарц эрэлхийлье л дээ. Нам, төрийн алба хоёрынхоо үйл ажиллагааг заагласан шиг зааглаж, хэн чадвартай, хэн шалгалт шүүлгээ давж өөрийгээ тасралтгүй хөгжүүлж чадсаныг нь л төрийн албанд ажиллуулдаг. Тус улсад Төрийн албаны богино хугацааны мэргэжүүлэх коллеж гэж бий. Төрд ажиллаж буй нийт 124 мянган албан хаагчдаа байнгын сургалтанд хамруулж, зөвлөлгөө өгдөг тус коллеж нь засгийн газрынхаа харьяанд байдаг. Дотоод нөөц бололцоогоо ашиглаад зогсохгүй дэлхийн бусад улс орнуудтай хамтарч төрийн албан хаагчдад хууль эрх зүйн үйлчилгээ, зөвлөлгөө, манлайллын үйлчилгээ үзүүлдэг юм. Энэ коллежийн сургалт сайн байж, төрийн албан хаагчдаа нийгмийн ч, технологийн ч шинэчлэлд тасралтгүй бэлтгэх нь, Сингапурын төрийн албаны нүүр царай, хөгжил дэвшил, ёс суртахууны төлөвшил нь болж өгдөг.Шинэ хуулиар Удирдлагын Академийг энэ чиглэл рүү оруулж байгаа нь зөв шийдэл. Харин Төрийн албан хаагчдыг дан ганц Удирдлагын Академи сургана гэж туйлширвал буруу. Хувийн хэвшил, ОУ ын байгууллагуудаас ч мөн гэрээгээр сургалт захиалан хийлгэдэг бусад орны жишгийг харгалзах хэрэгтэй. Тэгж байж цаг үетэйгээ нийцсэн шинэлэг сургалтын хөтөлбөр бий болно.

-Сингапур улс төрийн албан хаагчдаасаа ямар ур чадвар шаарддаг юм бол?

-Тус улсад хэчнээн мундаг Ерөнхий сайд, сайд, дарга байсан ч төрийн алба гэдэг систем нь сайн ажиллаж өгөхгүй бол мотор нь доголддог машин л гэсэн үг гэдгийг ч сайтар ойлгосон байна. Өөрөөр хэлбэл, чадварлаг төрийн алба бол Сингапурын зүрх юм. Манай улсын хувьд ч үүнтэй агаар нэг байх ёстой. Тухайн улс орны хөгжлийн нэг тулгуур багана ньчадварлаг төр юм. Тиймээс ч төрийн албан хаагчдаасаа дараах чадваруудыг шаарддаг. Төрдөө авьяас чадвартайг нь шилж сонгон ажиллуулаад тодорхой хугацааны дараа өөр дүйцэх ажилд сэлгэдэг. Ажил дээрээ ахиц гаргасан ур чадварын түвшинг нь хагас жил бүр дүгнэн урамшуулал олгох, албан тушаал бууруулах, дэвшүүлэх шийдвэр гаргахдаа заавал харгалздаг тогтолцоотой. Зөвхөн цалин олгоод зогсохгүй эдийн засгийн нөхцөл байдалдаа тохируулан дунджаас арай өндөр хангамж өгнө. Харин хяналтыг маш сайн тавьж чаддаг тогтолцоотой. Итгэл бас хариуцлага алдвал очих газар нь тодорхой гэдгийг ойлгуулсан шиг ойлгуулна. Мөн эдийн засгийн ийм, тийм онол, зөв, буруу гэж эцэс төгсгөлгүй маргахаасаа илүү, “Энэ бодлого шийдвэр манай улсад хэрэгтэй юу? хэрэгтэй бол хэрэгжүүлье” гэсэн ажил хэрэгч тууштай зан чанар байх ёстой гэж үздэг. Дээрээс нь хууль дээдлэх, авлигалаас ангид байх шаардлага бол хамгийн хатуу мөрддөг зарчим нь. Үүн дээр нэмээд Төрийн түвшинд шийдвэр гаргах албан тушаалтнуудаасаа давхар хэд хэдэн зарчмыг шаарддаг. Тулгарсан асуудлуудаа нисдэг тэрэгнээс харж байгаа юм шиг тоймлон, тод томруун, өргөн хүрээ, ирээдүйн хөгжлийн чиг хандлагаар нь харж чаддаг байх. Тоймлон харж чадсан төлөвлөгөөгөө задлан дүгнэж аюул эрсдэл, нөөц боломжоо тооцож чаддаг, тулгарсан асуудлаа шийдэх гарцыг өөр өнцөгөөс шинэ хандлагаар төсөөлөн харж чаддаг байх нь чухал. Гаргаж буй шийдвэр дүгнэлт нь хөрсөн дээр буусан, уянгын халил багатай, бодит үр дүн авчирсан байхыг шаарддаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *