Categories
мэдээ нийгэм

​Ном бол бодлын эм

Ном гадна талаасаа ердөө л ирмэгийнхээ дагуу бэхлэгдсэн, голдуу хавтаслагдаж, дээр нь бичиг бичсэн цаас болон бусад эдийн цуглуулга юм. Харин доторхыг нь нээгээд үзвэл ертөнцийн олон сонин хачин, хүн хүний өөр өөр үзэл бодол,сэтгэл уярам хайрын түүхүүд, амьдралын эрээн мяраан өнгө алагласан туужууд бий. Ном уншина гэдэг оршин буй тэр агшинаасаа тасарч төсөөлөл болон бодит оршуйн тийм гэж оноож хэлэхийн аргагуй манан дунд хөвөх шиг мэдрэмж. Тэгж хөвөх зуураа тоо томшгүй олон мэдлэг, мэдээлэл дээрх дүн шинжилгээ, өөрийн хэзээ ч туулж байгаагүй амьдралыг туулсан мэт туршлагыг олж авахыг хэлнэ. Ном таныг луутай тулалдуулж, амьдралын тань хайртай учруулж,хүний нинжин сэтгэл хүнлэг ёсыг дээдлэх ухааныг зааж өгнө. Ийм мэдрэмжийг авах нь нэг нэгнээсээ дээр гарах гэж өнгө мөнгөний араас завгүй гүйж, хараагаа муутган байж өдөржин цахим ертөнцөөр хэсүүчлэхээс хамаагүй сайхан биш гэж үү. Эрх баригч дээд байгуулага нь албан тушаалын хэрүүл тэмцэл хийж, энгийн иргэд нь чухам л улс төр ярьсан уур уцаартай хүмүүс болж хувираад удлаа.Санаа зовоодог олон асуудлуудыг шийдэхэд бидний оруулах хувь нэмэр нь бид өөрсдийнхөө оюун, тархийг хөгжүүлэх явдал билээ. Ном их уншдаг хүн үхэхээсээ өмнө 1000 өөр амьдралаар амьдардаг. Бид тэр 1000 амьдралын сонин сайхан, ухаарч мэдсэн зүйлсээ бусадтай хуваалцах боломж бий. Түүний нэг нь “номын клуб”. Манай улсад цөөхөн номын клуб байдгаас тогтмол, өргөн хүрээтэйгээр үйл ажиллагаагаа идэвхтэй явуулдаг нь “Тархи цэнэглэгч” номын клуб юм. Энэ клуб:

Ном сонирхон уншигчдын найз нөхдийн хүрээллийг тэлж тэдгээр залуустай мэдээ мэдээлэл солилцох, ном уншдаггүй залуусыг ном уншихад сэдэлжүүлэх, номтой холбоотой уулзалт семинар зохион байгуулах зорилготойгоор 2014 оны 4 сараас үйл ажиллагаа явуулж буй юм. Нийгмийн сайн сайхны төлөө хэсэгхэн залуус сайн дураараа ийм ажил хийж байгаа нь магтууштай хэрэг. Тэдний хичээл зүтгэлийн үр шимээр клубын нэг удаагын уулзалтанд 100-120 хүн ирдэг болсон аж. Номын сан бол бодлын эмнэлэг харин номин клуб бол хэрхэн эдгэрснээ бусадтай хуваалцах газар. Тиймээс өнөөгийн стресстэй нийгмээс холдож тархи оюунаа тэжээж мэдлэгтэй иргэн болох зорилго тавин ном уншиж, уншсан номоо бусадтай хуваалцаж сурцгаая.

Б.Цэндсайхан

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *