Токио хотод үргэлжилж буй мэргэжлийн сумо бөхийн Хацү башёг 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал 10 даваатай ганцаараа тэргүүлсэн хэвээр байна. Харин аваргын араас Тамаваши Б.Мөнх-Оргил, Чиёонокуни нар найман даваа, хоёр унаатай удаалж байна. Хацү башёгийн дээд зиндааны 10 дахь өдрийн барилдаанд манай бөхчүүдээс Сэкиваке Тамаваши Б.Мөнх-Оргил, Нишикигигээр найм дахь даваа авч 50 хувийн амжилтаа үзүүллээ. Тамаваши өмнөх өдөр нь Озэки Такаясүг давсан бөгөөд өнөөдөр Котошёогикүтэй барилдахаар оноолт таараад байна. Энэ башёгийн 10 дахь өдөр Ичиножёо А.Ичинноров Миёгорюүд, Чиёошома Г.Мөнхсайхан Кагаякүд ялагдсан юм.