Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Монголын номын сангуудын консорциумтай хамтран зохион байгуулсан “Мэдээллийн технологи ба номын сан” сэдэвт сургалтын хаалтын ажиллагаа Соёл, урлагийн газрын хурлын танхимд боллоо. Хаалтын ажиллагаанд Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Н.Мөнхзул нар сургалтад хамрагдсан номын санчдад сертификат гардуулав. Энэхүү 14 хоногийн сургалтыг онлайн болон танхим хосолсон хэлбэрээр “Номын сан дахь мэдээллийн технологийн чиг хандлага”, “Интернет дэх мэдээллийн эрэлт хайлт”, “Цахим мэдээллийн бүрдүүлэлт, зохион байгуулалт, хадгалалт”, “Цахим мэдээллийн түгээлт” гэсэн үндсэн агуулга, сэдвийн хүрээнд зохион байгуулжээ. Оролцогчдын түвшинг тогтоох, онлайнаар олгосон шинэ мэдлэг, мэдээллийг танхимын сургалтаар бататгаж, хамтран ярилцах, хэлэлцүүлэг хийх, багаар ажиллах зэргээр сургалтын олон хэлбэрийг ашиглаж ажилласнаар номын санчдын идэвх, оролцоо нэмэгдсэн практик ач холбогдолтой болсныг зохион байгуулагчид хэлж байна. Мөн номын санчдад нөөц бололцоогоо ашиглан бие даан суралцах, номын сангууд харилцан туршлага солилцох, суралцах боломжийг бүрдүүлсэн гэж оролцогч, номын санчид санал сэтгэгдлээ хэлж, талархал илэрхийллээ.