Categories
мэдээ цаг-үе

Хүрэлсүхийн шинэчлэл үнэн эсэх нь Хотын даргыг батламжлах эс батламжлахаас мэдэгдэнэ

У.Хүрэлсүх улс төрийн шинэчлэл ярьж, хариуцлага тооцно гэсэн малгай дор Хотын даргыг огцруулж, УИХ-ын даргыг ажлаа өгөхийг шаардаж байгаа. Энэ үйлдлээ улс төрд шударга ёс, шинэ жишгийг тогтоох баатарлаг үйлс хэмээн ярьж, хэлж буй. Түүний гэнэтийн энэ үйлдлийн дүнд энэ их утаа униар, ханиад томууны үед нийслэл хот сар гаруй эзэнгүй байв. Эцэст нь дуншсаар байсан хотын даргын сонгуулийн тов өнгөрсөн лхагва гаригт зарлагдсан юм. Хотын намын дарга Д.Сумъяабазар ИТХ-ын дарга С.Амарсайхныг Хотын даргаар томилох үүргийг ИТХ-д өгсөн. Удирдах зөвлөлөөс нь ч ийм чиглэл өгсөн юм. Гэвч НИТХ-ын төлөөлөгчид Хотын намын даргынхаа үүрэг, чиглэлийг үл тоомсорлон НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууныг томилоодхов. МАН-ын гишүүн С.Мөнхчулуун нь Хотын даргын сонгуульд заалнаас өөрийн нэрээ дэвшүүлсэн юм. Сонгогдож гарч ирэх нь ардчилсан үйл явц гэж үздэг. Ямартаа ч тэрээр Хотын дарга болж гарч ирсэн.

Харин С.Мөнхчулууныг Хотын даргад батламжлах эсэх нь Ерөнхий сайдын эрхийн асуудал байдаг. Сонгуулиар олонхын санал авсан түүнийг нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилуулах тогтоолыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өчигдөр өргөн барьсан аж. Түүнийг ямар шийдвэр гаргах эсэхийг түмэн олон амьсгаа даран чагнаж байгаа.

Учир нь С.Мөнхчулууныг Хотын даргад батламжлах үгүйгээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үнэхээр ардчилал, шинэчлэлийг хүсч байгаа эсэх нь мэдэгдэнэ. Хэрэв зээ элдэв шалтаг тоочин батлахгүй буцаавал өөрсдийнхөө хүмүүсийг албан тушаалд хүргэх гэж жүжиг тавьж төрийн албаар тоглож байсан нь ойлгомжтой болж таарах юм.

О.АРИУНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *