Гахайн африкийн мялзан өвчин гарч холбогдох байгууллагууд өвчиний шинж тэмдэг илэрсэн гахайнуудыг устгалд оруулаад байгаа юм. Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Б.Түмэндэмбэрэлээс энэ өвчний талаарх зарим зүйлийг тодрууллаа.
-Өвчин гараад багагүй хугацаа өнгөрлөө. Мэргэжлийн байгууллагууд одоо ямар ажил хийж байна вэ?
-Монгол Улсын хэмжээнд Баян-Өлгий аймгаас бусад 20 аймагт 31800 гахай, Улаанбаатар хотын эргэн тойронд 7000 гаруй гахай байна. Өвчин гарсантай холбогдуулан Улсын онцгой комисс хоёр удаа хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргасан. ХХААХҮ-ийн сайдын тушаалаар ажлын хэсэг гарч, ажлын хэсгийг миний бие ахлаад явж байна. Өнгөрсөн баасан гарагт ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан болж, тодорхой шийдвэрүүдийг гаргасан. Хурлын шийдвэрээр лабораторт дээж авсан бүтээгдэхүүнийг эцсийн байдлаар дүгнэж цаашид худалдаанд гаргах, эс гаргах эсэхийг шийдвэрлэж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 140 цэгээс 3389 кг гахайн африкийн мялзан өвчний үүсгэгч илэрсэн бүтээгдэхүүнийг хураан авч устгалаа. Улаанбаатар орчимд 168 гахайг зориудаар устгаад байна, устгах ажил одоо ч үргэлжилж байгаа. 755 цэгийг лацадсан байсныг өнөөдрөөс /өчигдөр/ чөлөөлж байна. Маргаашаас /өнөөдөр/ худалдаа үйлчилгээний байгууллагууд хэвийн ажиллаж эхэлнэ.
-Та бүхнийг ажиллаж байх хугацаанд олон нийт гахайн мах, өөхний орцтой бүтээгдэхүүнийг хэрэглэж болохгүй гэсэн айдас байна. Таны өгсөн мэдээллээр бол энэ өвчин нь хүнд халдахгүй гэж ойлгож байгаа?
-Хүн энэ өвчнөөр өвчилдөггүй. Хүн дамжуулагч болж хувирдаг тул хувийн ариун цэврийг сахих хэрэгтэй. Гахайн аж ахуйд ажиллах, гадаадад зорчих бол гахайн фермэрээр орохгүй байхыг анхааруулж байгаа. Гахайн махаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийг лабораторийн шинжилгээний дүнг үндэслэж устгах ажлыг хийж дууссан. Дэлгүүр, худалдааны төвүүдэд гахайн махаар халдварласан бүтээгдэхүүн байхгүй.
-Нийтийн хоол, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид маань энэ шалгалтад хэрхэн хамрагдав?
-Би дээр дурьдсан. Улаанбаатар хотын хэмжээнд 755 цэгийг лацдаж, шинжилгээнд хамруулсан гэж. Мэдээж үндэсний үйлдвэрүүдэд хэрэглэгчид маань итгэж болно. Тухайлбал, Мах Импэкс ХК-иас авсан дээж л гэхэд бүгд сайн гарсан байх жишээтэй.
-Гахайн мах импортлогч компаниуд бүтээгдэхүүнээ хаанаас оруулж ирдэг юм бэ. Энэ өвчнийг импортын махаар дамжин орж ирсэн гэх хардлага байна?
-Гахайн махан бүтээгдэхүүн, хуйхыг Европын орнууд тэр дундаа Украйн, Герман, Польш зэрэг улсаас оруулж ирдэг. Мөн БНХАУ-аас ч оруулж ирж байгаа. Бид лабораторийн дүн шинжилгээг үндэслэхээс гадна мөрдөн мөшгиж гарал үүслийг нь тодорхойлж байгаа. Хэрвээ эрүүл бүтээгдэхүүн импортолж байгаа аж ахуйн нэгжээс худалдаж авсан, үүнийгээ тодорхойлж чадаж байвал асуудалгүй. Энэ өвчний тархалтыг бид импортын махнаас үүссэн гэж үзэж байгаа. Албан ёсны зөвшөөрөлгүй УАЗ 469 машинд нууж оруулж ирж байгаа гарал үүсэл нь тодорхойгүй гахайн махан бүтээгдэхүүнээс энэ өвчиний тархалт ихэссэн.
-Тэгэхээр та Хятад улсаас орж ирсэн гэж хэлэх гээд байна уу?
-Тодорхой хэлж чадахгүй. Хятад улсад 68 цэгт өвчлөлтэй байгаа.
-Шинжилгээний хариунуудыг аж ахуйн нэгжүүдэд хүргүүлчихсэн гэсэн үг үү. Албан ёсоор хэзээ мэдээлэл хийх вэ?
-Шинжилгээний хариунуудыг хүргүүлсэн. Маргааш /өнөөдөр/ албан ёсоор мэдээлэл өгнө.
Г.БААТАР