Categories
мэдээ нийгэм

Үндэсний хувцсаараа гоёлоо

Өнгөрсөн баасан гаригт Хууль сахиулахын их сургуулийн сар шинийн баярыг угтсан “Дээлтэй Монгол” өдөрлөг боллоо. Өдөрлөгт тус сургуулийн есөн салбар сургуулийн 3000 гаруй багш ажилчид, сонсогчид оролцсон юм. Энэ арга хэмжээ нь 2013 оноос хойш уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн. Нээлтийг тус сургуулийн морин хуурын хамтлаг, үндэсний хөгжим, ерөөл магтаал хайлах тоглолтоор эхлэв. “Дээлтэй Монгол” өдөрлөг сургуулийн багш ажилчид, албан хаагч, сонсогч, суралцагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, үндэсний уламжлалт хувцсаа сурталчлах, өв уламжлалаараа бахархах ухамсрыг төлөвшүүлэх, таниулах, өвлүүлэх зорилготой. Энэ үеэр Хууль сахиулахын их сургуулийн цэргийн зохион байгуулалтын албаны дарга, Цагдаагийн дэд хурандаа Х.Ууганбаяр хэлэхдээ “Цэрэг, цагдаагийн алба хаагчид бид тэр болгон үндэсний дээл хувцсаараа гоёод, өмсөөд байж чаддаггүй. Аливаа улс үндэстний хувьд гол бахархлын нэг нь үндэсний хувцас нь байдаг. Тиймээс бид багш ажилчид, суралцагч сонсогчиддоо үндэсний хувцсаараа гоёх, бахархах, омогшихүзлийг төрүүлэх зорилготой энэхүү арга хэмжээг 2013 оноос жил бүр зохиож ирлээ. Үүнээс гадна уламжлалт тоглоом наадгай, үндэсний тэмцээнүүдийг зохиодог онцлогтой. Жил бүр хүмүүсийн оролцох идэвх нэмэгдсээр бүрэлдэхүүн сургуулиудын бүх оюутан, багш ажилчдыг хамран 3000 гаруй хүн ач холбогдол өгч, оролцож байна. Энэ нь манай сургуулийн бас нэгэн том баяр болж харагдах болсон. Салбар сургуулиудаасшалгарсан шилдэг хувцас, шилдэг оролцогчид хоорондоо өрсөлдөн шилдгийн шилдгийг шалгаруулна. Орчин үеийн хэв загварт оруулан дээлийг маш олон загвараар хийдэг болж. Дээр үеийн Чингисийн баатруудын хувцаслалтаар хувцаслаж ирсэн хүмүүс ч байна. Мөн бид мэргэжил болон тусгайлсан чиг үүргийн дагуу олон уралдаан тэмцээнийг явуулдаг. Спорт, хууль зүйн улс хотыг хамарсан олон тэмцээн уралдаанд манай багш сонсогчид амжилттай сайн оролцдог” гэв. Үндэсний дээл хувцсаараа гоёхоос гадна сур харваа, шагайн харваа, шаант цохих, ерөөл магтаал хайлах зэрэг олон төрлийн үндэсний хэв маягийг харуулсан тэмцээн боллоо.

Дашрамд дурдахад Хууль сахиулахын их сургуулийн үүдэнд “Иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх газар” байршдаг. Энд багш сонсогчид хамтран иргэдэд хуулийн хүссэн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *