Categories
мэдээ спорт

Жозе Моуриньо анир чимээгүй алга болдог хүмүүн биш

Португаль мэргэжилтэн Английн “Манчестер Юнайтэд” багийн ахлах дасгалжуулагчын албан тушаалаасаа хусагдаад сарын хугацаа өнгөрсний дараа анхны ярилцлагаа beIN SPORTS теле сувагт оролцсон нэвтрүүлгээр цацлаа. Моуриньо өөрөө топ дасгалжуулагч, нэмээд ярилцлага нь бас үргэлж топ байж бусдын анхааралд шууд өртдөг агаад энэ удаагийнх ч уламжлалаа алдсангүй. Гэхдээ уг ярилцлага эхлэхийн өмнө Жозе сүүлчийн ажил олгогчийнхоо талаар ярихгүй гэдгээ тохирсон бололтой, “МЮ”г муулсан ч үгүй, сайлсан ч үгүй. Тэр “МЮ”-гээс “гэнэт халагдсаны” төлбөр хэмээн өчнөөн сая фунт стерлинг авчихсан хүн гэрээ ёсоор нэг хэсэгтээ сүүлчийн ажлын байрныхаа талаар үг цухуйлахгүй гэдэг дүрмээ сахьсан байна лээ. Энэ дор түүний ярилцлагын сонирхолтой хэсгүүдийг нь толилуулъя.


-Ноднин жил “МЮ”-гийн хамт Премьер Лиг-т хоёрдугаар байр эзэлсэн минь миний асар том амжилтуудын нэг гэж боддог. Та намайг галзуурчээ гэж бодож магадгүй. “Энэ залуу дэлхийн шилдэг лигүүдэд дасгалжуулагчаар ажиллах хугацаандаа 25 төрлийн хэргэм хүртчихээд жирийн нэг хоёрдугаар байраа шилдэг нь гээд байдаг, галзуурчихаж” хэмээн тунгааж байна уу. Асуудлын гол нь ямар нөхцөлд, жирийн хүмүүсийн нүднээс далд, хөшигний ард өрнөх үйл явдалтай хамт уг амжилтыг олсон юм шүү гэдэгт байгаа юм.

-Өө би дасгалжуулагчийнхаа ажлыг үргэлжлүүлээд хийнэ ээ. Хэдэн долоо хоногийн дараа 56 нас хүрлээ. Хөлбөмбөгийн ертөнцөд шумбаад удаж байгаа ч гэлээ харьцангуй залуу нас шүү. Би бас топ дасгалжуулагч. Тиймээс тэр дээд түвшиндээ л баг дасгалжуулна.

-Хүмүүс намайг Салахыг зарсан дасгалжуулагч гээд бичээд, яриад байх юм. Биш ээ. Би Салахыг худалдаж авсан дасгалжуулагч байхгүй юу. Бид “Базель”-тай тоглож байхад түүнийг хараад шууд л дурласан. Тэгээд багийн удирдлагыг энэ хүүхдийг худалдаж авах хэрэгтэй гэдэгт итгүүлж Лондонд авчирсан хүн чинь би юм шүү дээ. Даанч тэр үед түүний байрлал дээр Виллиан, Азар хоёр тоглож байсан. Салах анх ирэхдээ довтлогч биш, хагас хамгаалагчийн байрлалд тоглодог байлаа. Хүүхэд наснаасаа мултраад удаагүй байна, Лондонд дасга, талбайд өнгөрөөх цагийг нь бага, багаар нэмнэ гэсэн тактиктай байсан ч Салах үргэлж тоглуулж байхыг хүссэн. Тиймээс эхний ээлжинд Итали руу зээлээр явуулчихъя гэж шийдсэн. Харин дараа нь багийн удирдлага боломжийн үнэ сонсоод зарчихсан байна лээ. Надад хамаагүй шүү. Тиймээс би Салахыг худалдаж авсан хүн болохоос биш зарсан нь бол лав биш. Гэхдээ энэ бүх адал явдалаас хожсон нь Салах биз дээ.

-Үнэнч, найдвартай, итгэл даах хүмүүсийн нэг нь гэж Дрогбаг хэлнэ. Би түүнийг “Марсель”-аас авчрах үед Дрогба тийм бас залуухан настай байгаагүй юм шүү. Абрамович надаас асууж байна “Та хэнийг довтолгоондоо тавьмаар байна” гэж. Лут том, мундаг довтлогч нарын нэрийг дурдах үед нь би надад Дрогба хэрэгтэй байна гэлээ. “Хэн гэнэ ээ, хаана тоглодог юм бэ” гэж асуулаа. “Мистер Абрамович олон юм асуугаад хэрэггүй ээ. Мөнгөө л төл” гэж би хариулж байлаа. Дидье олон жил “Челси” багийн шүтээн байж Премьер Лигийн чимсэн дээ.

– Хөлбөмбөгчид асар их эмзэг, нялх, нялзгай болж байна. Хэрвээ андуураагүй бол сэр Фергюсон тээр жил Бекхэмийг “Реал”-руу явах хүсэлтээ хэлэхэд “ тоглогч өөрийгөө багаас дээгүүр гэж бодож эхэлбэл шууд зайлуул” гэж хэлж байсан гэнэ лээ. Одоо тэгж болохгүй болчихсон. Намайг бага байхад аав маань нэг евро өгөөд сонин худалдаж аваад ирээ гэсэн бол би хариултыг нь өөртөө үлдээж болох уу гэж асуугаад гүйх байлаа. Одоо би хүүдээ тэгж хэлбэл “ яагаад би явах ёстой юм бэ” гэж асууна. Аав нь ажил ихтэй байна гэж хэлэхээр “ажлаа дуусгачихаад таван минутын дараа та гарч болно шүү дээ” гэх мэтийн. Дараа үеийнхэн маань өөрчлөгдөж байна.

-Миний алба хашсан багууд дотроос хамгийн супер нь “Интер” байсан. “Сери А”-г төсөөлөшгүй өндөр оноотой тэргүүлж Аваргуудын Лигт тухайн үеийн шилдэг баг “Барселона”, “Бавари” багуудын ээлж дараалан унагаад аваргална гэдэг хожим дурсахад гайхамшигтай мөч биш гэж үү.

-Хүмүүс Роналду юу, Месси юу гэж дандаа асуух юм. Тэдний эрин үед хөлбөмбөг үзэж байна шүү гэдгээрээ бахархах хэрэгтэй. Сайн,лут мундаг хөлбөмбөгчид нэг, хоёр жил гэрэлтэх тохиолдол байна аа. Харин тэр хоёр шиг олон жил өндөр түвшинд тоглодог нь байхгүй. Би жишээ нь Роналдуг дасгалжуулж байхдаа хорвоогийн хамгийн аз жаргалтай дасгалжуулагч байлаа. Харин Мессигийн багийн эсрэг тоглох төхөөд ирмэгц олон хоног тактик боловсруулж нойроо хугасалж өнгөрөөдөг л байв.

Бэлтгэсэн Д.БАТ-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *