УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар ЖДҮХС-гийн зээл олголтыг шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа холбоотой асуудлаар гишүүн асуулт тавьж, үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
-Улс төрийн зорилго байгаа учраас ноцоод байна гэж үзээд байдаг юм билээ. С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэргийг шүүхээр шийдсэн. Энэ асуудлаар Хуульзүйн байнгын хорооноос гаргасан саналыг яагаад оруулж ирэхгүй байна вэ, М.Энхболд дарга аа. Тийм шаардлага байгаа талаар урт хугацаанд гуйж, гувшиж байгаа. Миний ярьсаныг худлаа гэж нэг ч хүн хэлэхгүй байгаа. Хүний эрх, өмгөөлөх эрх хөндөгдсөн ноцтой асуудлаар их удаан явж байна. Та “Эрдэнэт”-ийн 49 хувиар ажлын хэсэг байгуулсан гээд та яриад байна лээ. Ажлын хэсгийн дүгнэлтийг та нар өрөөндөө засах гэж оролдсон. Бүгд баримттай асуудал. Намайг энэ хоёр асуудлаар их ярьдаг гэдэг юм. Би цөхрөлтгүй ярина.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:
-Засгийн газрыг огцруулах үндсэн шалтгаан “ЖДҮ”-тэй холбоотой байсан. Та “ЖДҮ”-чидтэй яс махандаа тултал үзнэ гэсэн. Гэтэл та улаан цайм хамгаалаад үлдсэн, өнгөрсөн долоо хоногт.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
-Би хамгаалаад байсан зүйл байхгүй. Намын бага хурал дээр би “ёсзүйн хувьд огт уучлахгүй” гэсэн. Дэд хороо таван гишүүний бүрэлдэхүүнтэй. Нэг удаад аваад үлдье гэсэн. УИХ-ын л шийдвэр шүү дээ. Олон гишүүний нэр дурдагдаад байдаг, сугалж дөрвөн гишүүнийг оруулж ирсэн.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:
-Дөрвөн гишүүний нэг нь яллагдагчаар татах тогтоол дээр гарын үсэг зурсан, бусад нь зугатаагаад байна юм билээ. Тэгэхээр таны шийдвэр биелэх боломжгүй болоод байна.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
-Дөрвүүлэнг нь нэг нэг удаа гэрчээр байцаасан үе байсан. Энэ гишүүдтэйгээ уулзаагүй, яллагдагчаар татаагүй байхдаа Ерөнхий прокурор саналаа оруулж ирсэн. Яллагдагчаар татах тогтоол үйлдээгүй байж асуудлаа өргөн барьсан байсан.
УИХ-ын дарга М.Энхболд:
-С.Зоригийн хэргийн асуудлаар түр хороо байгуулах саналыг Л.Болд гишүүн гаргасан. 11 дүгээр сарын 07-ны өдөр таван хүн тэр санаачлага дээр гарын үсэг зурсан. Би 11 сарын сарын 17-нд хүлээж аваад Хуульзүйн байнгын хорооны хуралдаанд шилжүүлсэн. Хуульзүйн байнгын хороо 11 дүгээр сарын 27-ны өдөр энэ асуудлаар хуралдаж, хэлэлцэх байсан. Гэвч Л.Болд гишүүн хуралдаандаа ирээгүй.
“Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудлаар миний өрөөнд л лав ямар нэг зүйл хэлэлцээгүй. Харин ажлын хэсгийн гаргасан тогтоолын төслийг батлах ёстой гэж би дараалалд оруулаад өгсөн.
Засгийн газар УИХ-ын тогтоолыг хэлэлцэх тал дээр удаашралтай байгаа. Энэ асуудлыг Засгийн газар дээр хэлэлцэхгүй байгаа талаар Я.Санжмятав гишүүн надад хэлсэн. Шүүх хурал дээр үнэн бодит байдлыг тайлбарлах хэрэгтэй байх гэж бодож байна. Үүнд УИХ-ын удирдлагыг нялзаах шаардлага байхгүй.
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.