Цахим сүлжээнд өчигдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт “А” хүрээний H1N1 томуугийн вирусээр өвчилсөн хүмүүс ихээр ирж өдөрт наймаас арван хүн нас барж байгаа гэсэн мэдээлэл цацагдаж, олныг цочирдуулсан. Энэ талаар УНТЭ-ийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Цэцгээ өчигдөр өглөө мэдээлэл хийх үеэрээ “А хүрээний H1N1 вирусээр өвчилсөн, нас барсан тохиолдол бүртгэгдээгүй, сошиал орчинд яригдаж байгаа шиг H1N1-ийн халдвараар хүн нас барсан тохиолдол гараагүй. Ингэж худлаа мэдээлэл тарааж, иргэдийг түгшээж болохгүй” гэсэн юм. Гэхдээ түүнийг ийн мэдээлэл хийсний дараа хүмүүсийн шинжилгээний хариу гарч, зургаан хүнээс А хүрээний H1N1 вирус илэрч, архаг хууч өвчтэй байсан нэг хүн тус вирусээр халдварлаж, нас барсан тохиолдол бүртгэгдсэн байна. Нас барсан өвчтөн цусны хавдартай байсан талаар өөр эх сурвалж мэдээлсэн юм.