Categories
мэдээ улс-төр

Хотоо бид хэнээр л удирдуулах гээд байна даа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөд 35 хоножээ. Нийслэл хот маань сар гаруй хугацаанд эзэнгүй айл мэт байсаар байна. Утааны асуудал нийгмийг бухимдуулж, ханиад томуу тартагтаа тулж, дүүргийн эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй, өвдсөн хүүхдүүдээр хахчихсан энэ үед хотын албатууд тодорхой шийдэлд хүрч чадахгүй өдөр хоног өнгөрсөөр л. Ямартаа ч ирэх лхагва гаригт хотын даргыг сонгох эсэх асуудлыг хэлэлцэхээр болсон. Нийт дөрвөн ч хүн хотын даргад горилж байгаа нь тодорхой болоод буй.

Түүний нэг нь нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан юм. МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Амарсайханы нэрийг Нийслэлийн Засаг даргад батламжлан илгээсэн ч Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг түүнийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн юм. Түүнийг дэмжиж нэрийг нь дэвшүүлсэн хүн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан. С.Амарсайхан өдгөө эгээтэй л хотын дарга болчихсон мэт албан тушаалын хуваарилалт хийгээд эхэлсэн гэх яриа чих дэлсэх болсон. Мөн өөртэй нь хүч тэнцүү өрсөлдөж, магадгүй хотын дарга ч болохыг үгүйсгэхгүй гэж бодсон хүмүүсээ холдуулах арга саам хайсан гэх. Тухайлбал, хотын даргад өрсөлдөх боломжтой Улаанбаатар хотын захирагчийн орлогч, Баянзүрх дүүргийн Засаг даргаар тус тус ажиллаж байсан Б.Мөнхбаатарыг Барилга, хот байгуулалтын дэд сайд болгож, өөрийнхөө замын зассан гэлцэж байна. Энэ мэтчилэн тэрээр замынхаа чулууг түүсээр л яваа юм байх. Нэг зүйлийг онцлоход С.Амарсайхан нь Хотын даргаар сонгогдвол хотын үйл ажиллагаанд Ерөнхийлөгчийн нөлөө шууд нэмэгдэнэ гэдэг. Учир нь С.Амарсайханы ах буюу “Оюуны Ундраа” группын ерөнхийлөгч С.Отгонбаяр нь Ерөнхийлөгчтэй худ ургууд. С.Отгонбаярын хүү О.Тэнүүн нь Ерөнхийлөгчийн охин Б.Намуунтай гэр бүл болж байгаа юм. Ямартаа ч түүнийг Хотыг удирдаад явж чадах хүн биш гэж учир мэдэх хүмүүс хэлдэг юм билээ. Ер нь олон нийт ам муутайхан байдаг гэх нь бий.
Хотын даргад горилогч дараагийн хүн нь НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун юм. Түүнийг сэлэм хочит С.Бямбацогтын ах гэдгээр нь олон нийт мэдэх болсон билээ. С.Мөнхчулууны хувьд мөн л хотын дарга болохоор өөрийнхөө сурталчилгааг хийж яваа сурагтай.
Нийслэлийн Засаг даргыг шинээр томилох хүртэл түүний бүрэн эрхийг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан гүйцэтгэхээр болсон. Түүний хувьд ч уг албан тушаалд хэвээр үлдэхээр мэрийж буй гэнэ. Тэрбээр 2016 оны Орон нутгийн сонгуулиар НИТХ-ын төлөөлөгч болж, улмаар нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогчоор томилогджээ. Түүнийг УИХ-ын гишүүн Т.Бадамжунайгийн туслахаар ажиллаж байснаар нь хүмүүс илүүтэй таньдаг байна. Тиймдээ ч Т.Бадамжунайг өөрийн хүнээ хотын даргад тавих нь гэх яриа ч гараад эхэлжээ. Ж.Батбаясгаланг наргиан цэнгээнд дуртай гэж шүүмжлэх хүмүүс ч цөөнгүй байдаг юм билээ.
Түүнчлэн хотын даргад горилж байгаа дараагийн хүн бол СХД-ийн Засаг даргын орлогч асан Р Р.Дагва юм. Түүнтэй холбоотой элдэв жиг жуг яриа ч олонтаа хөвөрдөг. Э.Бат-Үүлийг хотын даргаас огцруулахаар Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийг оройлон оролцож байсан тухай ч ярих хүмүүс олон. Ямартаа ч юу хийж бүтээсэн нь тодорхойгүй, нэр нөлөө бага эдгээр дөрвөн нөхрийн аль нэгээр л бид хотоо удирдуулахаар болов бололтой. Улаанбаатар бол монголчуудын тал нь амьдарч, эдийн засгийн 70 хувийг бүтээн байгуулдаг газар. Улаанбаатарын тулгамдсан асуудлыг шийдэх шийдэлтэй, түүнийгээ хэрэгжүүлэх сэтгэл зүрхтэй, амин хувийн эрх ашгаа хойш нь татаж чадах тийм хүн л сая хүнтэй хотыг удирдвал нийслэлчүүдэд хэрэгтэй сэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *