Categories
мэдээ цаг-үе

Шүүхийн “цахим манаач”-ийнх

Энэ удаагийн “Танайд өнжье” булангийн маань зочин Шүүхийн ерөнхий зөвлөлийн Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзоригийнх. Тэрээр шинэ оны босгон дээр Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн хүндэт” медаль хүртсэн юм. Д.Мөнхзоригийнх Зайсангийн “Оргил” худалдааны төвийн ойролцоох таван давхар орон сууцанд амьдардаг ажээ. Биднийг гэргий хоёр жаахантайгаа угтав. Эднийх гурван хүүхэдтэй. Гэрийн эзэн Д.Мөнхзориг зоогийн ширээний ард цай уух зуураа “Манайх органик хүнсийг эрхэмлэдэг айл. Гэр бүлээрээ аялал зугаалга, спортод дуртай” хэмээв. Гэрийн эзэгтэй Ц.Ундармаа хүүхдүүдээ танилцуулав. Том хүүг М.Тэмүүлэн, дунд хүүг М.Саян, охиныг нь М.Гэгээ гэдэг юм байна. Нэгдүгээр сургуулийн наймдугаар ангийн сурагч Тэмүүлэн хүү амралтаараа хөдөө өвөөгийнх рүүгээ явжээ. Дунд хүү гурван настай, охин нь таван сар гаруйтай аж. Гэрийн эзний аав Н.Доржсүрэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын уугуул гэнэ. Харин ээж Ц.Адьяасүрэн нь Архангай аймгийн Цэнхэр сумынх. Д.Мөнхзориг “Би хоёр эгчтэй. Аав ээж хоёр маань эмч мэргэжилтэй. Намайг багад эмч нар хөдөө томилолтоор их ажилладаг байлаа. Аав, ээж хоёр Өвөрхангайд хэсэг ажилласан юм. Тэднийг тэнд ажиллах үед нь би төрсөн. Тэнд удаан байгаагүй. 1988 онд аав, ээж хоёр Архангайд очиж суурьшиж, би тэндээ дунд сургуулиа төгссөн. Тиймээс би Архангай нутгийн хүү. Аавын нутаг руу хааяа очдог. Түүх сонирхох дуртай. Аав, ээжийнхээ удам судрыг сайтар судалъя гэж бодоод ном гаргасан” хэмээн ярилаа. Гэрийн эзэн ээжтэйгээ ярьж байж бичсэн “Угалз овгийнхны удам түүх” хэмээх ургийнхаа номыг хоёр жилийн өмнө хэвлүүлжээ.

Тэрээр ургийн номоо сонирхуулангаа “Одоо аавтайгаа ярилцаж, ургийн ном гаргана гээд материал цуглуулж байна. Өмнө нь түүх сонирхдоггүй байгаагүй л дээ. Дөрөв, таван жилийн өмнө хөдөө явж байх үедээ Өлзийбаатар гуайн “Цахим түүх” гэсэн номыг машиндаа сонссоноос хойш түүх сонирхож эхэлсэн. Өлзийбаатар гуай Монголын түүхийг Хүннүгийн үеэс эхлээд өнөөг хүртэл судалж цахим ном хүртэл гаргасан нь тун олзуурхууштай ажил болсон санагддаг. Тэр үеэс хойш сав л хийвэл түүхийн ном хардаг болсон. Сүүлдээ би өөрөө ямар түүхтэй хүн билээ гэж бодож эхэлсэн. Ингээд аав, ээжтэйгээ ярьж, гарал үүсэл үе удмаа судалсан юм. Ээжийнхээ аавын талыг судалсан. Одоо ээжийн ээж буюу эмээгийн хамаатан, садныг тодруулна. Өвөө, эмээ маань Архангайн Цэнхэр суманд амьдардаг байлаа. Би чөлөөт цагаараа өвөө эмээ дээрээ очно. Тэд минь л намайг хүмүүжүүлсэн дээ. Мал маллах, арьс шир элдэнэ, ноос савж эсгий хийнэ гээд нарийн ширийн ажлыг түүртэлгүй хийдэг байлаа” гэж ярилаа.

Гэрийн эзний ээж лабораторийн эмчээр ажилладаг байж. Архангайд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хэлтэс гэж байгуулагдахад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ. Аав нь чих, хамар хоолойн эмчээр ажиллаж байсан гэнэ. Нийслэлд ирж суурьшсаныхаа дараа тэтгэвэрт гарсан юм байна. Д.Мөнхзориг “Манайх гэр хороололд амьдардаг байлаа. Доржсүрэн эмчийнх гээд хүмүүс их ирж үзүүлнэ. Рашаанд гэр бүлээрээ явж байхад хүмүүс даралтаа үзүүлэхээс эхлээд аав, ээж хоёрыг минь зүгээр байлгахгүй. Ер нь эмч гэдэг ачаалал өндөртэй, эрсдэлтэй, хариуцлагатай мэргэжил. Биднээс хэн нь ч аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөөгүй. Том эгч маань санхүүгийн чиглэлээр ажилладаг. Дунд эгч програмисст, одоо барилгын архитектураар ажилладаг. Аав, ээж минь бага байхаас л эрүүл хоололт чухал, цэвэр агаарт сайн гарч байгаарай гэж захидаг байсан даа. Ууж байгаа ус цэвэр байх ёстой, биеэ их сайн авч явах ёстой гэдэг байлаа” хэмээн хууч дэлгэв.

Бидний яриа гэрийн эзний бага насны дурсамжаар үргэлжлэв. Дунд сургуульдаа математик, физикийн хичээлдээ их сайн байж. Д.Мөнхзориг зургийн цомгоо сонирхуулангаа “Ахлах ангид байхдаа хамгийн хэцүү амьдарна гэх мэт давуу тал ихтэй. Гадныхан их гүйдэг. Манайд сүүлийн үед гүйх орчин бага зэрэг бүрдэж л байна. Цаашид улам сайжрах байх” гэж ярилаа.

Дунд сургуулиа төгсөөд КТМС-д элсэн оржээ. Сургуулиа төгсөх үед ээж нь “Сонин дээр Улсын дээд шүүхэд хүн ажилд авна гэсэн нэг зар байна. Чиний мэргэжил байна. Очоод үзээрэй” гэж утсаар хэлжээ. Тэр тухайгаа “Шүүхийн талаар ямар ч ойлголтгүй юм чинь бараг худлаа байх гэж бодож байлаа. Гэхдээ ээжийнхээ зааж өгсөн улсын дээд шүүх гэсэн хаягтай газар руу орсон доо. Ингээд л 2003 оны хоёрдугаар сард Улсын дээд шүүхэд компьютерийн техник хангамж хариуцсан референтээр ажилласан. Тэр үед мэдээлэл, технологийн мэргэжилтэн гэж нэг л хүн байсан. Нийслэлийн шүүхэд нэг хүн, улсын хэмжээнд мэдээлэл, технологи хариуцсан хоёр ажилтан л байсан цаг. Дөрөв гаруй жил ажиллаад Солонгос явсан. Тус улсад сурах гэж очсон ч санхүүгийн байдал хүнд байсан учраас ажилласан. 2010 онд ирээд Шүүхийн ерөнхий зөвлөлд ажилд орсон. Тухайн үед Шүүхийн мэдээлэл, технологийг хөгжүүлье гэсэн бодолтой ажилласан. Шүүхийн мэдээлэл, технологийн түүх 1980-аад оны үеэс эхэлдэг. Шүүхийн ерөнхий зөвлөл 1993 онд байгуулагдсан. Манай байгууллага шүүхийн хэрэг шийдэхээс бусад бүх асуудлыг хариуцдаг. 1994 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэгдсэн аюулгүй байдлын талаар их ярих болсон. Аливаа зүйл мэдээллийн технологи руу шилжих тусмаа эрсдэлүүд дагах болсон. Тэдгээр эрсдэлээс хамгаалахын тулд мэдээлэл алдагдах, устгагдахаас сэргийлэх шаардлагатай” хэмээн ярив.

Шүүхийн ерөнхий зөвлөлд дата төв гэж байгуулжээ. Шүүхийн онлайн төхөөрөмжүүдийг суурилуулж. Онлайн шүүх хуралдааныг бий болгосон гэнэ. Онлайн шүүх хөгжсөн Тайвань руу 2012 онд явснаа сонирхуулав. Тэрээр “Тайвань манай улсаас 15 дахин бага газар нутагтай. Тэгэхэд тэнд онлайнаар шүүх хуралдаан хийхдээ өөр хотоос хэргийн оролцогчийг оролцуулж байсан. Ийм бага газар нутагтай оронд нааш, цааш явуулахгүйгээр шүүх хурлаа шийдвэрлэж байгаа нь анхаарал татсан. Ингээд л онлайн шүүх хурлыг 2014 оноос нэвтрүүлсэн. Хүмүүс их ам сайтай байдаг. Шүүх хуралдааны дуу дүрсийг бичиж, архивлана гэж Шүүхийн тухай хуульд орж ирсэн. Тэгэхээр энэ боломжийг ашиглаж, шүүх хуралдаан нээлттэй байна гэдгийг хэрэгжүүлэхээр болсон. Томоохон сүлжээний сан, системүүд бий болсоор байгаа. Хандалт өндөртэй шүү. Одоо цаасан суурь, цахим хоёр зэрэгцээд явж байна. Цаашид 8-10 жилийн дараа цахим шүүх гэдгийг бий болгоно. Энэ нь жинхэнэ утгаар цахим хавтаст хэрэг гэсэн үг. Тэдгээрийг 100 хувь цахимжуулна. Ямар ч цаасгүй болно” гэв. Д.Мөнхзориг хамгийн сүүлд Герман явж, шүүхийн цахимжилтын талаар судалгаа хийжээ. Энэ тухайгаа “Германд ажиллах үед манай улсын шүүх цаашид хөгжих бүрэн боломжтой юм байна гэсэн итгэл төрсөн. Одоогоор эдийн засгийн хувьд хүндрэл байгаа. Хүний нөөц хомсдолтой гэсэн асуудал бий. Ер нь төсвөө сайжруулж чадвал хөгжих асуудал биш” хэмээн ярилаа.

Бидний яриа өндөрлөхөд гэрийн эзэгтэй гал тогоондоо идээ будаа өрсөн ширээ засчээ. Ц.Ундармаа бүсгүй биднийг ногоотой шөлөөр дайлах зуураа “Би нөхрийнхөө ажлыг дэмждэг. Гэр бүлийн үнэ цэнэ биенээ ойлгож хүндлэхээс эхэлнэ гэж боддог юм. Манай хүн Монголынхоо бүх аймгаар явж байсан. Амралтын өдрөөр агаарт гарна. Зун гэр бүлээрээ аялна. Байгалийн үзэсгэлэнт газраар халуун бүлээрээ аялах их сайхан” гэж ярилаа. Гэрийн эзэгтэй СУИС-ийг соёл урлагийн удирдлагын менежер мэргэжлээр төгсчээ. Өнгөрсөн жил Соёл урлагийн удирдлагаар магистр хамгаалсан ба урлагийн менежмэнт чиглэлээр ажилладаг гэнэ. Одоогоор хүүхдүүдээ хараад гэр зуураа байгаа гэв. Тэрбээр Увс аймгийн Улаангом суманд төржээ. Түүний аавыг Ц.Цэмбэл, ээжийг нь Ч.Оюунчимэг гэдэг аж. Ц.Ундармаа “Манайх намайг гуравдугаар ангид байхад хотод шилжин ирж суурьшсан. Бид эхээс дөрвүүлээ. Багадаа урлагийн хичээлд дуртай, сонирхолтой байсан. Эгч маань Завханд хөгжим бүжгийн коллежид сурч байгаад хотод шилжин суурьшихад Хөгжим бүжгийн коллежид элсэж төгссөн. Одоо Эрдэнэтэд амьдардаг, бүжигчин хүн бий. Ээжийн маань ах дүү, хамаатан садан дунд дуулдаг, урлагийн авьяастай хүн олон шүү. Нутагтаа тоглолт зохион байгуулдаг хүмүүс гэхээр ямар авьяастай нь харагдах байх. Аавын ах дүүс бизнес эрхэлдэг. Аав, ээж маань бидэнд эвтэй, шударга байгаарай гэж захидаг. Тэр захиасынх нь хүчээр бид бүгдээрээ зөв сайхан амьдарч байна” хэмээн ярилаа.

Гэрийн эзэгтэй ном унших дуртай гэнэ. Минималист амьдралыг илүүд үздэгээ, өдөр тутамдаа ухаалаг хэрэглээг нэвтрүүлж яваагаа сонирхуулав. Мөн Йогоор хичээллэдэг гэнэ. Олон зүйлийг зэрэг амжуулдаг гэж нөхөртөө магтуулдаг бүсгүй “Хүүхдүүдээ сайн хүн болгохыг хичээдэг. Гэр бүлээ үнэ цэнэтэй байлгахын тулд чадах бүхий л зүйлээ хийдэг” хэмээн инээмсэглэн хэлсээр биднийг үдсэн юм.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *