Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлахад гар бие оролцсон Ардын Их Хурлын депутатууд өнөөдөр Төрийн ордонд чууллаа.
Эдүгээгээс 27 жилийн тэртээ Монгол Улсын Ардчилсан Үндсэн хуулийг баталсан Ардын Их Хурлын депутатууд тус хуулийг сурталчлах, дагаж мөрдүүлэх зорилгоор 12 жилийн өмнөөс “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбоо”-г байгуулан ажиллаж байна. Тус холбоонд нийт 250 депутат гишүүнээр элссэн бөгөөд холбооны ерөнхийлөгчөөр Ж.Гомбожав, гүйцэтгэх захирлаар Ч.Бат-Эрдэнэ нар ажиллаж байна. Холбооны удирдлагууд өнөөдрийн уулзалтаар холбооны үйл ажиллагаа, зохион байгуулалт, цаашдын зорилго төлөвлөгөөний талаарх мэдээллийг танилцуулж, гишүүдийнхээ саналыг сонслоо.
Ардын Их Хурлын депутатууд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Улс төрийн намын тухай, Сонгуулийн тухай хуулиудыг шинэчлэхэд холбооны зүгээс идэвх санаачлагатай ажиллахыг санууллаа. Мөн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар улс төрийн намууд, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөллийг оролцуулсан албан ёсны ажлын хэсгийг байгуулах, Үндсэн хуулийн өвийн тухай хуулийн төслийг УИХ-аар батлуулах зэрэг асуудлыг хөндсөн юм.