Хүн төрөлхтний түүхэнд хэдэн мянган сод ухаантан, авьяас билэгт эрдэмтэн мэргэд төрөн гарсныг тоолж тооцоолоход нэн бэрх билээ. Эртний Роек, Ромын агуу их сэтгэгчдээс эхлэн өнөөг хүртэл төрөн гарсан суут эрдэмтдээс түүвэрлэн гаргасан олон ном зохиол бий. Харин “Болор судар” хэвлэлийн газраас орчуулж, “Мөнхийн үсэг” ХХК-д хэвлэсэн “Дэлхийг өөрчилсөн эрдэмтэд буюу Шинжлэх ухааны 88 суут хүн” номыг эрхгүй онцолмоор санагдлаа. Гиппократаас Стивен Хокинг хүртэлх үе үеийн агуу суут эрдэмтдийг багтаасан уг бүтээлд тэдгээрийн тухай туйлын тодорхой бөгөөд ойлгомжтой, уншихад хялбараараа онцлог болжээ гэмээр байна. Номын бүтцийн хувьд эрдэмтдийн тухай өгүүлэхдээ он тооллын дарааллаар байрлуулж, тухайн эрдэмтний товч намтар, голлох бүтээлүүд, болон нээлтүүдийн ач холбогдол, хувь нэмрийнх нь талаар дүгнэн бичсэн аж. Мөн хавсралтаар нэр томьёоны тайлбар сэлтийг ч оруулж өгчээ. Дэлхийн олон оронд тухайн эрдэмтэн мэргэдийг өөр өөрийнхөөрөө дуудан нэршсэн бий. Харин энэхүү номд дэлхий дахинд нийтлэгээрээ дуудаж нэршиж хэвшсэнээр нь оруулсан нь бас л хялбар, ойлгомжтой болжээ.
Эл бүтээлд багтаж орсон эрдэмтдийг төдийлөн айхавтар нарийн шалгуураар шалгаагүй гэдгээ зохиогч өмнөх үгэндээ өгүүлсэн байх юм. Гол нь шинжлэхүй ухааны салбар бүрийн анхдагчид болсон төлөөлөгч, шинжлэх ухаанд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан суут мэргэдийг сорчлон оруулсан тухайгаа бичжээ. Аристотель, Эвклид, Авицена буюу Ибн Мина, Леонардо Да Винчи, Галилей, Исаак Ньютон, Карл Фридрих Гаусс, Конрад Рентген, Томас Эдисон, Генрих Герц, Мари Кюри, Эдвин Хаббл, Стивен Хокинг гээд үе үеийн супер толгойнуудын тухай үнэхээр салахын аргагүй бичсэн байх юм. Эл номыг зохиогчид Доктор Эмма Кэмбалл, Николя Шальтон, Жасмин Фарсаракис, Сьюзен Бойд Ли, Элизабет Майлс, Саймон Ричес, Ванесса Шнайдер, Хьюго Симмс, Мередит Мак-Ардл нар бөгөөд номд орсон суутнуудыг нэг хүний үзэл бодлоор биш энэ олон хүний сонголтоор сонгож оруулсан нь бусад ижил ойролцоо бүтээлүүдээс эрс ялгарч байгаа юм. Мөн олон хүний, олон өнцгөөс харж бичсэнд уг бүтээлийн үнэ цэнэ оршино.
Өнөөдрийн шинжлэх ухааны оргилд хүрсэн өндөрлөг бол яахын аргагүй эл бүтээлд орсон суутнуудын буян билээ. VII зуунд Ньютон фикизийн агуу хуулиудаа нээсэн нь тухайн цаг үеийнхээ төдийгүй өдгөө ч ач холбогдлоо огтхон ч алдаагүй байна. Ертөнц дахины таталцлын хууль болон сонгодог механикийн үндэс болох гурван хууль нь өнөөгийн шинжлэх ухааныг оргил өөд нь ахих шат нь болсон юм. XX зуун гарлаа. Чарльз Дарвины “Зүйлийн үүсэл” гэх агуу бүтээл гарсны дараа Австрийн санваартан Грегор Мендель удамшлыг судалж эхэлжээ. Ийн генетикийн шинжлэх ухааны үндэс суурь тавигдлаа. Салбар салбартаа дагнан шинжлэх ухааны сод нээлтүүд цуварсаар цөмийн эрин юу юугүй эхлэв. Фашизмын дарангуйлал дор байсан Итали орноос зугтан гарсан Энрико Ферми цөмийн урвалыг удирдах томоохон төсөлд оролцон улмаар урвалаа амжилттай явуулав. Харин үр дүн нь туйлын эмгэнэлтэй болсон юм. Эрхэм уншигч та энэ түүх хийгээд бусад эрдэмтдийн амжилт ололтын тухай энэ номоос уншиж нэг үзээрэй. Таны номын санд гарцаагүй байх номын нэг гэдгийг хэлэхэд таатай байна.