Categories
мэдээ цаг-үе

Б.Нандинцэцэг: Автобус осолдсоны дараа бензин, тос нь асгараад байсан тул цонхыг нь хагалж байж гарцгаасан

Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээнд явдаг 47 хүний суудалтай том оврын автобус осолдсон харамсалтай хэрэг энэ сарын 8-ны үүрийн таван цагийн орчимд гарсан. Ослын улмаас автобусны жолооч 30 настай эрэгтэй Б болон зорчигч 60 настай эмэгтэй Я нар эмнэлгийн тусламж авч чадалгүй газар дээрээ нас барсан бол 45 хүн хүнд болон хүндэвтэр гэмтэлтэйгээр тухайн өдөр Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн юм. Орон нутгийн эмнэлгээс таван хүний бүрэлдэхүүнтэй тусламжийн баг гарч, ослын газарт анхан шатны туслалцааг өвчтөнүүдэд үзүүлжээ. Өвчнүүдийг гэмтлээр нь эрэмбэлэн, ЭХО, рентген оношлогоо хийж, энэ сарын 9-ний өдөр Улаанбаатар хот руу ирүүлсэн юм. Ингэхдээ хүнд гэмтсэн гурван иргэнийг онгоцоор хүргэж ирсэн бол үлдсэн хүмүүсийн 37-г нь гал тэргээр тээвэрлэн нийслэлд авчирсан юм. Тэднийг нийслэлд хүрч ирмэгц нь ГССҮТ, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн тусламжийн 11 автомашин болон эмч нар өвчтөнүүдийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргүүлсэн. Одоогоор өвчтөнүүд тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд үлдсэн иргэдийг өчигдөр том оврын автобусаар тээвэрлэн Улаанбаатарт авчирсан байна. ГССҮТ-ийн эмчилгээний тасагт хэвтэж буй иргэдийн 20 нь хүнд буюу тархи нугасны гэмтэлтэй, мөчдийн хугарал ихтэй гэж тогтоогдсон бол дөрвөн өвчтөн оношлогооны түвшинд, бусад нь ослоос үүдсэн гэмтэл багатай гэж тогтоогдон эмчийн хяналтад оржээ. Зорчиж явсан иргэдийн дунд найман сартай жирэмсэн хүн хүртэл байжээ. Түүний биеийн байдал маш хүнд, хүүхэд нь хэрхсэн нь одоогоор мэдэгдэхгүй байна. Мөн нэгэн гэр бүлийн эхнэр, нөхөр байсан бөгөөд эхнэр 25 настай Н-ийн зүүн хөлийн шилбэний яс хугарч, өсгийгөө өрөмдүүлж, төмөр суулгуулжээ. Шилбэний арьс, мах нь төө хэрийн шархтай бөгөөд түүнийг нь эдгээж байж, шилбэний хугарлыг нь хадах ажээ. Харин түүний нөхөр 28 настай Г-ийн хоёр хөлийн шилбэ хугарсан, тархи доргилттой, аарцаг цуурсан гэж оношлогджээ.

“Яс үений гэмтлийн тасагт” хэвтэн эмчлүүлж байгаа нэрээ нууцлахыг хүссэн иргэн Н-ээс ослын талаар болон одоо бие нь ямархуу байгаа тухай нь асуусан юм.


-Та ямар ажил эрхэлдэг вэ?

-Хувийн хүнсний үйлдвэрт савлагч хийдэг. Одоогоор жирэмснийхээ амралтыг авчихсан байгаа. Хүүхэд маань төрөөд найман сар л болж байна.

-Автобусны аль хэсэгт нь сууж явсан бэ?

-Арын таван суудлын зүүн урд талын хоёр суудал буюу 33, 34 дүгээр суудалд нөхөртэйгөө сууж явсан юм.

-Нөхрийн тань бие нэлээд хүнд, хүнтэй уулзаж чадахгүй байх шиг байна лээ.

-Аарцаг цуурсан гэдэг оноштойгоор хажуугийн тасагт хэвтэж байгаа. Гурван шинжилгээний хариу нь гурвуулаа муу гарсан. Бид хоёр дөнгөж л зулайг нь үнэрлэх үртэй болчихоод амьдралаа босгох гэж хичээж явсан шүү дээ. Нөхөр хувиараа ажил эрхэлдэг байсан юм. Одоо хоёулаа эмнэлгийн орон дээр хэзээ өвдөх бол, хэдийд өвдөлт ихсэх бол гэдгээ хүлээгээд хүүтэйгээ ч уулзаж чадахгүй, чинэрсэн хөхөө хүнээр саалгаад уйлаад сууж байна гэж бодсонгүй. Уг нь хүүхдээ хувийн цэцэрлэгт өгч байгаад би ажилдаа эргэж ороод, манай хүн бид хоёр хоёулаа амьдралаа сайхан болгоно доо гээд ярьж байсан зүйл их л байсан. Хүү маань хөдөө манай аав, ээж дээр байгаа. Наашаа хот руу авчрах гэхээр намайг ядраачих байх гээд больчихсон. Хүүгээ их санаж байна…/хэмээн хоолой нь зангиран түр яриагаа зогсоолоо. Тэрбээр нэг гартаа дуслын зүү хатгуулсан, нөгөө гар нь бэртэлтэй байсан тул өргөж дийлэхгүй, нулимсаа арчиж чадахгүй байсан юм./

-Таны нутаг хаана вэ?

-Баянхонгорынх. Манай нөхөр хотод ажилладаг. Би нутагтаа очиж амаржсан болохоор зардал мөнгө их орсон. Дээрээс нь жирэмсний амралтаа аваад найман сар болчихсон байсан болохоор хотод ирсэн юм.

-Хаа хүрэх гэж тэр автобусанд сууж явсан юм бэ?

-Удахгүй Цагаан сар болох гэж байгаа болохоор Замын-Үүдээр урагшаа хил гарч баяраар хүмүүст өгөх бэлэг авахаар нөхөртэйгөө хамт явж байсан.

-Осол гарах үед автобусанд явж байсан хүмүүсийн ихэнх нь унтаж байсан гэсэн..

-Дөнгөж үүр цайгаад, цагаан гэгээ орж байсан. Тэр үед автобусанд байсан хүн бүр л үүрэглээд унтаж байсан юм. Манай хүн бид хоёр ч ялгаагүй. Гэтэл гэнэтхэн тар, няр гээд л нэг зүйлтэй мөргөлдөж, хүмүүс бүгд орилолдоод явчихсан. Тэрүүхэн үед ухаан санаа орж гараад, бид нар осолд орчихлоо доо гэж бодоод л ухаан алдчихсан. Тэгээд эргээд сэрсэн чинь автобусан дотор хав харанхуй, тэгсэн хэрнээ энд тэнд хүмүүс орилолдож, уйлаад, ёолоод байсан. Гэрлээ асаагаач ээ гэж хүн болгон орилж байсан ч автобусны тог тасарчихсан ямар ч аргагүй болсныг хүмүүс мэдсэн тул эрчүүд нь цонх хагалахаар оролдож эхэлсэн. Ихэнх хүмүүс нь сандалд дарагдчихсан, дийлэхгүй тул авраарай гээд орилоод байсан. Би ч бас сандалд дарагдчихсан, өргөх гэсэн чинь дийлэхгүй байсан тул тусламж эрэн хашгирсан. Тэгтэл хүмүүс сандал өргөх шиг болохоор нь баруун хөл дээрээ ачаалал өгч, босох гэж оролдсон. Тэгтэл сандалын эрмэг зүүн хөлийн шилбийг дарж унасан, бас төмөр нь зоогдоод орчихсон байсан юм.

-Одоо ямар зовиур байна, ямар эмчилгээ хийлгэж байгаа вэ?

-Өвдөлт ихсэхээр толгой эргээд, дотор муухай оргиод байгаа. Толгой хагарсан болохоор үзүүлэх ёстой. Осол гарах үед толгойгоо хүчтэй цохисоны улмаас хагарсан. Бас хөлдөө том шарх авсан. Одоогоор надад натрийн 09, цефацелийн хийж байгаа. Өвчин намдаах цагийн тарианд орчихсон. 2-6 цагийн зайтай өвчин намдаах тариагаа хийлгэж байна. Мөн өвчин намдаах эм, деклодикийн лаа хийж байгаа.

-Хүүхэдтэйгээ уулзсан уу?

-Уулзаагүй. Хүүхдээ маш их санаж байна.

-Осол гарсны дараа нөхрийгөө хаана байгаа бол гэж хайсан уу?

-Автобусанд хав харанхуй, эргэн тойронд юу ч харагдахгүй байсан. Сандалд дарагдчихсан байсан болохоор хайхад хэцүү байсан. Ухаан оронгуутаа л нөхөр минь хаана байгаа бол, амьд болов уу гэдэг бодол орж ирсэн. Тэгээд л хөл хөдлөхгүй болохоор гараараа тэмтэрч эхэлсэн. Гэтэл нөхөр минь сууж байсан сандал доороо дарагдчихсан байсан. Тэгэхээр нь “босоорой” гэсэн чинь “Миний амьсгал боогдчихоод байна. Үнэхээр хөлөө даахгүй байна. Хань нь хичээгээд л байна шүү дээ” гэсэн.

-Осолдсон автобусны компаниас та нартай уулзах гэж хүн ирсэн гэсэн. Үнэн үү?

-Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирсэн. Надтай уулзах гэсэн боловч тухайн үед миний бие нэлээд өвдөөд ярих ч тэнхэлгүй байсан болохоор уулзаж чадаагүй. Харин манай нөхөртэй уулзсан гэсэн. Тэр хүмүүс нөхөрт маань та нар санаа зоволтгүй. Төлбөр тооцоог чинь бид хариуцна гэж хэлсэн гэж байна лээ. Бас даатгалын газраас хүмүүс ирж дансны дугаар аваад явсан. Гэхдээ одоо бол бид өөрсдөө эмчилгээний мөнгөө гаргаж байгаа.

-Автобусан дотор жирэмсэн хүн явж байсан гэсэн үү?

-Тийм. Тэр хүн бас зүүн хөлөндөө гэмтэлтэй эмнэлэгт хүргэгдсэн. Найман сартай юм билээ. Дорноговийн эмнэлгийн хүрэлцээ муу байсан тул “Шонхор мед” эмнэлэгт хүргүүлсэн. Тэгэхэд бид хоёр нэг өрөөнд хамт байсан.

-Одоо ер нь цаашдаа яах талаараа бодсон уу?

-Би залуу хүн шүү дээ. Дөнгөж 25-хан настай. Ослоос хойш би өөрийнхөө биеийн байдал, хөлөө ямар байдалтай байгааг бүрэн мэдэхгүй байгаа. Би эрүүл саруул болоод амьдралаа авч явмаар байна. Уг нь энэ ондоо багтаагаад өөрсдийн гэсэн гэр оронтой, унах унаатай болъё гэсэн зорилго тавьсан байсан. Бас ирэх оноос мэргэжлээ дээшлүүлээд сурах төлөвлөгөөтэй байсан. Одоо бүгд нурж байх шиг байна. Энэ бүх зүйл болоогүй байсан бол ямар сайхан бэ хэмээн залуу бүсгүй хоолойгоо зангируулан хэлж байв.

ГССҮТ-д хүргэгдэж ирсэн өвчтөнүүдийг гэмтлийн байдлаас нь шалтгаалан өөр өөр тасагт хуваарилсан байна. “Гар, сарвууны тасаг”-т хэвтэж буй Б.Нандинцэцэгтэй ярилцлаа.

Тэрбээр гурван охинтой, өрх толгойлсон гэрийн эзэгтэй аж. Түүний хамгийн том охин нь одоо 18 настай бөгөөд бусад нь дунд сургуулийн сурагчид. Тэрбээр “Нарантуул” олон улсын худалдааны төвд лангуу түрээслэн наймаа хийдэг, мөн банкны зээлтэй. Идэж уух, өмсөж зүүхээ оролцуулахгүй бол түүнд сар бүр 500-600 мянган төгрөг зайлшгүй хэрэгтэй байдаг аж. Эдгээр нь лангууны түрээс дээрээс нь банкны зээлээ төлөхөд л зарцуулагддаг гэнэ.

-Та Нарантуул дээр наймаа эрхэлдэг гэхээр тухайн өдөр бараагаа татахын тулд тус автобусаар үйлчлүүлж байсан юм уу?

-Тэр өдөр бараагаа татахаар бэлдэж байсан юм. Галт тэргээр явах гэсэн боловч Замын-Үүд чиглэлийн билет энэ сарын 10-ныг хүртэл байхгүй гэхээр нь хоног алдахгүй гэж бодоод автобусаар явсан. Нарантуул зах мягмар гаригт амардаг. Тэгээд даваа гаригт яваад лхагва гаригт ирж юмаа зарахгүй бол болохгүй гэж бодоод л явсан юм.

-Автобусанд байсан хүмүүсийн ихэнх нь наймаачид байсан уу?

-Захынхан бол зөндөө байсан. Бие биенийгээ танихгүй ч зүс мэддэг хүмүүс их байсан. Ер нь хамгийн гүйлгээ сайтай үеэрээ ахиухан юм зараад авъя гэдэг бодлоор л явсан боловч ийм байдалтай болчихлоо.

-Гурван хүүхдийг нь хэн харж байна?

-Тэднийг маань харах хүн байхгүй, өөр өөрсдийгөө л харж байгаа.

-Таны биеийн байдал нь ямар байна вэ?

-Зүүн хөл, баруун гар хугаралтай, өвдөг мултарсан, шагайдаа бэртэлтэй. Зүүн гарын тохой мултарч хугарсан гэсэн оноштой байгаа. Яг хэчнээн сар хэвтэж байж бүрэн эдгэрэхээ мэдэхгүй байна. 37 хүн ирж, 20 хүн нь хүнд байгаа, ирсэн оройдоо бид эмнэлгийн коридорт хоносон. Өчигдөр л өрөөнд орж ирсэн. Одоо ханиалгахаар цээж хөндүүрлээд толгой өвдөөд байгаа. Юм идэх сонирхол байгаа хэрнээ идэж чадахгүй юм.

-Осол гарах үед яг юу болсон бэ?

-Замын-Үүд рүү ордог тэмээтэй хаалганы наахна талд хүмүүс бие засах гээд буусан юм. Тэгээд хүмүүс эргээд орж ирж суугаад автобус хөдлөөд удалгүй хамаг юм тачигнаж дуугараад л харанхуй болж, орилолдоод эхэлсэн. Тэгээд урд байсан хүмүүс бид нарын дээгүүр шидэгдээд ар тал руу шахагдаад ирсэн. Гэхдээ урд дарагдсан сандал доороос хүмүүс орилоод байсан. Автобуснаас арай хийж гарч ирээд харахад бид Замын-Үүд рүү ордог тэмээтэй хаалгыг мөргөн осолдсон байсан.

-Жолооч өөр хүнд жолоогоо шилжүүлсэн гэсэн үү?

-Бид нэг цагийн үед “Болор” гэдэг цайны газарт хоолонд орсон. Тэгээд ээлжийн жолоочдоо жолоогоо шилжүүлсэн. Гэхдээ тэр нас барсан жолооч нь тэднийд ажиллаж байгаагүй, шинэ жолооч байсан. Харин нөгөө жолооч нь хуучин ажиллаж байсан юм билээ. Ер нь бол зүс мэднэ. Яагаад гэхээр билетгүй үед автобус оройн наймаас юм чинь гээд л зах дээрээ наймаагаа хийж байгаад гараад очдог юм л даа.

-Тэгээд?

-Тухайн үед хөл гараа хугарсныг мэдээгүй. Осол болох үед би зүүн хөл дээрээ дарж унаад сандлан доор эвхэгдчихсэн байсан. Сандалууд тэр чигтээ хойшоо эвхэгдэж, дээрээсээ хамаг юм нь нураад хүмүүс нь бүгдээрээ дарагдчихсан. Осол гарны дараа нэг хүн утасныхаа гэрлийг асаасан. Эрчүүд дотроос нь автобусны цонхыг хагалах гээд чадаагүй, гэтэл том машины жолоочид гаднаас нь хагалж өгч, бид гарсан. Осол болсноос хойш бид нэлээн удаж байж гарсан. Тэр үед бензин, тос нь үнэртээд дэлбэрэх нь гэж бодоод хурдхан гарахыг л бодож байлаа. Тэгээд тусламж эрэн хашгирахад гайгүй байгаа хүмүүс нь дарагдсан хүмүүсээ биш, миний цүнх хаана байна гэж хэлээд зарим хүмүүсийн дээгүүр гишгээд яваад байсан. Бас осолдчихоод байж байхад хот руу болон Замын-Үүд рүү жижиг суудлын автомашинууд зөндөө явж байсан. Гэтэл нэг нь ч зогсоогүй. Харин хажуугаар өнгөрөхдөө зураг дарчихаад л яваад өгч байсан.

-Гэр бүлийнхэнтэйгээ ярьсан уу?

-Гурван охинтойгоо утсаар ярихад би өөрийн эрхгүй орилоод л уйлчихсан.

-Хүүхдүүдийг тань харж, асрах хүн өөр байхгүй юм байна шүү дээ…

-Манайх Улиастайд байдаг. Ирэхээрээ хоол ундны зүйлээ цуглуулъя гэж бодоод хоёр хоолны мах л орхиод явсан. Бас одоо 15-нд банкны зээл гарч ирнэ. Яах ёстойгоо үнэндээ мэдэхгүй байна. Би явахаасаа өмнө гурван шуудай нүүрс авч өгсөн, одоо дууссан байх.

-Юунаас болж энэ осол гарсан гэж бодож байна?

-Тэр шинэ жолоочийг нойрмоглосон л гэж бодож байгаа.

-Архи уусан байх магадлалтай юу?

-Үгүй.

-Зорчигч нараас архи, пиво хэрэглэсэн хүн байсан уу?

-Согтууруулах ундаа хэрэглэсэн хүн байхгүй л байсан даа.

З.МӨНХСУВД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *