Categories
мэдээ цаг-үе

Уран үгсийн чуулган

Боржигон Нацагдоржийн минь үндэслэсэн Монголын орчин үеийн утга зохиолын их баяр, тэр дундаа Монголын зохиолчдын эвлэлийн түүхт 90 жилийн ойд зориулсан “Уран үгсийн чуулган” боржигоны гал голомтод болох гэж байна. Говьсүмбэр, жанжин Чойрт өнөөдөр Монголын утга зохиолын мэргэд чуулж “Уран үгсийн чуулган”, “Болор цом” наадам эхэлнэ. Одоогоос ерэн жилийн өмнө буюу 1929 оны нэгдүгээр сарын есөнд Монголын зохиолчдын эвлэл хэмээх их айл үүд хаалгаа нээж, тэр жилийн сүүлээр Сономбалжирын Буяннэмэх, Дашдоржийн Нацагдорж, Цэндийн Дамдинсүрэн, Дунгарын Чимид нарын олон хүмүүний шүлэг найраг, бүтээлээс дээжлэн “Уран үгсийн чуулган” нэртэй цоморлиг хэвлэгдэж байсан түүхтэй. Харин яруу сайхны энэхүү чуулганыг монгол эх орныхоо дөрвөн зүг найман зовхист зохион явуулж ирсэн хүн нь их утга зохиолын өрлөг ижий Сономын Удвал ахайтан юм. Удвал гуайг зохиолчдын хорооны гал тогоог барьж байх үеэс л уран үгсийн чуулганы гал бадамлаж, яруу найргийн үе үеийн бурхад, утгын их мэргэд энэ л алтан титмийн дор шүлэг найргаа уншин монгол түмнийхээ оюуны мэлмийг баясгаж ирсэн байдаг.

Жаран найман оны есдүгээр сарын сүүлээр Өмнөговь аймагт “Уран үгсийн чуулган” болжээ. Энэ тухай утга зохиолын “АлтанӨд”ийн эзэн Заяатын Ядмаа зохиолчийн “Цаг цагийн цагаан дурсамж” номонд тодорхой байдаг. Түүнд өгүүлснээр “Монголын зохиолчдын анхны уран үгсийн чуулганыг Өмнөговь аймагт зохион байгуулахаар товлож, Удвал гуай олон дагуултайгаа Даланзадгад хотод морилон очив оо” гэж бий. Ядмаа ах анхны уран үгсийн чуулган гэж тодотгосон байна. Дагуул нь дандаа томчууд. “Улаан наран”, “Үүрийн туяа” романы эзэн Санжмятавын Дашдэндэв гуай, эдүгээ ерэн найман насыг насалж буй, шинэ оны босгон дээр Монголын төрөөс хөдөлмөрийн баатар цолоор шагнуулсан Бөхийн Бааст гуай, за тэгээд агуу Б.Явуухулан, Д.Пүрэвдорж, С.Эрдэнэ нар байжээ. Хамгийн залуу нь гэхэд өдгөө наян таван настай, ардын уран зохиолч Шагдарын Дулмаа гуай байсан гээд бодохгүй юу. Ядмаа ах тэр үед аймгийн утга зохиолын дугуйлангийн эрхлэгч хорин хэдтэй, хөлс шууруулсан нөхөр явжээ. “Зохиолчид маань Өмнөговийн Сэврэй, Ноён, Баяндалай сумдын зүг хүлгийн жолоо залахаар хөдөллөө. Би тэднийг Баяндалай сум хүртэл гаргаж өгөх болов. Тэгэхнээ би мань нөгөө мундаг Явуухулан, Пүрэвдорж, Эрдэнэ нартай суудал зэрэгцэж Удвал даргын тэргэнд суудаг байгаа. Зохиолчдыг аян замд гаргаж өгөх хүн яаж хоосон явахав. Гурван килограмм алим, гурван лонх гоёоны архи ганзагаллаа даа. Тэд маань ч үнэр авах шиг боллоо. Замдаа Гурвансайхан уулын Ёлын ам руу дөхөж явтал тэргэнд жаахан саатал гарч жолооч Чүлтэмсүрэн гэж пар пар гэсэн хижээлдүү сайхан эр тэргээ үзэж шалгах юм боллоо. Ууланд цас орчихсон хүйтэн сэрүүн байсан тул бид ч тэрэгнээс буусангүй. Нөгөө зохиолчид чинь намайг хажуунаас нудраад байна шүү. Харсан чинь ам руугаа заагаад байна. Лав л алим идэх гээгүй архи л байх гэж бодоод лацтай архи яаж шүү задалснаа ч мэдсэнгүй. Нөгөө хэддээ хундагалж өглөө. Удвал гуай өмнө суугаад байдаг. Духны хөлс чийхраад л байдаг. Гэтэл Удвал гуай эргэж ч харсангүй. “Та нар минь наадахаасаа муу Чүлтэмсүрэнд жаахан амсуулаарай л даа” гэж байна. Нөгөө хэд ч таг дуугүй, битүү тэргэнд архины үнэр танар хэцүүдээ биз” гэж наргиан наадаантай өгүүлсэн байдаг. Ингэж Говь Гурвансайханы Ёлын амны тэртээ “Уран үгсийн чуулган”ы мэргэдийг Ядмаа ах минь гоёоны архиараа дайлж явжээ. Удвал гуайн дагуулууд шүлэг найргаа уншиж, сэтгэл бадарч явсан аян замд жинхэнэ сонгодог бүтээлүүд төрсөн түүх бичигдэнэ.

Өмнөговьд болсон тэрхүү уран үгсийн чуулганы үеэр их Явуу “Тэхийн зогсоол”оо олсон байдаг. Зохиолчид Сэврэй суманд малчныд хэсэг саатахад Явуу янгирын тухай гэрийн эзнээс асууж бодлогошрон суусан тухай Пүрэвдорж гуайн ч, Эрдэнэ гуайн ч аль алиных нь тэмдэглэлд байдаг. Өмнөговийн Сэврэй сумын эгэл малчны ярианаас гол сэдвээ болгож Явуу алдарт “Тэхийн зогсоол” дуулиа өөрийн ачит эцэг анчин Бэгзийн дурсгалд зориулж бичсэн. Тэгвэл дараа жил нь буюу жаран есөн оны аравдугаар сарын дунд үеэр Баянхонгор аймагт болсон “Уран үгсийн чуулган”д Удвал дарга мөн л Дашдэндэв гуайг, төрийн шагналт Чойжилын Чимидийг, партизан Жүгдэрийн Дамдин гуайг, за тэгээд Д.Пүрэвдорж, С.Дашдооров, С.Лувсанвандан, Д.Гармаа нарын аваргуудыг дагуулаад гарч өгчээ. Хамгийн залуу нь төрийн шагналт яруу найрагч Долгорын Нямаа явсан байдаг. Тийн явахдаа Шинэжинст сумаас урагш Бүгийн хоолой, Ногоон цав гээд байгалийн өвөрмөц сонин тогтоц бүхий газрыг үзэж, Эхийн голын бударганат говийн нэгэн айлд буужээ. Тэднийд зохиолчид үймж шуугьж байх хооронд тэмээ хариулж явсан арван зургаан настай илгээлтийн эзэн охин Сүхбат нь иржээ.

Тэрээр онгон зэрлэг хулангийн унагыг нялхад нь тэмээгээр хөөж бариад гэрийн гадаа аргамжчихсан байж. Хулангийн унаганд шанагаар сүү уулгаад зогсож байсан гэнэ. Энэ үед амьтны үр зулзага гэхээр эгдүүтэй санагдаад өхөөрдөс хүрч Нямаа ах унаганы хилэн шиг зөөлхөн хамар дээр үнсчихсэн юм гэдэг. Хөөрхөн цагаан шидмэсэн ногтон дээр нь сар гаруйхны өмнө Эрхүүд аялж явахдаа “Восточно-Сибирская правда” сонины газраас дурсгасан ойн тэмдгээ зүүгээд өгчихжээ. Баруунаа ташиж яваа нарны гэрэлд “50” гэсэн тоотой тэрхүү алтан шармал тэмдэг медаль аятай гялалзаад хөөрхөн харагдаж билээ гэж Нямаа ах минь дурсдаг сан. Энэхэн агшинд Пүрэвдорж гуайд “Сайхан хотын хөөрхөн хархүү” гэдэг мөр ургаж улмаар “Сэгс цагаан Богд” алдарт найраглал төрсөн. “Нямаа зүүж явсан тэмдгээ Сүхбатын энгэрт зүүж өгөх санаа байсан боловч биднээс жийрхээд тэр унаганы ногтон дээр зүүгээд өгчихдөг юм байна. Сайхан хотын хөөрхөн хархүү гэдгийн цаана Нямаа байгаа гэсэн үг” гэж Пүрэвдорж гуай хэлдэг. Өмнөговийн уран үгсийн чуулган “Тэхийн зогсоол”ыг, Баянхонгорынх болохоор “Сэгс цагаан Богд”-ыг төрүүлсэн байх нь. “Энэ хэдийгээ дагуулаад хөдөө гадаа яваад ирсний дараа олон сайхан бүтээл төрдөг юм” гэж Удвал гуайн зохиолчдоо магтдаг байсан нь ч аргагүй үнэн ажээ.

Мөн наян найман оны зун Баянхонгор аймагт Монголын утга зохиолын өдрүүд болоход гадаад дотоодын 30 гаруй зохиолчид гурван чиглэлд хуваагдан явж уншигчидтайгаа уулзсан байдаг. Тэр тухай Бямбажавын Хүрэлбаатар найрагчийн дурсамж дурдатгалд бий. Баацагаан суманд зохиолчид цуглаж “Хүрэн морь”ны Ч.Лхамсүрэн гуайнхаа нэрэмжит бэсрэг наадам хийжээ. Орой нь Баацагааны төвд зохиолч уншигчдын уулзалт болж байх үест Пүрэвжавын Пүрэвсүрэн найрагч Бямбажавын Хүрэлбаатарыгаа сэмхэн дагуулаад хоёул Цутгалан голд зусч байгаа садангийнх нь айлд очжээ. Мэдээж баахан дайлуулаа байлгүй. Мань хоёрыг явахад гурвын бедон шимийн архи өгсөн байна. Нөгөө айлаас холгүйхэн Бөөнцагаан нуурын хөвөөнд ирж шимийн архинаасаа хүртэж, Пүүжээгээ налж хэвтэх тэрхэн зуурт Хүрлээ найрагч

“Цахлайн сүрэг нисээд ч байгаа юм уу

Цагаан морьтой хүмүүс давхилдаад ч байгаа юм уу

Цутгалан голын эргээс зэрвэсхэн ажихуйд

Цугларсан их давалгаа нь цагаан шувууд шиг Бөөнцагаан

Амархан сайн явж ирэв үү гэж надтай мэндлэн

Аргалантынхаа уулсын хормой тулан мэлтэлзэж байна

Туг ширээ бөхөө сэрүүцүүлсэн атан тэмээд нь

Тунарсан их усныхаа сэжүүр гишгэчин зогсож байна

…Баранзад хадаг цэнхэртэн мэлтэлзэх уснаа

Байдрагийн гол цангасан адуу шиг орж ирж байна

Долгион болгоны нь дээр олон хэлийн шувуу босон сууж

Дотоод сэтгэлийн минь торгон аязыг хөглөж байна…” гэсэн нэгэн сайхан шүлгийг Пүрэвсүрэн ахдаа зориулж бичсэн байдаг. Ерэн есөн онд зохиолчдын эвлэлийн 70 жилийн ойн хүрээнд “Болор цом”-ын эздийн “Уран үгсийн чуулган” Эрдэнэт, Дарханд болж Улаанбаатарт өндөрлөж билээ. Таван минутын шүлгийн уралдаан цомын эздийн дунд болж “Дэрэнгийн хар азарга” Цэндийн Чимэддорж найрагч

“Чойном шүлэгтэйгээ монгол заяа

Чойбалсан хөшөөтэйгөө монгол заяа

Чимэддорж адуутайгаа монгол заяа

Чингис хаан дэлхийтэйгээ монгол заяа” гэж уншин Дарханы уралдааны тэргүүн шагналыг авч байлаа.

Утга зохиолын нялх жулдрай миний бие 2002 оны хавар Утга зохиолын сургуулийн хоёрдугаар ангийн товарищ Хөтөлд болсон “Уран үгсийн чуулган”д “Болор цом”ын эзэдтэй хамт оролцох хувь тохиосон. Найман “Болор цом”ын эзнийг Хөтөл хот урьжээ. Яг явахынх нь урдхан их Пүрэвдорж амжихаа байж л дээ. Ингээд нэг муу оюутныг оронд нь аваад явсан нь өчүүхэн надад оногдсон алтан хувь заяа байлаа. Тавдугаар сарын хаврын зөөлөн бороотой тэр өдөр найзууд минь намайг галт тэрэгний зогсоолоос үдэж гаргасан. “Явуу, Эрдэнэ, Чойжилын Чимидтэй нэг машинд явааг минь энэ хүмүүс хардаг ч болоосой гэж бодон цонхоо үе үе нээж явлаа” гэж Сүрэнжав гуайн дурдатгалд байдаг шиг Дөнгөтийн Цоодол, Тангадын Галсан, Цэндийн Чимиддорж, Дамбын Төрбат, Цоодолын Хулан, Гомпилдоогийн Мөнхцэцэг, Баярхүүгийн Ичинхорлоо нартай намайг явааг энэ хүмүүс харж байгаа болов уу гэж бодож явсан сан хөөрхий минь. Дарханд вагон хоёр цаг зогсоход Төрөө, Чимээ, гурван бүсгүй найрагч цугаар бууж хаврын тунгалаг сарны дор дуулалдан бүжиж байсан даа. Хөтөлд болсон “Уран үгсийн чуулган”ы яруу сайхан одоо хэр нь сэтгэлээс гардаггүй. Чимээ ах минь “Малчин”, “Майга”, “Цагаан зээр”ээ омог төгөлдөр уншиж байсан нь одоо чиг нүдэнд харагдаж байна. Ичин, Мөөжиг, Хуланг залуучууд хэд ч дахиулж, ёстой нэг сэтгэлийн цэнгэл гээчийг эдэлсэн гэж санана. Ичинхорлоо “Жаргалын найман морины хатираанд жигүүрээ дэлгэсэн эр бор харцага

Жаргалтайн дэлгэрийн уран нугалаанд хар гунигаа задалсан эр бор харцага

…Гучин гурван шаргын жороонд нь дуртай эр бор харцага

Гурван хөх мөрний атираанд нь хайртай эр бор харцага

Цэггүй өндөрт гарлаа чиг үүрэндээ эргэдэг эр бор харцага

Чиггүй холд одлоо чиг нутагтаа хоргоддог эр бор харцага

Дутуу дуулж болдоггүй ардын дууны эр бор харцага

Дундуур хайрлаж болдоггүй амин зүрхний эр бор харцага”, “Арвайн шар зам”-аа уншаад л, Хулан хатагтай “Сайрхах юм даанч биш дээ, санчигандаа бууралтай эр хүнд би хайртай” гэдэг ч юм уу, эс бөгөөс

“Идэрхэн танхилхан нас минь надад ирэхгүй

Ийм л хаврын ногоо хөлийн дор ургахгүй

Инээд алдан өөдөөс чинь харах минь давтагдахгүй

Илбийн юм шиг зөөлөн салхи өнөөдрийнх шиг үлээхгүй ээ

Хайрлах юм бол одоо л намайг хайрла

Хар үсний минь долгионд хөл алдаж

Харцны минь эргүүлэгт намрын навч шиг унаж

Хаалганы минь гадаа харуулын цэрэг шиг зогсоо…” гээд залуусын зүрхийг оргилуулсан юм даг. Мөөжиг найрагчийн “Дагуулахдаа л дагуулна”, “Битгий урваарай миний хүү”, “Чамаас олсон эх орон” шүлгүүд уншигдах нь мэдээж.

“…Сайхан ижий минь намайгаа үүрч алхахад

Салхи чинь хүртэл хүнддэнэ гэж хийсч одсон

Ижийнхээ нурууг амрааж хөлд орохын цагт минь

Ивж ургасан өвс нь налж сөгдсөн эх орон минь

Ижийгээн би чамаас олсон

Гуниггүй залуу насаа би чамаас олсон

Гайхуулж бас гайхаж үрсэн он жилүүдийг чинь

Үсээ задалж, бүсээ тайлж сарыг чинь өвөртөлж хоноход

Өрөвдсөн байлгүй үүрээр зугтсан байсан

…Сайхан амрагаан бас чамаас олсон

Сартай шөнөөр хань хийж, салхиар чинь хүртэл гоёж үзсэн

Хилээн мануулах гэж төрүүлсэн олон эрсийн чинь

Хичнээнийг нь би шүлгээр уярааж өөрийгөө манууллаа

Булгилсан зүрхийг минь шалгах гэж

Бусдын амрагийг үзүүлэн тохуурхаж

Булаалдаж эрхлүүлсэн эх орон минь

Сайхан амрагаан би чамаас олсон….” гээд хачин тунгалаг шүлгүүдээ уншсан сан. Ингэж би уран үгсийн чуулганы ялдам яруухан эгшгэнд сэтгэл зүрхээ алдаж, зөөлөн цагаан бороонд налмайтал норсон юм даа.

Их Удвал ахайтнаас хойш Монголын яруу найргийн бурхдыг даргалах хувь ерөөл Мөнхцэцэг найрагчид оногдсон билээ. Тэрээр зохиолчдын хорооны гүйцэтгэх захирал байхдаа Пунцагийн Бадарч найрагчийн хэлснээр хэдэн хөгшин өвгөн дагуулаад Уран үгсийн чуулганаа хийж байсан. Удвал даргын дагуулууд гэдэг шиг Мөөжигийн дагуулаад гэвэл Шаравын Сүрэнжав, Пунцагийн Бадарч, Дөнгөтийн Цоодол, Бавуугийн Лхагвасүрэн, Тангадын Галсан, Дамдинсүрэнгийн Урианхай нар байж таарна. Тэр жил Дарханд “Болор цом” болоход мөн л Уран үгсийн чуулган утга төгөлдөр болсон. Сэрүүн тунгалаг байгаа ардын уран зохиолчид Лодонгийн Түдэв гуайгаас бусад нь очсон байж билээ.

Хаянхярваа гишүүний хишгийг ардын зохиолчид ч, “Болор цом”ын эзэд ч хүртэж л байсан. Бааст гуай бэлэгнийхээ гоёмсог куртикийг өмсөөд “Хөгшин би хойд мөсөн далайд очсон ч даарахааргүй боллоо” хэмээн олны инээдийг хүргэж байсан. Дарханы төвд мөн ойрхон сумдууд руу зохиолчид хуваагдан очиж шүлгээ уншив.Цоодол багш, Дулмаа гуай, Үржингийн Хүрэлбаатар доктор, Хулан найрагч бид Хонгор суманд очсон юм. Уулзалтын дараа ресторанд хоол идсэн. Тэр үед “Хонгорын хордлого” гэж ид яригддаг байлаа. “Хонгор чинь жигтэйхэн сайхан хоолтой газар байна” гэж Цоодол багш ёжтой нь аргагүй хэлж байлаа. Дарханы уран үгсийн чуулганд өмнөх жилийнх нь цомын эзэн Хөөдөөгийн Эрдэнэбаатар “Сэргэн мандлын сар”, “Түрэг охин” гээд тансаг шүлгүүдээ уншиж байсан санагдана.

Өвөрхангайн уран үгсийн чуулганы үеэр буурал Бадарч найрагч маань Ичинхорлоогоо “Хулсан ташуур” гээд зарлачихлаа. Дэндэвийн Пүрэвдоржийнх нь хайрласан нэр. “Та намайг хулсан ташуур гээд байхдаа яахав дээ. Арай өөр ардын дууны нэр олдохгүй нь уу. Би ямар хөх ч байхгүй, бөгс ч байхгүй урт гонзгой ташуур шиг хүн үү” гэж гомдоллоход Пүрэвдорж гуай “Тэгвэл талд унасан жавар гэж нэрлэе. Өөр нэр чамд зохихгүй” гээд хулсан ташууртайгаа үлдсэн юм гэдэг. Энэхүү дурсамжаа хэлээд Ичин найрагч нутгийнхаа тэнгэр дор

“Догшин хэмнэл, галзуу хурд, чөлөөт нисэлтийг би шүтдэг

Догдлон уйлагч, хүсэн тэмүүлэгч, зүтгэн дурлагч билээ би

Уудам цээлийн хүрэн бүргэд, говийн шуурганд атаархагч би

Уйтгарлан суугч, бардамнан гайхуулагч, халуун сэтгэлтэн юм аа…” хэмээн бадрангуй уншиж билээ. Лхагвасүрэн гуай дөнгөж шинэхэн гарсан “Зовсон сүү” номынхоо шүлгүүдээс, Галсансүх найрагч “Бурханд хэлэх зөвлөгөө” тэргүүт пост панк шүлгүүдээ, Эрдэнэ-Очир ах минь хайрын намуун эрхэмсэг шүлгүүдээ уншаад хичнээн сайхан байв даа. Өвөрхангайн дараа жил их Нацагдоржийг, их утга зохиолын бурхдыг төрүүлсэн Төв аймагт “Уран үгсийн чуулган” болсон. Утгын мэргэд чуулсан эл өдрүүдэд Төв аймгийн зохиолчдын ордны шав тавих ёслолд Сүрэнжав, Цоодол, Бадарч, Дулмаа нарын ардын зохиолчидтой хамт оролцож байсан минь түүх болон үлдэж дээ. Төв аймгийн уран үгсийн чуулганыг Бадарч ах, соёлын гавьяат нэвтрүүлэгч Ж.Бямбаа нар хөтөлж явуулсан. Буурал найрагч тайзан дээр Бямбаагаа хайгаад л. Хөшигний наана цаагуур зөрөөд. “Би энэ Бямбааг насаараа хайж байгаа хүн юм” гэж бас л үзэгчдийг хөгжөөгөөд авсан. Энэ үед Ичинхорлоо “Салхин сүнст” шүлгээ уншихад шог зохиолч Ишдоржийн Цэрэнжамц “Та нар Ичинхорлоог яагаад ч барахгүй. Энэ ямар агуу шүлэг вэ” гэж бүр нэг чин зүрхнээсээ хэлсэн нь санаанд тод байна.

Уран үгсийн чуулган ийм л яриа хөөрөөн дунд тансаг болдог. Мөнхцэцэг найрагчийн төрсөн нутаг Хатанбулагт тэр намар мөн л уран үгсийн чуулганыг хийсэн. Их говийн цагаан өвчүү Эргэлийн зоон дээр, эрийн хийморь бадраасан Сулинхээрийн заставт шүлгээ уншиж байлаа. “Мөнхцэцэгийг түрүүлэх жил цом өгөөгүй юм билээ. Монголын зохиолчдын эвлэл төрсөн нутагт нь цомыг нь нөхөж өгч байна” гэж Хайдавын Чилаажав найрагч хэлээд “Болор цом” гардуулсан. Мөөжигийнхөө болор цомыг Есүй хатны шүншигтэй Хатны булгийнх нь аршаанаар дүүргэж Урианхай, Галсан, Баяржаргал гээд цомын эзэн найрагчид дамжуулан хүртэж байсан говийн намар бас л мартагддаггүй. Боржгины гал голомт Говьсүмбэрт “Уран үгсийн чуулган” болохын үүдэл болгож энэхүү бичил тэмдэглэлийг тэрлэлээ. Яруу найргийн бадамласан оргилууд Монголын их утга зохиолд цагийн цагт төрж, ард түмнээ яруусган цэнгүүлэх болтугай.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *