Тархинд цус харвах, осол гэмтлийн улмаас тархи эдгэшгүйгээр бүрэн ажиллагаагүй болсон тархины үхэлтэй 1 донороос бөөр, элэг, зүрх, уушги, нойр булчирхай, нарийн гэдэс зэргийг 8 хүнд шилжүүлэн суулгаж амьдрал бэлэглэх боломжтой. Түүнчлэн тархины үхэлтэй донор нь яс, нүдний эвэрлэг, арьс зэрэг эдийн донор болдог. Манай улсад тархинд цус харвах тохиолдол нэмэгдэж нас баралтын шалтгааны 2 дугаарт орж байна. Дэлхий нийтэд амьд ахуйдаа донор болохоор бүртгүүлэх тогтолцоо хөгжсөн бөгөөд тархи ажиллагаагүй болсон үед гэр бүлийн Зөвшөөрлийг нь авч тархины үхлийг тодорхойлох мэргэжлийн эмч нарын баг тархины үхлийг тодорхойлно. Эд нийцэл эдийн тохироо нь үндэсний хүлээх жагсаалтанд буй өвчтнүүдээс хамгийн сайн тохирохыг нь сонгоно. Ингэж сонгохдоо цусны бүлэг, биеийн жин өндөр, биеийн байдал, эдийн тохироо, хүлээх жагсаалтанд хүлээсэн хугацаа, донор эрхтэнээс ойр хол байга зэрэг хүчин зүйлийг харгалздаг. Харин яс үндэс, хүйс, орлого, нийгмийн байр суурь, нэр хүнд зэрэг хүчин зүйлийг харгалздаггүй.
Донорын тухай хууль анх 2000 онд батлагдан 2012 он болон 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр дахин шинэчлэгдэн батлагдсан. Эрүүл мэндийн сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар “Эс, эд, эрхтнийг шилжүүлсэн суулгах үйл ажиллагаа зохицуулах алба” байгуулагдсан. Монгол Улсын 25 насанд хүрсэн иргэн эрхтнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн шийдвэрээ өөрийн харьяа болон аль ч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагад гарын үсгээр баталгаажуулан өгч, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, цахим картад тэмдэглүүлж болохоор Донорын тухай хуулийн 13.2-д заасан.
Мөн уг хуулинд “Донор” гэж өөрийн болон хүний эрүүл мэндийг хамгаалах, амь насыг аврахад зориулан эс, эд, эрхтэн болон эрхтний хэсгээ сайн дураар өгөгчийг хэлнэ.
3.1.2.“амьд донор” гэж өөрийн болон хүний эрүүл мэндийг хамгаалах, амь насыг аврахад зориулан эс, эд, эрхтэн болон эрхтний хэсгээ сайн дураар өгөгчийг;
3.1.3.“амьгүй донор” гэж тархи бүрэн үхжиж, үйл ажиллагаа эргэшгүй алдагдсан, нас барсан нь тогтоогдсоны дараа үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа зарим эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгахаар авч болох цогцсыг тус тус хэлнэ гэж зааж өгчээ.
2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 09.00 цагт Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба, УНТЭ, ХСҮТ-ийн шилжүүлэн суулгах баг, ГССҮТ, УГТЭ-ийн тархины үхэл тодорхойлох баг “Хамтран ажиллах гурвалсан гэрээ”-нд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээ нь донорын тухай хууль болон дагаж гарсан журмын хэрэгжилтийг хангах зорилгоор хийгдэж байгаа бөгөөд гэрээ хийгдснээр манай улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал эмчилгээний тусламж үйлчилгээг хүртээмжтэй, чанартай болгох, тархины үхэлтэй донорын олдоцыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.
Уг гэрээнд талууд гарын үсэг зурсны дараа үргэлжлүүлэн сургалт зохион байгуулагдах бөгөөд сургалтаар дээрх эмнэлгүүдийн тархины үхэл тодорхойлох багийн гишүүд тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний менежментийг хэрхэн зөв зохион байгуулах, хөгжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцан туршлагаа хуваалцах болно.
Гарын үсэг зурах арга хэмжээнд ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж болон ЭМЯ-ны ЭТГ, ЭМХТ-ийн ЭЭЭШСҮАЗА, УНТЭ, УГТЭ, ГССҮТ, ХСҮТ-ийн удирдлагууд, эмч мэргэжилтнүүд оролцлоо.
Хууль батлагдсанаас хойш 2 тархины үхэлтэй донороос бөөр, элэг, судас шилжүүлэн суулгах мэс заслаар 9 эд, эрхтэн шилжүүлэн суулгаж амь нас авраад байна.