Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр зохион байгуулдаг 21 аймгийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах “Үндэсний цом” тэмцээн энэ жилээс шинэ системээр буюу шинэ бүтэц, зохион байгуулалттай болно.
“Үндэсний цом” тэмцээн дээд шат болон нэгдүгээр шат гэсэн хоёр шатлалаар зохион байгуулна. Тухайн аймгийн шигшээ баг өмнөх жилдээ ямар амжилт үзүүлснээс хамаарч аль шатанд өрсөлдөх нь шийдэгдэх юм. Дээд шат, нэгдүгээр шатны багууд зөвхөн өөрсдийн зэрэглэл, шатлалдаа өрсөлдөн тус тусдаа шагналтнуудаа тодруулна.
Дашрамд дуулгахад, энэ жилийн дээд шатны сүүлийн хоёр баг ирэх жил нэгдүгээр шатанд өрсөлдөх бол нэгдүгээр шатны эхний хоёр баг чансаа өгсөн дээд шатанд хүчээ сорино. Энэ нь багууд харьцангуй хүчтэй өрсөлдөгчтэй тоглохгүй тул адил түвшний багтай эн тэнцүү тоглолт гаргах боломжийг илүү олгож байгаа аж. Шинэ системийг 2019 оны нэгдүгээр сарын 22-30-нд Сэлэнгэ аймагт болох футзалын “Үндэсний цом” тэмцээнээс хэрэгжүүлэхээр болжээ.