МЗЭ-ийн 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан 22 дахь удаагийн “Утгын чимэг” богино өгүүллэгийн наамад МЗЭ-ийн шагналт яруу найрагч Сольтогтохын Дамдиндорж “Гурван хэмжээс” өгүүллэгээрээ тэргүүлэв. Тэрээр Монголын яруу найргийн 1990-ээд оныхны нэгэн содон төлөөлөгч бөгөөд “Жимсний бөөр” номоороо утга зохиолын хүрээнд танигдсан нэгэн юм.
Харин МЗЭ-ийн шагналт зохиолч Түмэнбаярын Бум-Эрдэнэ “Олон болоорой” өгүүллэгээрээ энэ жилийн “Утгын чимэг” наадмын дэд байрыг хүртлээ. Т.Бум-Эрдэнэ зохиолчийн хувьд өмнө нь үргэлжилсэн үгийн зохиолын төрөлд шилдэг бүтээлийн “Алтан өд” шагнал хүртэж байсан юм. “Утгын чимэг” наадмын гуравдугаарт байрт зохиолч Б.Цоожчулуунцэцэгийн “Булангийн зогсоол” өгүүллэг шалгарав. “Утгын чимэг” наадмын сүүлийн шатанд 10 зохиолчийн өгүүллэг шалгарч үлдсэн бөгөөд МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Уянсүхийн “Алтан хундага”, зохиолч Ц.Ганболдын “Араатан”, МЗЭ-ийн шагналт зохиолч Г.Даваасүрэнгийн ”Байлдааны морьд”, Д.Нацагоржийн шагналт яру найрагч М.Эрдэнэбатын “Байхгүйн зовлон”, МЗЭ-ийн шагналт зохиолч П.Батхуягын “Сүүлчийн зүсэлт”, Соёлын гавьяат зүтгэлтэн С.Оюуны “Тэнгэрийн хүү”, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Эрдэнэбатын “Эх оронгүй хүн” өгүүллэгүүд тусгай байрт шалгарав.