БААБАР ИНГЭЖ ХЭЛЭВ
Уг нь бүх юм тун шалихгүй зүйлээс эхэлсэн. Цэцэрлэгийн ахлах ангийн хүүхдүүд байшингийн ёроолд овоорсон цасан хунгар руу шатнаас үсэрч тогложээ. Гэтэл хүүгийн эз таарч шилний хагархай мөгөөрсөн хоолойг нь хага татсан байна. Тэгээд яахав, эмнэлэгт очлоо, шилийг нь сугалж аваад өнгөц оёдол тавьсан юмсанж. Бараг жил хэртэй зүгээр явсны эцэст өнөө оёдол нь идээлж эхэлжээ. Сургуульд орох ёстой байтал эмнэлэгт намаржин хэвтэв. Учир нь цагаан хоолой нь шархалж, цаанаа гуурсан дотор идээт үрэвсэл буглажээ. Хожим эхийнх нь ярьснаар хүнд хагалгаа болсон гэх. Хоолойгоо зүссэнээс жилийн дараа эмнэлгээс гарлаа. Тэр жилдээ сургуульд орсонгүй. Иймэрхүү барцад ховор эд биш л дээ, онц сонин тохиолдол ч биш.
Хүү сүрхий эдгэсэн боловч ээрүү болчихжээ. Гэхдээ зүгээр нэг байдаг л ээрүү биш. Ганц үг хэлэх гээд тэр чигээрээ минут хэртэй таг гацчихана. Энэ хоорондоо амьсгаа авч чадахгүй царай нь хөхрөөд уначихна уу гэмээр болоод ирэх нь аймаар. Гэнэт амьсгаа аваад царай нь засран мөнөөх дутуу хэлсэн үгнийхээ төгсгөлийг хэлнэ. Дараагийн үг яг урьдах шигээ. Гэхдээ хүүгийн ухаан саруул, хүний хэлж байгааг бүрэн ойлгоно, зөв хариу үйлдэл үзүүлнэ. Ээж хүүтэйгээ дохионы хэлээр ойлголцож байхаар шийдэв. Гэхдээ хүүхэн өөрөө дохионы хэл мэддэггүй болохоор нялх хүүхдийн ойр зуурын зангаагаар л ойлголцож байхаар тогтжээ. Хэд хэдэн эмчид үзүүлсэн боловч энэ гацаа хоолойтой холбоогүй, тархинд гэмтэл гарсан байж магадгүй, аяндаа явцын дунд засрах биз хэмээн тайвшруулжээ. Юутай ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуульд оруулж дохионы хэл заалгах нь зүйтэй гэж зөвлөсөн байна.
Хүү сургуульд орлоо. Гэтэл шинэ бэрхшээл гарав. Хүүгийн амнаас эхүүн үнэр гараад байна хэмээн багш нь гомдоллож амыг нь угааж байхыг сануулав. Үнэндээ амыг нь угаах байтугай үнэртэй ус цацаад ч муухай үнэр арилахгүй байв. Харин ч удах тусам эхүүн үнэр өмхий маягийн болж улам дордох аж. Ангид хажууд нь суух хүүхэд олдохоо больсон төдийгүй ойртохоос бүгд дөлөх боллоо. Эх нь дагуулаад дахиад л баахан эмнэлгээр харайлгах нь тэр. Хүүгийн амнаас гарах жорлонгийн муухай үнэрээс болоод эмч нар олигтой үзэж оношилж өгөхөөс аль болох цааргалаад байх. Хүү ээждээ ч, эмчид ч ам руугаа заан ямар нэг юм хэлэх гэж чадлаараа хичээх авч гацчих учир ойлгохуйц мэдээлэл тэндээс хэн ч олж сонссонгүй. Нэгэнт бичиг үсэггүй болохоор бичээд зураад ойлгуулчиж чадахгүй. Сурч эхэлж буй дохионы хэл нь ам руугаа заагаад байгаа мэдээллийг дамжуулж барахгүй аж. Ингээд эх нь юутай ч хүүгээ бичиг үсэгтэй болгохоор шийдэв. Энэ хүсэлтийг сургуулийн багш нь хүлээн авахаас шууд татгалзах нь тэр. Харин ч хүүхдээ энэ сургуулиас гаргахыг эвтэйхэн ойлгуулах гэж хичээж буй нь илэрхий.
Эх хүү хоёр гэртээ цагаан толгой үсэглэх хичээл эхлэв. Ээж нь норгосон гар нүүрийн алчуураар амаа таглаж байгаад үсэг цээжлүүлэх гэж оролдоно. Гэвч хүүгийнхээ хажууд удаан тэсэшгүй. Байсхийгээд л өрөөнөөс гарч цонхоо онгойлгон эрүүл агаар амьсгалчихаад эргэж орж ирнэ. Заримдаа угаалгын өрөө рүү орж бөөлжинө. Үсэг нүдлүүлэх ажиллагаа тэгсхийгээд өөрийн эрхгүй зогсов.
Хүүгийн өмхий үнэр сар жилээр биш, өдөр хоногоор улам нэмэгдэх боллоо. Эх эцэг нь эхэндээ амны хаалт зүүн хүүтэйгээ харилцдаг, өрөөнийх нь хаалгыг бат нягт хаан түгждэг байсан авч удалгүй үнэр хаалга цонхыг нэвтлэх болов. Хөөрхий хүүг бараг сургуулиас нь хүчээр хөөсөн. Ангийн хүүхдүүд нь нэг өрөөнд хамт байж чадахаа больжээ. Ингээд гэртээ өнжих болов. Өмхий үнэрт байнга огиулж бөөлжин тэсвэрлэх аргагүй болсон эх хоолыг нь хаалган завсар шалан дээр тавин цаашлуулчихаад эргээд зугтдаг болов. Хааяа ээжтэйгээ харц тулгарах үед хүү ам руугаа заан ямар нэг юм хэлэх гэж чармайх авч хөөрхий эх энэ муухай үнэрт удаан тэсэхгүй учир үг сүггүй зугтана. Эх эцэг хоёр сүүлдээ гэртээ ч цөөн үзэгдэх боллоо. Хэргийн мөрөөр хөөвөл эцэг нь салаад тэр чигтээ арилаад өгсөн, шаварт унасан шарын эзэн болох эх л өдөрт нэг удаа хоол унд дөхүүлж буй ажээ.
Эх нь бодлоо, хэрэв гэртээ үлдвэл тун удахгүй хорт хийнд бүтэж үхнэ, чингэвэл хөөрхий хүүд хэн ч ойртож чадахгүй байсаар өлсөж тарчилж үхнэ. Иймээс гэрээсээ дайжаад хүүд хоол хүргэж өгч байя. Ингээд гэрээсээ явав. Долоо хоногт нэг удаа бөөнөөр нь хоол зөөнө. Өмхий үнэр улам хүчтэй, улам хортой болсоор. Хөрш айлууд гомдол гаргана, зарим нь зугтан нүүх болов. Эх нь хаалга цонхыг нь чадлын хэрээр битүүлэн бөглөөд, өөрөө хоол авч ирэхдээ хорт утааны баг өмсөх болжээ. Гэвч ядарсан эх туйлдан туйлдсаар нэг өдөр хорт хий бүхий хорвоог орхих нь тэр ээ. Энэ хэдэн жилд эхэд нь хэн ч тусалсангүй. Байнга хүү дээрээ очсоор байгаад өөрөө ч өмхий ханхлуулж явдаг болсон тул хүмүүс ойртохоос сэжиглэн туслах битгий хэл хажуугаар нь ойр зөрөх хүнгүй болсон юм.
Хүү бараг насанд хүрэх үед хот тэр чигээрээ өмхийрч эхэллээ. Хотын захиргаа ямар нэг арга хэмжээ авахаас өөр аргагүй болов. Тэртэй тэргүй тэр аймшигт үнэртэй хүнийг эмчлэх байтугай ойртох ч хүн дэлхий дээр олдохгүй нь тодорхой. Өмхий залууг хотоос хөөж гаргахыг шаардсан иргэдийн дуу хоолой улам өндөрсөж, хотын захиргааны гадаа бараг өдөр бүр эсэргүүцлийн жагсаал болох болов. Өмхийгийн орон сууц байтугай зэргэлдээ байшингууд ч эзгүйрчээ. Байрыг нь шатаах гэсэн хэд хэдэн оролдлого гарсан. Хүмүүс эцгийг нь хайсан боловч цаадах нь хэдийнэ гадаадад дүрвэн одсон аж. Ингээд хотын захиргаа онцгой албаныхантай хамтран өмхий үнэрний эх сурвалжийг эзгүй хээр цөлөв. Зөөхийн тулд жолоочийн бүхээг нь ган тусгаарлагчтай тусгайлан бэлдсэн танкинд ачсан аж. Эрхбиш залууг хээр зүгээр аваачаад хаячихсангүй. Тусгайлсан жижиг байшин барьж өгөөд ойр зуурын бүхий л хэрэгслэл тоног төхөөрөмж тавилга зэхсэн хэрэг. Түүнийг хотоос ачиж зайлуулсны дараа зарим хүмүүст өрөвдөх сэтгэл төрөн хандив цуглуулж цөллөгийн гэрийг нь нэлээд тохижуулж өгсөн юм. Өр зөөлөн хүмүүнлэг сэтгэл гаргасан хүмүүс улс даяар алдаршин өөрийн тусыг дөвийлгөн сонин хэвлэлд ярилцлага өгцгөөнө. Өмхий хүүг устгах, шатаах, цаазлах санал гарган жагсаал цуглааныг удирдаж байсан хүмүүс ч өр нимгэнтэйчүүд дотор цөөнгүй. Хорт утааны багтай тусгай хүн томилсон нь цөллөгийн байшингаас хэдэн километрийн зайтай болзсон газар сард нэг удаа хүнс аваачиж орхих үүрэгтэй ажгуу.
Хэдэн жилийн дараа өмхий үнэр хархүүгийн цөлөгдсөн нутгийг тэр чигээр нь бүрхэв. Тэндээс хүн амьтан байтугай ан гөрөөс дайжсан төдийгүй дээгүүр нь нисэх жигүүртэн ч үгүй болжээ. Олон жилийн дараа үнэр аажмаар багассаар бараг арилсан гэхэд болно. Засгийн газар ч олон солигдож өмхий хүнийг бараг мартжээ. Ингээд ер нь ямар учиртай хүн байсныг судлахаар хэсэг судлаач эрдэмтэд “өмхий хөндий” нэртэй болсон газрыг чиглэв.
Эзгүйрсэн байшин бараг нураад унажээ. Хөөрхий өмхий хүн нас бараад олон жил болсон учир араг яс нь л цайран үлдсэн байна. Өдгөө хэдийнэ үзэгдэхээ больсон дээр үеийн хуучин магнитофон олдсон нь тэнд ямар нэг яриа бичиж үлдээсэн бололтой. Эрдэмтэд магнитофонд бичигдсан яриаг сэргээж буулгаж дөнгөсөн юм.
“Би нэрээ ч мартжээ. Хар багаас минь хүмүүс намайг Өмхий гэх болсон учир тэр нэрэнд дасч. Би сургуульд сураагүй болохоор бичиг үсэггүй, надтай төрсөн эх эцэг маань хүртэл ярьдаггүй байсан болохоор хэлээ ч бараг мартах шахаж. Би өөрөө ярьж чаддаггүй гацчихдаг учир намайг хэн ч сонсож байгаагүй. Гэвч би яагаад өмхийрснөө тайлбарлах гэж энэ соронзон бичлэгийг үйлдсэн юм. Ганцхан бүтэн өгүүлбэр бичиж үлдээхэд би хэдэн сараа зарцуулж байна. Нэг үг хэлэх нь бараг өдөржингийн хүнд хөдөлмөр болдог. Гацаа гарсны дараа хэлсэн үеэ магнитфоноо ухраан түрүүчийн үетэйгээ холбон байж хүн ойлгохоор нэг үг болгож байгаа юм. Миний сонсгол, оюун ухаан эв эрүүл, сав саруул. Миний багад шилэнд зүсэгдсэн мөгөөрсөн хоолойг минь мэс заслалын эмч эргүүлж битүүлэн оёхдоо хоолойд минь марлиа мартчихсан юм билээ. Тэр марль л хоолойн дотор минь өмхийрчихсөн. Үүнийгээ хэлэх гэж өчнөөн удаа оролдсон авч эмч байтугай эх эцэг маань ч тэвчээд сонсохыг хүсээгүй. Би өмхийрсөн марль байгааг нэлээд хожим мэдээд өөрөө сугалж авах гэж насаараа оролдлоо. Хайч, хутга, хямсаа гээд хэрэглээгүй багаж үгүй. Оролдох тусам марль улам шигдэж, хэн нэг нь надад туслахгүй бол ерөөс гаргаж авах бололцоогүй болсон… Даанч надад туслах хүн хорвоо дээр ганц ч олдоогүй. Энэ хорвоод ганцхан ээж минь л намайг хайрлаж байсан, гэхдээ ойлгоогүй… Цагаан хоолойгоо огтолж марлины үзүүрээс татаж үзэхэд үжирсэн самбайн өчүүхэн хэсэг тасарч байв… Би хоолойгоо бүрэн огтлоод энэ марлийг базаж гаргаж ирээд шатаахаар шийдлээ. Нэгэнт бүрэн огтолбол би үхнэ. Үхэж байхдаа урьдчилж өрдсөн гал руу өмхий марлиа шиднэ… Маргааш ингэнэ… Хүмүүс ээ, би биш марль өмхийрсөн. Үнэндээ та нар өмхийрсөн… өмхийрүүлсэн. Надад ядахнаа ганц хүн тэвчээд тусалсан бол өмхийгөөс хэдийнэ хялбархан салж болох байсан… Та нар өмхий… Марль шатаж дуусахад миний өмхий арилна… Та нарын өмхий арилахгүй байх аа… Баяртай өм…хий… чүү…”
2018.10.26