БНХАУ-ын Засгийн газраас манай улсад олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Одоогоор замын зураг төсөл, түүнийг дагаж хийгдэх газар чөлөөлөлтийн ажил бүрэн хийгдэж дуусчээ.
Дээрх чиглэлийн автозамыг хоёр жилийн дотор барихаар төлөвлөж байсан бол нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, ажлыг эрчимжүүлснээр энэ оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар тооцсон байна.
Барилгын ажлын гүйцэтгэгчээр таван компани санал ирүүлснээс “Сино Хайдро” ХХК шалгарч, дотоодын 20 гаруй компани туслан гүйцэтгэгчээр ажиллах юм. Иймд Зам, тээврийн хөгжлийн яам, Сангийн яам, Нийслэлийн холбогдох мэргэжилтнүүд хамтран нарийвчилсан график, төлөвлөгөө гаргаж ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болсон байна.