Categories
мэдээ утга-зоxиол

“Болор цом”-ын эзнээр яруу найрагч Б.Баттулга тодорлоо

Говьсүмбэр аймгийн Чойр хотын “Боржигон” чуулгад 36 дахь удаагийн “Болор цом” наадам өнөөдөр ёслол төгөлдөр эхэлж шилгүүдээ тодрууллаа. Энэ жилийн “Болор цом”-ын эзнээр яруу найрагч Б.Баттулга тодорлоо.

Эгшиглэнт эхийн хишигт яруу найрагчийг тодруулах “Болор цом-36”-д нийт 140 уран бүтээлч шүлгээ ирүүлснээс 27 найрагчийн нэрс тодорсон билээ. Үүнээс гуравдугаар шатанд шилдэг 18 яруу найрагч шалгарсан. Шилдэг 18 найрагчаас дөрөвдүгээр шатанд есөн найрагч тайзнаа шалгарч үлдсэн юм. Эдгээрээс айргийн таван найрагчийг тодруулсан:

  • Тэргүүн байр: “Болор цом”-ын эзнээр МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Баттулга
  • Дэд байр: Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Би.Баярсайхан
  • Гуравдугаар байр: МЗЭ-ийн шагналт яруу найрагч О.Цэнд-Аюуш
  • Дөрөвдүгээр байр: “Алтан өд” шагналт яруу найрагч Д.Одгэрэл
  • Тавдугаар байр: Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Д.Жамбалдорж

Утга зохиолын хүрээнийхний дунд “Гэгээн хэсүүлчин” гэгдэх МЗЭ-ийн шагналт яруу найрагч Базарсадын Баттулгын шүлгийн дээжээс та бүхэндээ хүргэж байна. Удахгүй “Болор цом”-ын тэргүүн шүлгийг хүргэх болно.

Гүн ухаантан ширээ түшин бодлогоширч байна…

Гүн ухаантан ширээ түшин бодлогоширч байна.
Гүйцэд болоогүй мойл жимсний тухай,
Мойлын төгөлд адуу эрж саатсан тухай,
Тэр адуу нутаг тэмцэж явсан тухай,
Тэмүүлж яваа нутаг нь орчлонгийн захад байдаг тухай
Гүн ухаантан ширээ түшин бодлогоширч байна.
Гүн ухаантан ширээ түшин бодлогоширч байна.
Мойл жимс гүйцэд болоод унасан тухай,
Морин тэр л цагт хачин тунгалаг нулимс унагасан тухай,
Хачин тунгалаг нулимс нь гэгээхэн дэлхий мэт эргэлдсэн тухай,
Харшинга тэр адуу нутгаа гүйсэн тухай
Гүн ухаантан ширээ түшин бодлогоширч байна.
Гүн ухаантан ширээ түшин бодлогоширч байна.
Орчлонгийн захад уулсын хормой адууны нүдэнд үзэгдсэн тухай,
Онхид мартагдсан хонгорзулын үнэр ирсэн тухай,
Хөөрхий тэр адуу урд хоёр хөл дээрээ сөхөрсөн тухай,
Хөх мах нь чичрэхэд ангир үймэлдсэн тухай
Гүн ухаантан ширээ түшин бодлогоширч байна.
Гүн ухаантан ширээ түшин бодлогоширч байна.
Бүх юм сайн сайхан руу тэмүүлдэг тухай,
Бүр эртний учрал Хагацал байсан тухай,
Сайн сайхан руу тэмүүлээд сөнөдөг тухай,
Сац бас тэр сөнөлт сайн сайхан байдаг тухай,
Сая сая жилээр хөдөлгөөн дунд оршдог тухай,
Салхин хөдөлгөөн дунд үхэж, бас өндийж байдаг тухай
Гүн ухаантан ширээ түшин бодлогоширч байна.
Гүн ухаантан ширээ түшин бодлогоширч байна.
Үхэж, бас өндийх хөдөлгөөн мөнхөд үргэлжилдэг тухай,
Өнө мөнхийн энэ үргэлжлэлд орчлон тогтдог тухай,
Орчлон өөрөө бас сөнөдөг тухай,
Онхид мартагдсан хуучныг шинэ гэдэг тухай,
Одоо яг бороо орж байгаа тухай
Гүн ухаантан ширээ түшин бодлогоширч байна.
… Гүн ухаантан ширээ түшин бодлогоширч байна.
Өндөг бүсгүй хүн хоёр адилхан тухай,
Өндөр нам хоёр ялгаагүй тухай,
Тогтоол ус, нуур хоёрын аль нь гүн тухай,
Тогоруу цам харайхдаа юу болдог тухай,
Харанхуй гэрэл хоёрын мөн чанарын тухай,
Хагацаж чаддаг нөхөр үнэнч байдаг тухай,
Хамгийн эхний болоод эцсийн тухай
Гүн ухаантан ширээ түшин бодлогоширч байна.

Золбин жингэрийн дууль

Жирийн л эх-заяанд төрсөн
Жингэр гэдэг ад үзэгдсэн амьтан
Жихүүн салхитай зэвэргэн тэр үдэш
Зэндмэнэ сарны дор гөлөглөжээ
Шорвог нулимстай орчлон өрөвдсөн ч юм шиг
Шоовдор заяаг нь тэгшлэх ч гэсэн юм шиг
Сортоотой эр гөлөг ганцыг заяажээ
Содноос содон шаргалхан зүстэй ажээ
Нүгэл мэдэхгүй тэр хөөрхөн амьтныг
Нүдээ нээгээгүй байхад нь хүн авчээ
Ганцаардан үлдсэн хөөрхий муу жингэр
Гаслан цөхөрсөн ч тэнэмэл тавилангаа яахсан
Нумартал татаад тавьсан хөвч шиг
Нохдыг үлдээн жавхайтал ганцаараа сугарсан
Идэр насыг нь хулгайлж энэрэлгүй хорвоо
Эрүүний хувхай ясан дунд сэгсэрч орхижээ
Гэмгүй хөөрхөн гөлөг нь суга өсч
Гинжиндээ агсарч бусад руу дайрдаг болжээ
Гэсгээл өршөөл зэрэгцсэн хорвоо тэр юм шиг
Гинжтэйгээ эвлэрч бусдаас хоол горилжээ.
Саруул саруул мөртлөө нүдгүй орчлонгийн
Санаандгүй тохиолоор нэгэн жингэртэй л таарчээ
Гинжний догшин авир нь гэнэт хөдөлжээ
Гунхирсан хөөрхий түүний хоолойд
Уудам уудам мөртлөө давчуу хорвоод
Учрал хагцалын од зэрэг тохиожээ
Амьдын орчлонд тээж төрүүлсэн эхийнхээ
Ачийг хариулсан нь тэр байлаа
Шаргалхан үр нь тугдайн хэвтэх шиг
Сарнаас эцсийн удаа аврал эрэн
Золбин жингэр аяархан гийнаад
Зовлон үр хоёроосоо салжээ

Ирж буй цаг

Шувууны мөр харц шиг мэлтэгнэж үлдэхийг анзаарчээ суунам
Сүүмэгтэй өвс тэрүүхэнд гэрэлтэх нь этүгэн эхийн ариусал шиг бодогдном
Хаа нэгтээ, гол дотор л мөнгөн бийр унах шиг соньхон мэдрэмж цалгихуйд
Хараан сунган тэнгэрийг нэгжвэл Үржинлхамын орон үзэгднэм
Тэнд морь зүүрмэглэх шиг нам гүмийн дотор дээлтэй хүмүүн шүлэг бичнэм
Тэрлэгээ засахад нь нэг их шаргал гэрэл цацарч, ахиад ажин түжин залганам
Тэмээний нулимс далай болоод өлмийд нь хүрч аяархан замхрахад
Тийм нэг жижигхэн шувуу Эрээнцавыг зүглээд Тарь нууранд лянхуа болном
Хорьдын саран асаасан лаа шиг гэрэлтэхийг одоо хэн мэдрэх бол
Холхи Эрээнцавын дөрвөн цагт өнчин зорголын зүүдтэй дээ
Тунгалаг шүүдэр найрагчийн нулимс шиг сувдрахыг одоо хэн имрэх бол
Туулайн хурал янзаганы наадамтай дорнын тал гунигласхийнэ дээ
Манан дунд суль өвс дохих нь Амитабагийн өлмийн хүндлэл болохуйяа
Мяралзах Улзын татуурга дээр мандал ширтэн удаан суув би
Үзэсгэлэнт бүсгүйчүүд бүжиглэж бүжиглэж буцсан мэт нил содон үнэр сэвэлзэхүйеэ
Өнөөх алтан харгана өнчирснийг бодоод хөндлөн тэвнэ гялалзах шиг санаа алднам
Дэргэд нь дуу аялахад пор пор буцалдаг Оргихын булаг шиг хүмүүн
Дэндүү чиг гэгээхэн шүлгээ сарны саруулд уншиж л явсан юм
Дөнгөж сая босоод явсан бололтой гөрөөсний халуун хэвтэр савсахуйд
Дээшээ харж хэвтээд тэрбээр өвс зуун санааширсан юм
Баруун сарны шүлэгч шиг шүлэгч ахиад төрөхгүй
Баруун саран шиг саран ч ургах болов уу яах бол
Гэгэлгэн гэгэлгэн олныгоо уйлуулаад л буцчихсан таныгаа бодохоор
Гэр дээр минь зүсрэх бороо усан гөрөөс шаглана
Дээд мандлаас дэлхийн бөмбөрцгийг харахуйяа
Дэнгийн гэрэлд дээлтэй хүмүүс шүлэг бичих шиг нумарна

Мөнгөн шөнөөр

Мөнгөн шөнөөр би холын холыг зорино
Мөрөөдлөө хүүдээ үлдээчихээд аниргүйн гэгээнд уусна
Ийм аялалаа бодохоор сэтгэл нэг л дэнслээд
Ирж буй цагийн тухай асгаруулан дуулмаар бодогдоно
Тэнгэрийн гэрэлт хаалгыг аяархан татахаар зорино
Тэрлэгээ тайлах шиг тавиланг аргадаж тайтгаруулсаар одно
Надтай зөрж ирэх нялх энхрийхэн бүхэнд
Нарны галтай бийрээр хайр тэрлэж үлдээнэ
Эхлэл нь замхравч төгсгөл нь эхэлдэг орчлон юм
Ээж нь охиндоо эргэж төрдөг хорвоо юм
Дуу нь намдавч цуурай нь шуранхайлдаг ертөнц юм
Дурдатгалын шидэт гүүрээр ирээдүйд зорчих тавилан юм
Охины минь нууцлаг инээмсэглэл болор одны дохио мөнийг
Оньсого таах хүү минь өндөр заяаны оньсого мөнийг
Одож байхдаа мэдрэх ямархан бол гэж санахаар
Онцын сонин тэр аялал зүрхэн дотор нүргэлнэ
Зүсэрч буй бороон дундуур одоохондоо би зүсэрч л явна
Зөнгийн бүрээ хангинан дуурсахаар аялалын цаг дохиолсныг мэдэрнэ
Бударч буй цасан дундуур одоохондоо би бударч л явна
Бурханы мэлмий ирмээд гэрэлтэхээр жингийн сүйх ирчихсэнийг ойлгоно
Өөрийн биеийг тэрлэг шигээ тайлж орхиод
Өнгө бүхнийг багтаасан цагаан зурвасыг дагаад
Холын хол аялалд одохын тэр цагт минь
Хорвоо дээр нэг л оньсого нууц хэвээрээ үлдэнэ дээ
Алтан ишийг нь ороогоод хортой могой ургачихсан ч
Арааны шүлс асгармаар амтат тошлой ургаж байна
Амьд явна аа гэдэг юутай нандин агуулга мөнийг
Амжиж мэдрэхээр би одоохондоо алхаж л явна
Нүднээсээ дотогш харах гээд лааны гэрэлд сүүмийж суулаа
Нүцгэрч буй модны дотор цагариг эргүүлээд жиндэж суулаа
Хайртай гээд хэлж зүрхлэлгүй харамласхийгээд ганхаж суулаа
Халуун бодлынхоо цөмд өөрийгөө аргамжаад бөртийж суулаа
Мөнгөн шөнөөр би холын холыг зорино
Мөрөөдлөө хүүдээ үлдээчихээд аниргүйн гэгээнд уусна
Ийм аялалаа бодохоор сэтгэл нэг л дэнслээд
Ирж буй цагийн тухай асгаруулан дуулмаар чиг бодогдоно доо

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *