Categories
мэдээ спорт

ОУИМ Д.Эрдэнэбилэг чансаагаараа дэлхийд 65-д эрэмбэлэгдлээ

Монголын даамчдаас ОУИМ Д.Эрдэнэбилэг 2292 оноогоор 2018 оны сүүлийн улиралд нийт тамирчдаа манлайлж, дэлхийд 65-д эрэмбэлэгджээ. Улирал тутамд дүгнэдэг Дэлхийн даамын холбооны чансаа шинэ оны анхны өдөр гарсан бөгөөд уг рейтингээр манай 31 тамирчин шинээр ДДХМ/FMJD/-ын ID-тай болж, Дэлхийн даамын холбоонд албан ёсоор нэрээ данслуулсан байна. Тухайлбал, өнгөрсөн 12 дугаар сарын 1-2-нд болсон блиц, рапид тоглолтын УАШТ-ий дүнг харгалзаж олон улсын чансаа боджээ. Д.Эрдэнэбилэг өнгөрсөн 11 дүгээр сард БНХАУ-д болсон “Лишуй Опен 2018” олон улсын тэмцээнд амжилттай тоглож, чансаагаа +6 пунктээр ахиулжээ. Харин эмэгтэйчүүдийн чансааг Голланд улсад амьдарч, Лигт нь тоглож буй ДДХМ Н.Мөнхтуяа 2079 оноогоор тэргүүлж, 15 настай СМ Б.Мишээл 2062, 12 настай ДМ Н.Лхагвадолгор 2060 оноогоор тус тус 2, 3 дугаар байр эзэлжээ. Олон улсын тэмцээнд идэвхтэй оролцдог улс орнуудыг чансаагаар ангилахад Монгол Улс нээлттэй ангилалд 16 дугаар байр, эмэгтэй ангилалд есдүгээр байрт тус тус бичигдлээ. Уг чансаагаар Монголын даамчдаас шинээр олон улсын цол хүртсэн тамирчин гараагүй байна. Харин “Лишуй Опен 2018” тэмцээнээс СМ Б.Мишээл эрэгтэйчүүдийн Олон улсын мастер цолны 1 балл, ДДХМ Э.Хүслэн эрэгтэйчүүдийн Дэлхийн даамын холбооны мастер цолны 1 баллыг тус тус биелүүлсэн юм

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *