Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд зааснаар Цагаан cap, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан жилд хоёр удаа 65-аас дээш насны ахмадуудад “Насны хишиг”-ийг олгодог билээ. Үүнд,
- 65-69 настай ахмад настанд 50 мянган төгрөг;
- 70-79 настай ахмад настанд 80 мянган төгрөг;
- 80-89 настай ахмад настанд 150 мянган төгрөг;
- 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөгийг тус тус олгохоор заасан байдаг.
2019 оны төсөвт “Насны хишиг” олгохоор 22.2 тэрбум төгрөг суулгажээ. Энэ нь өнгөрсөн оноос 1.6 тэрбум төгрөгөөр өссөн дүн /2018 онд 136 мянган ахмадад 20.6 тэрбум төгрөг олгосон/ юм. Энэ жил 65 нас хүрч “Насны хишиг” авах болзол хангаж буй ахмадууд хороондоо хандаж бүртгүүлэх шаардлагатай бол өмнө нь “Насны хишиг” авч байсан ахмадуудын хувьд дахин бүртгүүлэх шаардлагагүйг ХНХЯ-ны мэргэжилтэн хэллээ. Мөн жилд нэг удаа буюу Цагаан сарын өмнө Алдарт эхийн одонтой ээжүүдэд “Одонгийн мөнгө” олгодог. Өнгөрсөн жил 216,679 ээжид 28.5 тэрбум төгрөг олгож байсан бол энэ жилийн төсөвт 29.4 тэрбум төгрөг суулгажээ. Алдарт эхийн нэгдүгээр одонтой ээжид 200 мянга, хоёрдугаар одонтой ээжид 100 мянган төгрөгийг жилд нэг удаа олгодог. Цагаан сарын баяр жил бүр өөр өөр хугацаанд /аргын тооллоор/ таардаг учраас хуульд заасны дагуу баярын өмнө “Насны хишиг”, “Одонгийн мөнгө” олгох ажлыг зохион байгуулдаг байна.