Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр сарын 1-нд хулгайлах гэмт хэрэг эрс буурчээ

Өнгөрөгч 2017 онд шинэ жилийн баярын өдрүүдэд хүнийг алах гэмт хэрэг дөрөв бүртгэгдсэн бол энэ онд гурав бүртгэгдэж 25 хувиар буурсан байна. Хүний амь нас хохирсон шалтгаан нь ахуйн хүрээнд архидан согтуурсан, гэр бүлийн хоорондын таагүй харилцаанаас үүдэлтэй байжээ. Мөн нэг иргэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ осгож нас барсан байна.

Шинэ оны эхний өдөр буюу нэгдүгээр сарын 1-нд хулгайлах гэмт хэрэг эрс буурсан байна. Энэ нь иргэд гэр орондоо амарсан, эзэнгүй орхиогүйтэй холбоотой бөгөөд энэ өдөр архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаггүйтэй холбоотой болохыг албаныхан хэлж байна. Баярын өдрүүдэд үйлдэгдэж буй гэмт хэргийн дийлэнхи хувийг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн гэмт хэргүүд эзэлдэг аж. Тухайлбал Улаанбаатар хотын эрүүлжүүлэх байранд өдөрт 250 орчим хүн саатуулагддаг бол архи зардаггүй өдөрт 100 гаруй хүнээр буурдаг байна.

Цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон байж болзошгүй 7 эмэгтэй, насанд хүрээгүй 11 эмэгтэй, 7 эрэгтэй хүүхэд нийт 25 хүнийг түр хамгаалах байранд байрлуулж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ.

Энэ талаар өнөөдөр ЦЕГ-аас хэвлэлийн хурал хийж мэдээллэв.

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбат

“Шинэ жил 2018 нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа.

Улсын хэмжээнд 4,028 офицер, 5,397 цагдаа, 685 сонсогч үүрэг гүйцэтгэлээ. Гэмт хэрэг зөрчлийн 8,158 дуудлага мэдээллийг хүлээн авч, гэр бүлийн хүчирхийллийн 1,110 дуудлагыг хүлээн авснаас 960-ийг хуулийн дагуу шийдвэрлэсэн.

11 гэмт хэргийг Цагдаагийн албан хаагчид илрүүлж, согтуугаар танхайрсан, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 1,282 иргэнийг эрүүлжүүлж, зөрчил гаргасан 8 иргэнийг баривчилсан.

Ар гэр асран хамгаалагчид 361 хүнийг хүлээлгэн өгч, зөрчил гаргасан 7,286 хүнийг 239 сая төгрөгөөр торгож, согтуугаар тээврийг хэрэгсэл жолоодсон 262 жолоочийг илрүүлэн шалгасанбайна.

Гэр бүлийн хүчирхийллээс хохирсон байж болзошгүй 25 хүнийг түр саатуулах байранд байрлуулж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж, хууль эрх зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Тэсэрч, дэлбэрэх бодис улсын хилээр оруулах ажиллагааг түр хугацаанд зогсоож ажилласан.Пиротехникийн хэрэгслийг хууль бусаар худалдан борлуулах үйлдлийг таслан зогсоох зорилгоор хяналт шалгалтыг Нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан” гэв.

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Б.Лхагважаргал “Тээврийн цагдаагийн алба шинэ жилийн баярын өдрүүдээр нийслэл хотын хэмжээнд 129 уулзвар, гудамж замын хяналтандаа авч замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр бүрэн бүрэлдэхүүнээрээ үүрэг гүйцэтгэсэн ба эдгээр өдрүүдэд замын хөдөлгөөн ачаалал багатай хэвийн үргэлжиллээ.

Хоногийн нөхцөл байдлын мэдээгээр шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд улсын хэмжээнд зам тээврийн осол, зөрчлийн талаарх дуудлага мэдээлэл 892 хүлээн авснаас 306 зам тээврийн ослыг бүртгэлд авч шалган шийдвэрлэлээ.

Бүртгэгдсэн зам тээврийн осол зөрчлийн улмаас 5 хүний амь нас хохирч, 35 хүн тодорхой хэмжээний бэртэл, гэмтэл авчээ. Зам тээврийн ослын улмааас амь насаа алдсан хүн өсөлт бууралт үгйү, гэмтсэн хүний тоо 12.9 хувиар өсчээ.

Хүний амь нас хохирсон осол Сүхбаатар, Баянхонгор, Орхон аймаг, Багануур, Сонгинохайрхан дүүрэгт тус тус бүртгэгдсэн ба хөдөлгөөнд оролцож байсан хэлбэрийг нь авч үзвэл 3 явган зорчигч, 1 жолооч, 1 тээврийн хэрэгслээр зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртсөн байна.

Эдгээр ослын 60 хувь нь орон нутгийн замд онхолдох хэлбэрээр гарсан.

Улсын хэмжээнд хүүхэд өртсөн осол 3 бүртгэгдсэн, хүний амь нас хохирсон осол бүртгэгдээгүй, 3 хүүхэд тодорхой хэмжээний бэртэл гэмтэл авсан үзүүлэлтийг өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад хүүхэд өртсөн осол 57.1 хувиар буурчээ.

Өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл улсын хэмжээнд 18.9 хувиар, нийслэлд 18.6 хувиар өсч, бүртгэгдсэн зам тээврийн осол улсын хэмжээнд 3.8 хувиар, нийслэлд 7 хувиар буурсан байна” гэлээ.

Нийслэлийн Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Амармөрөн “Улаанбаатар хотод Нийслэлийн Цагдаагийн байгууллагаас өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэлээ.

Үүрэг гүйцэтгэх хугацаанд 4,345 албан хаагч ажилласан. Энэ хугацаанд 953 хүнийг эрүүлжүүлсэн, 23 сая торгуулийн арга хэмжээ авсан байна.

Цагдаагийн албан хаагчид 33 гэмт хэргийг шуурхай илрүүлж ажилласан. 4 хоногийн хугацаанд гэмт хэргийн нийт дуудлага 10 хувиар буурсан байна. Зөрчлийн дуудлага мэдээлэл 25.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Үүн дотроо золгүй байдлаар амиа алдсан тохиолдол 39 бүртгэгдэж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас амиа алдсан тохиолдол 3, осгож амиа алдсан хэрэг 1 бүртгэгдсэн.

Мөн дээрэмдэх гэмт хэрэг 53 хувиар, хулгайлах гэмт хэрэг 73 хувиар, хүчиндэх гэмт хэрэг 50 хувиар буурсан үзүүлэлт харагдаж байгаа.

Гэмт хэргийн гаралт ийнхүү буурсан иргэдээс ихээхэн шалтгаалсан нь харагдаж байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *