Categories
мэдээ нийгэм

Төрийн албаны зөвлөл орон тооны таван гишүүнтэй болно

Гурав дахь удаагаа шинэчлэгдэн батлагдсан төрийн албаны тухай хууль өнөөдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ.
Төрийн албанд шатлан дэвшүүлэх зарчмыг хуульчлан баталсны сацуу (улстөрийн албан хаагчаас бусад)төрийн албан хаагчид улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байхаар хуульчилсан шинэхэн хуульд бас нэгэн зарчмын өөрчлөлт орсон нь Төрийн албаны зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүнд орсон өөрчлөлт юм. Төрийн албаны төв байгууллага болох Төрийн албаны зөвлөл нь орон тооны таван гишүүнтэй байхаар хуульд заажээ.
УИХ-ын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас нэр дэвшүүлэн сонгосон гурван орон тооны гишүүдээс гадна төрийн албан хаагчдын төлөөлөл болсон хоёр гишүүнтэй байхаар хуульчилсан билээ.
Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 68 дугаар зүйлд заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулахаар зарыг өнөөдрөөс олон нийтэд түгээж эхэлжээ. Сонгон шалгаруулалтыг Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар тогтоолоор баталсан байна.
Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч нь 45 нас хүрсэн Монгол Улсын иргэн байх бөгөөд дээд боловсролтой, төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан, төрийн удирдлага, эдийн засаг, эрх зүй, боловсролын чиглэлээр мэргэшсэн, ял шийтгүүлж байгаагүй, сүүлийн нэг жилийн хугацаанд улстөрийн намын аль нэг байгууллагад сонгуульт болон бусад албантушаал эрхэлж байгаагүй, сахилгын шийтгэлээр төрийн албанаас халагдаж байгаагүй зэрэг нийтлэг шаардлагыг хангасан байх учиртай юм.

Төрийн албаны зөвлөлд төрийн албан хаагчдын төлөөлөл болсон хоёр гишүүн сонгон шалгаруулах журам хийгээд сонгон шалгаруулалтын мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн албан сайтаас дэлгэрүүлэн үзнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *