Categories
мэдээ эдийн-засаг

Гурван хэмжээст хамгаалалт бүхий 5000 төгрөгийн дэвсгэрт гүйлгээнд гарна

Монголбанкнаас 5000 төгрөгийн дэвсгэртийн хамгаалалтын элемент, технологид сайжруулалт хийж, шинэ хувилбарыг гаргах арга хэмжээг аваад байна.

Монголбанкнаас үндэсний мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах замаар мөнгөн тэмдэгтийн зохистой бүтцийг хангах, шинээр хэвлэх, тээвэрлэх, хадгалах, нөөц бий болгох үндсэн үүргээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ төгрөгийг хуурамчаар үйлдэх явдлыг багасгах, зогсоох тал дээр анхааран ажиллаж байна.

Манай улсад хуурамчаар үйлдэгдэж буй мөнгөн тэмдэгтүүд нь ихэвчлэн хамгийн өндөр дүнтэй 5000, 10000, 20000-тын дэвсгэрт байдаг тул Монголбанкнаас нэн түрүүнд эдгээр 3 дэвсгэрт дээрх иргэд энгийн нүдээр хараад төвөггүй таних 1 дүгээр түвшний хамгаалалтын элементүүдийг сайжруулах зорилтыг тавьсан.

Энэ зорилтын хүрээнд эхний ээлжинд нөөц дахин бүрдүүлэх хугацаа нь болсон 5000 төгрөгийн дэвсгэрт дээр ажиллаж, олон улсын хэмжээнд судалгаа хийсний үндсэн дээр сүүлийн үеийн шинэ технологиор хийгдсэн элементийг уг дэвсгэртэд оруулан сайжруулж шинэчилсэн хувилбарыг гаргах арга хэмжээг авав.

Шинэ таних тэмдэгтэй болсон 5000 төгрөгийн дэвсгэртийн нүүрэн талд байрлах Соёмбонд сүүлийн үеийн дэвшилтэт технологиор хийсэн 3-н хэмжээст хөдөлгөөнтэй, дээш, доош налуу хөдөлгөхөд өнгө нь солонгорч харагдах Спарк бэхэн элемент оруулж өгсөнөөр иргэд энгийн нүдээр хараад жинхэнэ тэмдэгтийг хуурамчаас ялгаж танихад хялбар болов.

Ийм төрлийн хамгаалалтын таних тэмдгийн гол шинж чанар нь хуурамчаар хийх бараг боломжгүй бөгөөд дуурайлган хийх тохиолдолд өндөр зардалтай байдаг аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *