УИХ дахь МАН, АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн талаар баримтлах байр, сууриа нэгтгэнэ.
Чуулганы энэ долоо хоногийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай, Нотариатын тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх юм. Мөн ЖДҮХС-тай холбоотой асуудлыг шалгах “Түр хороо байгуулах тухай” тогтоол, Боловсролын тухай, Шуудангийн тухай, Хэмжил зүйн тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товлосон байна. Түүнчлэн Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай, Гэмт этгээдийг шилжүүлэх тухай, Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол, Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах асуудлыг хэлэлцэх юм.