Categories
мэдээ цаг-үе

Михаэль Шумахер “Би өөрийгөө үргэлж дутуу үнэлнэ. Тэгж байж цаашид хөгжих замаа хардаг”

Шумахер орноосоо өндийсөн гэх гэрэлт мэдээг Их Британийн Daily Mail сонин дэлхийд зарлаж авто уралдааны “Формула-1” ангиллын цорын ганц долоон удаагийн аварга нисгэгчийн сая, сая фэнүүдийг баясгалаа.

Сунайсан таван жил. Яг ийм хугацааг цагтаа салхи исгэрүүлэн хурдалж, суух завгүй давхиж явсан хорвоогийн хамгийн “догшин жолооч” хэвтэрт хадагдаж тусгай аппаратаар шахах цэвэршүүлсэн агаар амьсгалж өнгөрүүлсэн. За даа, хүмүүс бараг мартах шахаж буй Германы автоуралдаанч “Улаан барон” хочит Михаэль Шумахерын ослын талаар өнгөц сануулъя.

Осол, аваараар арвин “Формула-1”-ийн уралдааны зам дээр тэр бүдрээгүй. Ер нь хорь гаруй жилийг 300 миллийн хурдтай давхидаг хөлөгний ард сууж өнгөрөөхдөө тогтмол аз хийморьтой байж осол гэмтлээс бултаад л аваргалаад л байсаар өнгөрөөсөн хүн шүү дээ. Харин зодог тайлаад удалгүй Альпийн нуруунд цанаар гулгаж яваад тэгж аймаар гэмтсэн гэхээр тун эмгэнэлтэй.

2013 оны арванхоёрдугаар сарын 29-нд Шумахер Альпийн салбар нуруунуудын нэгэн хэсэгт байрлах цанын баазын хаялгаар уруудаж байлаа. Тэр зориулалтын хоёр цасан замын хоорон дахь хамгаалалтгүй хэсгээр доош уруудан гулгаж байгаад хөл алдаж 30 метр орчмын өндрөөс унаж хамгаалалтын малгайгаа хагартал хад мөргөхдөө тархиндаа асар хүнд гэмтэл авсан. Тэгээд шууд тэндээсээ Греноблийн эмнэлэг рүү нисдэг тэргээр хүргүүлэн тархины маш хүнд хоёр ч мэс засалд орсны дараа хагас жилийг ухаан оролгүй хиймэл амьсгалын аппараттай, ямар ч хөдөлгөөн үгүй комд хэвтэж өнгөрүүлжээ. Дараа жил нь түүнийг Швейцарийн Лозанн хотын их сургуулийн дэргэдэх эмнэлэгт хүргүүлэн эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн эмчилж байгаад хожмоо сэргээн сайжруулах тасаг болгон өөрчилсөн юм билээ. Тэндээ нэг их өөрчлөлт олоогүй тул Женевийн нуурын ойролцоох 30 сая ам.долларын үнэтэй түүний хувийн харшид авчирч уг харшаа муухан эмнэлгээс дутахааргүй тоноглож байгаад эмчилгээгээ үргэлжлүүлж эхэлсэн. Ойр дотных нь хүмүүс түүний биеийн байдлын талаарх сайн, муу мэдээ хэвлэл мэдээлэлд гарахаас чухам их сэргийлж хатуу чанга хамгаалалт дор амьдарч байсан тул тэгсхийгээд л Шумахерийн талаар юу ч сонсогдохоо больсон билээ. Цаст уулын нуруунд хүнд гэмтэл авснаас хойш бүтэн таван жил өнгөрөхөд хэвлэлийн хуудаснаа үнэн бодит мэдээлэл хоёр өгүүлбэрээс хэтрэхээргүй гарлаа гэсэн нь Михаэлийн эхнэр Коринагийн чанга гар нөхрийгөө чадлынхаа хэрээр нуусний гавьяа биз ээ. Энэ хугацаанд зөвхөн ойр дотных нь хүмүүс “мэдээлэл цацахгүй” гэдэг албан амлалттайгаар түүнтэй уулзаж байсан гэх. Олон улсын автоспортын холбооны ерөнхийлөгч Жан Тодт сардаа нэг, хоёр удаа “эргэлт оруулна”. Учир нь тэр бол Шумахерийг “Феррари” багт өнгөлж таван удаа дараалан аваргалах үед уг багийн ерөнхий менежер байсан, ойрынх нь хамтрагч тул. Тэр нөхөр анхлан өнгөрөгч сард Шумахертай хамт “Бразилийн Гран-При “-г үзсэн, Льюис Хэмилтоны ялалтыг үзээд нулимс унагаж байсан гэх жижиг мэдээг нийтэд цацаж Шумахер хорвоог орхих болоогүй, амьд сэрүүн, бүр тийм дээрээ тулбал зарим үйл явдлыг ойлгох хэмжээнд хүрчихээд байна гэдгийг түмэн олон хөгжөөн дэмжигчдэд нь дуулгасан юм.

Дараа нь үргэлжлээд “Daily Mail” сонины “Шумахер орон дээрээсээ боссон, бас хиймэл аппаратаар амьсгалахаа больж ердийн, өөрийнхөөрөө амьсгалдаг болсон, тэргэн дээр суугаад нуур ширтэж, санаагаа бага зэрэг ойлгуулж байгаа” гэдэг мэдээ цацагдлаа. Гэр бүлийнх нь хүмүүс үгүйсгэсэн, няцаасан мэдэгдэл хийхгүй байхыг бодвоос уг мэдээ үнэн бололтой. Долоо хоногт 50 мянган фунт стерлингийн зардалтай эмчилгээ хийгдэж байгаа, хэрвээ энэ чигээрээ бие нь илааршвал Мальоркад байдаг харш руу нь шилжүүлнэ гэж уг сонин бичсэнээс гадна Шумахерийн гэр бүл түүнийг гэмтэхээсээ сарын өмнө өгсөн ярилцлагыг хав дарж байгаад саяхан нийтэлсэн зэрэг нь “улаан барон”-ы хувь заяа өөдрөг харагдах болсны илрэл яах аргагүй мөн буюу. Уг ярилцлагад Шумахер “Рекорд гэдэг юу юм бэ. Тэр бол зөвхөн тоо. Түүнд хүрэх гарц л хамгийн чухал. Хүн заавал эргэлзэж байх хэрэгтэй. Тэр нь мухар итгэлийг хязгаарлаж өгдөг юм. Хүн эргэлзэх тусам өөрийгөө сайжруулах хил хязгаараа тэлдэг. Би лав “ийм хэсэгт муу байна, тиймээс тэр зүгт сайн ажиллах хэрэгтэй” гэж өөрийгөө тогтмол хурцалж байлаа. Тиймээс би өөрийгөө тогтмол дутуу үнэлнэ. Тэгж байж гэмээнэ би хөгжинө. Намайг өдий зэрэгтэй авч яваа эмийн жорыг энэ гэж бодож байна” хэмээн өгүүлсэн байсан. Тэр одоо огт ярьж чадахгүй байгаа ч дотоод сэтгэлдээ өөрийгөө хөгжүүлэн тэмцэж л байгаа даа.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *