Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд энэ сарын 10-нд өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн билээ. Тиймээс 12-р сарын 14-нд НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж НИТХ-ын ээлжит XXI хуралдааныг маргааш буюу 12-р сарын 28-нд хуралдуулахаар товлосон юм. Уг хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг шинээр сонгох асуудлыг хуулийн дагуу хэлэлцэнэ. Нийслэлийн Засаг дарга хэн болох талаар олон нийтийн дунд хэд хэдэн хувилбар яригдаж байгаа бөгөөд 2016-2020 оны хооронд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр, нийгэм, эдийн засгийн зорилтуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн тулд нийслэлийн өнөөгийн удирдлагын багт ажиллаж байгаа хүмүүсээс сонгох нь оновчтой гэсэн байр суурь давамгай байгаа ажээ. Ингэснээр нийслэлийн төр захиргааны байгууллагууд тогтвортой ажиллах төдийгүй бодлогын залгамж халаа үргэлжилнэ гэж үзжээ.