Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Ганболд: Бид нэн түрүүнд зорчигчдынхоо аюулгүй байдлыг ханган ажиллах үүрэгтэй

-ТИЙМЭЭС ТЕХНИКИЙН ШАЛГАЛТ ХИЙХЭД
БАГАГҮЙ ХУГАЦАА ОРДОГ-

МИАТ ТӨХК-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирал Н.Ганболдтой ярилцлаа.


-Өнгөрсөн тав дахь өдөр Сөүлээс Улаанбаатар руу хөөрсөн МИАТ-ийн онгоц ослын буулт хийлээ гэж шуугьж байна. Яг юу болсон юм бэ?

-Эхлээд ослын буулт гэдэг нэр томьёоноос нь тайлбарлая л даа. Ийм нэр томьёо манай иргэний нисэхийн дүрэм, батлагдсан стандартад байхгүй. Харин осол зөрчил гэсэн нэр томьёо бий. Тэгэхээр Сөүлээс хөөрсөн “Боинг-767” онгоцны тухайд техникээс шалтгаалсан аргагүйтсэн буулт хийсэн. Өөрөөр хэлбэл, аюулгүй ажиллагаагаа хангах үүднээс техникийн дутагдал гарсан даруйд хийдэг аргагүйтсэн буулт гэж нэрлэдэг юм. Онгоц Сөүлээс хөөрсний дараагаар дугуй хураагдах явцад хаалга нь дутуу хаагдсан байна гэж хяналтын самбар дээр дохиолол өгсөн. Манай ИНЕГ-аас батлагдсан стандартын дагуу бол ийм үед онгоц буулт хийж шалгах ёстой. Тэр дагуу явагдсан асуудал.

-Онгоц буулт хийж чадахгүй тойроод эргэлдээд байсан гэсэн. Энэ нь ямар учиртай юм бэ?

-Онгоцны хөөрөлтийн жин, буултын зөвшөөрөгдөх жин ялгаатай байх ёстой. Онгоц хөөрөхдөө шатахуунаа дүүргэдэг. Нислэгийн явцад шатахуун нь зарцуулагдана гэж тооцоод онгоцны буух жин багасдаг. Хөөрөлтийн жингээсээ буултын жин нь бага байх ёстой гэсэн үг. Саяын агаарын хөлгийн хувьд дөнгөж хөөрсний дараагаас анхааруулах гэрэл ассан учраас шатахуунаа тодорхой хэмжээгээр зарцуулах шаардлагатай болсон. Ингээд буултын жиндээ хүрэхийн тулд хүлээлтийн зонд шатахуунаа зарцуулаад онгоц хэвийн буулт үйлдсэн. Улаанбаатарт ч ялгаагүй манайх салхитай тохиолдолд онгоц бууж чадахгүй хүлээлгийн зонд тойроод л нисээд байдаг шүү дээ. Яг үүнтэй л адилхан.

-Зорчигчдод утаа үнэртсэн гэсэн. Ачааны хэсэгт гал гарсан мэтээр ойлгогдоод байсан?

-Тэр онгоцонд манай үйлчлэгч нар ажлаа хийгээд л явж байсан. Тэднээс бас тодорхойлолт авсан. Тийм зүйл болоогүй. Утаа үнэртэх боломжгүй л дээ.

-Онгоцны дугуйны хаалга дутуу хаагдсан гэлээ. Энэ нь юунаас болдог юм бэ. Ер нь уг онгоц хэдэн жилийн настай юм бол?

-“Боинг-767” агаарын хөлөг маань 2000 онд үйлдвэрлэгдсэн. Тэгэхээр 18 настай гэсэн үг. Үйлдвэрлэгчээс онгоцыг 15 жилээс дээш настай бол ашиглахгүй гэх мэт хязгаарлалт байхгүй. Харин УИХ-аас баталсан манай бодлогын бичиг баримт дээр Монголд 20-иос дээш насжилттай агаарын хөлөг ашиглахгүй гээд заачихсан байгаа. Энэ дагуу “Боинг-767” онгоц маань 2020 оны зун хамгийн сүүлчийн нислэгээ хийгээд буцах ёстой юм. Мэдээж онгоц хөөрөхөөсөө өмнө бүх үзлэг шалгалтаа хийгээд, аюулгүй байдлаа хангаад гарна. Гэтэл хөөрсний дараа хяналтын самбар дээр анхааруулах гэрэл ассан. Ингээд буулт хийж дутагдлыг засаад онгоц шөнөдөө хэвийн нислэг үйлдэж Улаанбаатарт ирсэн. Улаанбаатарт буусны дараа ч бас дахин нарийвчилсан үзлэг хийсэн. Хянах самбар дахь гэрэл ямар шалтгаанаар ассаныг тодруулахаар манайхан ажиллаж байна л даа. Жишээлбэл, зөрчлийн, саатлын, нисэх багийн репортыг тус бүрт нь гаргаад шинжлэн шалгах руугаа явуулаад байна. Өнөөдөр МИАТ компани процедурын дагуу л ажиллаж байгаа.

-Зорчигчид нэлээд бухимдаж байгаа харагдсан. Тэд энэ онгоцоороо буцаж ирсэн үү. Эсвэл өөр онгоц гаргаж өгсөн үү?

-Нийт 244 зорчигч явсан. Манай агаарын хөлөг 00:43 цагийн үед Сөүлээс хөөрөөд Улаанбаатарт 04:04 цагт хэвийн буусан. Сөүлээс хөөрөхөд 12 зорчигч өөрсдөө явахгүй гээд үлдсэн юм билээ. Гэхдээ маргааш нь яг манай энэ онгоц буцаад Сөүл ниссэн. Үлдсэн зорчигчид энэ онгоцоороо буцаад Улаанбаатарт ирсэн байгаа. Инчоны буудал дээр онгоц буцаж буугаад хэсэг хугацаанд саатахад зорчигчид бухимдах нь аргагүй. Бид нэн түрүүнд зорчигчдынхоо аюулгүй байдлыг ханган ажиллах үүрэгтэй. Тиймээс онгоцыг шалгахад багагүй хугацаа ордог. Тэрийг хүмүүс тэр бүр мэддэггүй болохоороо буруу ташаа ойлголт авсан байхыг үгүйсгэхгүй. Онгоц буулт хийгээд ямар дутагдал гарсныг тодорхойлох гэж эхлээд үзлэг хийнэ. Солих шаардлагатай сэлбэгийг тодруулаад захиална. Онгоцонд бүх сэлбэг явна гэж байхгүй шүү дээ. Захиалсан сэлбэг ирсний дараа сольж тавихад бас л хугацаа орно. Тэрний дараа тавьсан эд ангийн үйл ажиллагаа хэвийн байна уу гэдгийг шалгана. Энэ мэтчилэн олон шат дамжлага байдаг. Бүх авиа компанийн хувьд аюулгүй ажиллагаа тэргүүнд тавигддаг. Бид үүнийгээ л хангах үүрэгтэй. Тэрнээс манай зорчигчид яарч, бухимдаад байна хурдан явъя гээд хам, хум ажиллана гэсэн ойлголт хаана ч байхгүй шүү дээ. Бүгдийг 100 хувь асуудалгүй болгож байж нислэг үйлдэнэ. Бямба гаригийн үүрээр онгоц Улаанбаатарт буусны дараа дахиж бид баталгаажуулж үзлэгээ хийгээд 07.45 цагт Сөүл рүү тэр онгоц буцаад явсан. Одоо онгоц нислэг хэвийн үйлдэж байгаа.

-Ингэхэд МИАТ компанийн аюулгүй ажиллагаа олон улсын хэмжээнд ямар түвшинд байдаг вэ?

-МИАТ компани өнөөдөр иргэний нисэхийн бүх гэрчилгээ зөвшөөрлийг авсан. Монгол Улсын иргэний нисэхийн багц дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Дээр нь олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагаас батлагдсан олон улсын аюулгүй ажиллагааны стандарт багц шаардлагын дагуу үйл ажиллагаа явуулж байна. 2006 оноос хойш манайх зургаан удаа IOSA аудит шалгалтад 100 хувийн амжилттай шалгагдсан. Ирэх 2019 оны долдугаар сард долоо дахь удаагаа аюулгүй ажиллагааны хөндлөнгийн аудитоор шалгуулах гэж байна. Хоёр жил тутамд хийгддэг шалгалт юм. Тэгэхээр МИАТ компани аюулгүй ажиллагааны шаардлагаа хангах гээд бүх л хийх ёстой ажлуудаа хийж байгаа.

-Одоо МИАТ компани хэдэн онгоцоор нислэг үйлдэж байгаа вэ. Парк шинэчлэлт хэрхэн хийгдэж байна?

-Өнөөдрийн байдлаар зургаан онгоцтойгоор агаарын тээврийн үйлчилгээ үзүүлж байна. Манайх парк шинэчлэлтийн хүрээнд ирэх онд хоёр шинэ онгоц авна. Он гараад нэгдүгээр сарын 21-нд цоо шинэ “Боинг-737МАХ”онгоц маань ирнэ. Дараагийн яг ийм онгоц тавдугаар сард орж ирнэ. Шинэ онгоцнуудаа авангуутаа зөрүүлээд хуучин онгоцоо түрээслэгчид нь буцаана. Ингэж парк шинэчлэлтийг үе шаттайгаар явуулж байна. Компанид шинэ онгоцнууд орж ирж байгаа гэдэг утгаараа үйл ажиллагааны зардлууд өснө. Хуучин онгоцыг бодвол түрээс нь өндөр л дөө.

Энд нэг зүйлийг тодотгоод хэлэхэд, бид Боинг компаниас багш урьж авчирч байгаа.Ямар ч авиа компани онгоцоо авахдаа “Боинг”-ийн багш нисгэгчийг авчраад өөрийнхөө экипажийнхантай явуулж байгаагүй. Шинэ онгоцоо нэгдүгээр сарын 21-нд аваад дөрөв хоногийн дараагаас эхний нислэгээ үйлдэнэ. Тэр үед “Боинг”-ийн багшийг авчирна. Манай “Боинг-737” онгоц 18 экипажийн багтай байдаг. Энэ багш бүх экипажитай нэг, нэг удаа нислэгт гарна. Энэ бол дадлагажуулах нислэг биш. Манай хүмүүсийн чадвар, шинэ онгоцондоо ямар байна гэдэг мэдээллийг удирдлагууд авах ёстой. Бас онгоцны хөдөлгүүр үйлдвэрлэгч Женерал Электриктэй бид ойр ажиллаж байгаа. Тэд манай шинэ онгоцыг ирэнгүүт бидэнд сургалт явуулна.

-Сургалтын баазтай болно гэснээ тодруулахгүй юу?

-Бид өөрсдийн “Боинг-737” онгоцны Mock Up, “Боинг-767”-гийн хаалгыг авчирсан. Манайх ерөнхийдөө долоон групп болоод сургалтад явдаг. Тэр нь “Боинг-737”, “Боинг-767” онгоцон дээр ямар нэгэн онцгой нөхцөл байдал үүсэх үед яаж ажиллах вэ гэдэг сургалт. Тэгэхээр онгоцны хаалгаа онгойлгохоос авахуулаад зорчигчдынхоо аюулгүй байдлыг хэрхэн хангах уу, усан дээр яаж буух уу гэх зэрэг сургалт юм. Эдгээр сургалтыг Монголдоо хийдэг болгоё гэж зорьж байгаа. Ингэснээр гадагшаа явдаг сургалтын зардлыг хэмнэх зорилготой. Өөрийн гэсэн сургалтын төвтэй болсон тохиолдолд жилдээ 2-3 удаа сургалт хийж болно. Нөгөөтэйгүүр гадны авиа компаниуд ийм сургалтуудаа Монголд ирж хийх боломжтой болно.

-Манай инженерүүд гадны авиа компаниудад нэлээд танигдаад байгаа. Хичнээн орны онгоцонд засвар үйлчилгээ хийсэн бэ?

-2013 оноос бид гадны онгоцны хүнд хэлбэрийн техник үйлчилгээг авч хийсэн. Өнөөдрийн байдлаар 62 дахь онгоцонд техник үйлчилгээ хийгдээд дуусч байна. Үйл ажиллагаагаа экспортлохын хэрээр орлого олж байгаа нь сайн хэрэг. Хамгийн гол үзүүлэлт нь эргээд аюулгүй ажиллагаатай холбож ойлгож болно. Гадны“Боинг- 737”, “Боинг-767” онгоцнуудад үйлчилгээ хийдэг. Гадны онгоцонд үйлчилгээ хийгээд дутагдал олчихоод дараа нь өөрийнхөө онгоцон дээр ирээд харьцуулж шалгадаг. Тэр бол аюулгүй ажиллагааны хамгийн том давуу тал. Ингэснээр манай онгоцны нислэгт бэлэн байх байдал, аюулгүй найдвартай ажиллагаа илүү сайжраад байна гэсэн үг. Цааш цаашдаа энэ үйл ажиллагаагаа өргөжүүлээд явах төлөвлөгөөтэй байгаа. Солонгос, Орос, Якутын авиа компаниуд манайх руу онгоцоо явуулж засуулж байна. Дөнгөж сайхан “Рояал флат” гэдэг компани“Боинг-767” онгоцоо засуулаад явлаа. Бас Тайландын гурав, дөрвөн авиа компанид техникийн үйлчилгээ хийсэн. Манай залуус өнгөрсөн жил Америкийн авиа компанийн онгоцны хөдөлгүүрийг солиод ирсэн. Дараа нь Арабад хоёр ч удаа очоод онгоцны хөдөлгүүрийг нь солиод ирсэн. Энэ бол биднийг тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна гэсэн үг.

-Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичгийн өөрчлөлтийг хавар УИХ-аас баталсан. Ингэснээр Сөүл, Бээжингийн чиглэлд чөлөөт өрсөлдөөн бий болж, тийзийн үнэ буурна гэж харж байгаа. Танай компанийн хувьд хэр зэрэг бэлтгэл хангаж байна даа?

-Мэдээж өрсөлдөөн нэмэгдэнэ. Агаарын хөлгийн паркаа шинэчилж байгаа нь тэр өрсөлдөөнд өөрсдийгөө бэлдэж байна гэсэн үг. Аюулгүй ажиллагааны хувьд өөрсдийгөө улам сайжруулж байна гэдэг бол авиакомпанийн хувьд хамгийн том үзүүлэлт нь. Мөн бид ирэх гурван жилийнхээ бизнес төлөвлөгөөн дээр ажиллаж байна.

-МИАТ компанийн нислэгийн тийз үнэтэй тул манайхан Эрхүү, Улаан-Үүд, Бээжингээр дамжаад “Low cost”-ийн компаниар нисээд байдаг. Нэгэнт МИАТ компанийн Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захиралтай уулзсаных Low cost болон “full service”-ийн авиа компаниудын ялгааны талаар тайлбарлаж өгөхгүй юу?

-“Full service”бүтэн үйлчилгээ үзүүлдэг. Харин бага зардлын авиа компаниуд хэмнэж болох бүх зардлыг хэмнэдэг. Өнөөдөр МИАТ компани үндэсний агаарын тээвэрлэгч гэдэг утгаараа“full service”үйлчилгээ үзүүлж байгаа. Тэгэхээр хямд зардлын авиа компаниудтай адил бүх зардлаа танаад явна гэж байхгүй. Зардал танах тусам үйлчилгээ муудна. Хэрэв манай үндсэн чиглэлүүдэд бага зардлын авиа компани орж ирэх юм бол бид өрсөлдөхөд хүндрэлтэй болно. “Low cost”-ийн хувьд бизнес класс бараг байхгүй. Онгоцны суудал хоорондын зай нь ч бага. Жишээлбэл, “Full service”-ийн суудал хоорондын зай 31 инч байхад “Low cost” 29, 28 шахуу байна. Энэ болгонд зорчигчийн тав тух, нислэгийн турш зорчигчдод үзүүлж байгаа үйлчилгээ зэрэг ялгаатай.

-Сая Ерөнхий сайдын Японд хийсэн айлчлалын хүрээнд шинэ нисэх онгоцны буудлын ашиглалтад орох хугацааг түргэвчлүүлэхээр ярилцсан байна лээ. Бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байна вэ?

-ИНЕГ-аас манайд өгсөн чиглэлийн дагуу ирэх оны долдугаар сарын 10 гэхэд шинэ нисэх буудлаас эхнийхээ нислэгийг хийнэ гэсэн. Мэдээж бид бэлдээд л ажиллаж байгаа. Өмнө ч гэсэн бэлтгэл ажил хийгээд л явж байсан. Шинэ нисэх буудлын шалгах нислэгийг МИАТ-ийн онгоцоор хийсэн. Эхний шалгах нислэгүүдийг манайх үйлдсэн болохоор бид шинэ буудалтай бараг танилцсан гэхэд болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *