ЦЕГ-ын Нийгмийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба өчигдөр энэ онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнав.
Цэргийн дуу бүжгийн чуулгын танхимд болсон тайлангийн хуралд ЦЕГ-ийн НХЖХОНАБХА-ны дарга, хурандаа Ж.Амгалан, дэд бөгөөд Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, хурандаа М.Отгонбаяр, газрын дарга, дэд хурандаа Ц.Цэрэнпунцаг, НЦГ-ын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга И.Баттөгс болон бусад албан хаагчид оролцов.
ЦЕГ-ын НХЖХОНАБХА-ны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан, “Цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргийг гүйцэтгэх нэн онцлогтой, анхан шатны нэршсэн ажил бол нийтийн хэв журмыг хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах. Хуулиар хүлээсэн чиг үүргийг энэ онд хэрэгжүүлэхэд хэд хэдэн шинэлэг ажил хийсэн. Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэгдсэн бөгөөд жилийн хугацаанд цагдаагийн байгууллагаас нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргээр оногдуулсан 30 гаруй хуулийн зүйл заалтыг иж бүрэн хэрэгжүүлсэн. Харин ирэх онд Нийтийн хэв журам хамгаалах нэгж, алба хаагчдын ажил дүгнэх үзүүлэлт, аргачлалыг шинэчлэх, Нийтийн хэв журам хамгаалах чиглэлээр нэгдсэн сан бүрдүүлж, үйл ажиллагаандаа ашиглах ажлыг хэвшүүлэх, гэрээт харуул хамгаалалтын байгууллагын алба хаагчдын дүрэмт хувцасны загвар, өнгө, дүрэмт хувцас өмсөж хэрэглэх журмыг шинэчлэх, Зөрчлийн тухай хууль, тогтоомжийг боловсруулах, боловсронгуй болгох чиглэлээр санал боловсруулан, холбогдох газруудад хүргэн ажиллахаар төлөвлөж байна. Мөн алба хаагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хууль, тогтоомжийг хэрэглэх, тэднийг сургаж, дадлагажуулах чиглэлээр сургалт зохион байгуулах, гарын авлага, зөвлөмж боловсруулан хүргүүлэх гэх мэт ажлыг гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийнхээ хүрээнд ирэх онд хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн” хэмээв.
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн НХЖХ тасгийн дарга, хошууч Б.Ганбаяр, “Манай дүүрэгт цагдаагийн 3 хэлтэс үйл ажиллагаагаа явуулж байна. Манай хэлтэс нийт газар нутгын 78,9 га газрыг хариуцан ажилладаг. Энэ оны хувьд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах үйл ажиллагаанд олон нийтийг татан оролцуулах тал дээр анхаарч ажиллалаа. Жишээлбэл дүүргийн Засаг даргын захирамжаар явган эргүүлийн баг 1, 2 арга хэмжээ, Хүүхэд хамгаалагч төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. Энэ оны хувьд гэмт хэргийн тоо 4,8 хувиар буурч, илрүүлэлт 40,8 хувиар өссөн үзүүлэлт гарсан. Гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэхэд дан ганц цагдаагийн байгууллага хүчрэхгүй учраас цаашид иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, камержуулалтын аяныг өрнүүлэхэд ач холбогдол өгч ажиллана” гэв.
Дорнод аймгийн Цагдаагийн газрын НХЖХ тасгийн дарга, дэд хурандаа Ц.Одчулуун, “Энэ онд гэмт хэргийн гаралтыг бууруулах, зөрчлийг илрүүлэхэд онцгойлон анхаарч ажиллалаа. Аймгийн хэмжээнд нийт 10 багийг бүсчилж, хүч нэмэгдсэн эргүүлийг зохион байгуулахсан бөгөөд найман тээврийн хэрэгслийг дотоод нөөц бололцоогоо ашиглан ажиллуулсан. Ингэснээр гудамж талбай, олон нийтийн газар үйлдэгдсэн гэмт хэрэг, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоо буурсан. Мөн судалгааны баг долоо хоног бүр үйлдэгдсэн гэмт хэргүүд дээр судалгаа хийж, аймаг, орон нутгийн удирдлагуудыг мэдээллээр хангаж, гэмт хэрэгтэй тэмцэх бодлогын баримт бичиг гаргаж ажилласан. Нөгөө талаар аймгийн шүүх, хэвлэл мэдээллийн байгууллагууд, үндсэн чиг үүргийн байгууллагуудтай гэрээ байгуулж, олон нийтэд хийсэн ажлаа сурталчилах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, малын хулгай, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, шинээр батлагдсан Зөрчлийн тухай хуулийг сурталчилах ажлуудыг зохион байгуулсан” гэлээ.
Орхон аймгийн Цагдаагийн газрын НХЖХ тасгийн хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, дэд хурандаа Ц.Болд, “Манай аймгийн хувьд 120 орчим мянган иргэд байнга оршин суудаг бөгөөд Хангайн бүсийн төв гэгддэг учир ойролцоох аймгуудын иргэд дамжин өнгөрөх урсгал, хүн амын нягтрал ихтэй. Үүнээс гадна мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх олс, хар тамхи гэх ургамлууд ургадаг учраас энэ төрлийн гэмт хэрэг өсөх хандлагатай байдаг. Тиймээс энэ тал дээр анхаарал хандуулж жил бүр устгал хийн ажиллаж байна. Өнгөрөгч онд согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо өссөн үзүүлэлттэй байсан бол энэ онд энэ төрлийн гэмт хэрэг, мөн гудамж талбайд үйлдсэн, эмэгтэй хүн, хүүхэд оролцсон гэмт хэргийн тоо буурсан үзүүлэлт гарсан. Цагдаагийн алба хаагчид иргэнтэйгээ тулж ажиллах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн эргүүл ажиллуулах, алба хаагчидын ажиллах боломж бололцоог бүрэн хангаж өгснөөр гэмт хэрэг гаралт буурсан гэж үзэж байгаа” гэв.
ЦЕГ-ын НХЖХОНАБХА нь нийгмийн дэг журмыг өдөр тутам сахиулан хамгаалах, баяр ёслолын болон олныг хамарсан арга хэмжээний үеэр олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ иргэдэд таатай, хүртээмжтэй хүргэх ажил, арга хэмжээгээ шинэлэг хэлбэрээр зохион байгуулахаар гол зорилгоо болгон ажиллахаар төлөвлөжээ. Энэ үеэр ажил үүргээрээ бусдыгаа манлайлсан албан хаагчидыг шагнаж урамшуулав.
НХЖХОНАБХА-ны “Хөдөлмөрийн тэргүүний удирдах ажилтан”-аар Дорнод аймгийн Цагдаагийн газрын НХЖХ тасгийн дарга, дэд хурандаа Ц.Одчулуун, “Хөдөлмөрийн тэргүүний хамт олон”-оор хошууч Б.Ганбаяр даргатай Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн НХЖХ тасаг, “Хөдөлмөрийн тэргүүний хэв журмын офицер”-оор Орхон аймгийн Цагдаагийн газрын НХЖХ тасгийн хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, дэд хурандаа Ц.Болд, “Хөдөлмөрийн тэргүүний хэв журмын цагдаа”-аар Ховд аймгийн Цагдаагийн газрын НХЖХ тасгийн эргүүлийн цагдаа, ахлах ахлагч Т.Өнөрбаатар нар шалгарав.
Харин “Ажил мэргэжлийн шилдэг хэсгийн байцаагч”-аар Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн НХЖХ тасгийн хэсгийн байцаагч, ахлах дэслэгч Э.Энхтайван, “Ажил мэргэжлийн шилдэг эргүүлийн офицер”-оор Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн НХЖХ тасгийн эргүүлийн офицер, дэслэгч У.Мөнхбаатар, “Ажил мэргэжлийн шилдэг эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байрны эмч”-ээр Дорноговь аймгийн Цагдаагийн газрын НХЖХ тасгийн эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байрны эмч, ахмад М.Анхилмаа, “Ажил мэргэжлийн шилдэг эргүүлийн цагдаа”-аар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн НХЖХ тасгийн эргүүлийн цагдаа, ахлах ахлагч У.Баярсайхан нар шалгарав.
Мөн “Ажил мэргэжлийн шилдэг цагдаа-жолооч”-оор Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа-жолооч, ахлагч У.Баярсүрэн, “Ажил мэргэжлийн шилдэг харуулын цагдаа”-аар Орхон аймгийн Цагдаагийн газар Гэрээт цагдаагийн хэлтсийн харуулын цагдаа, ахлах ахлагч Г.Ганзориг, “Ажил мэргэжлийн шилдэг хамгаалалтын цагдаа”-аар Эргүүл хамгаалалтын газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Г.Зоригтбаатар нар шалгарав.
Харин “Ажил мэргэжлийн шилдэг сум хариуцсан цагдаа”-аар Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Түнэл сум дахь хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Нэргүй, “Ажил мэргэжлийн шилдэг олон нийтийн цагдаагийн ажилтан”-аар Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Олон нийтийн цагдаагийн ажилтан Г.Чимэдцэрэн шалгарсан юм.