Монгол цоож болон цоожыг урлаж бүтээсэн уран дархчуудын талаарх мэдээ мэдээлэл, эд өлгийн зүйлсээр үзэсгэлэн зохион байгуулж, олны хүртээл болголоо. Соёлын өвийн сүлжээ харилцаа холбооны зөвлөлөөс монгол цоожны талаар улсын хэмжээнд судалгаа хийж, мэдээллийн нэгдсэн сан бий болгосон байна.
Монгол уран дархны урлалыг оньслох арга ухаантай хоршуулсан, бэлгэдэл, ахуй хэрэглээний өв, соёлын уламжлал болсон гайхамшигт өвийг орчин үеийн дэвшилтэд техник технологийн ололтыг ашиглан монгол цоожны дотоод бүтэц, оньсны ажиллах зарчмыг 3D анимешн хэлбэрээр үзүүлсэн нь үзэгчдийн талархлыг хүлээжээ. “Монгол цоож-мартагдашгүй өв” үзэсгэлэнд аймаг, нийслэлийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа монгол цоожны талаарх гэрэл зургийн цомог болон хэл зохиол судлаач, доктор Р.Отгонбаатарын хувийн цуглуулга дахь ховор нандин монгол цоожнууд биетээр дэлгэгдэн тавигдсан байна. Үзэсгэлэнгийн үеэр “Монгол цоожны цахим мэдээллийн сан” веб хуудас /www.mongoltsooj.mongoluv.mn/-ны нээлт боллоо. “Монгол цоож-мартагдашгүй өв” үзэсгэлэн Монголын Театрын музейн үзэсгэлэнгийн танхимд 2018 оны арванхоёрдугаар сарын 19-нөөс 25- ыг хүртэл үргэлжлэх ажээ.