Тусгаар тогтнолын ордонд 11.00 цагт эхэлсэн МАН-ын 28 дугаар бага хуралдаан түр завсарлав.Завсарлагааны өмнө МАН-ын удирдлагууд болон Бага хурлын гишүүд өнөөгийн улс төрийн нөхцөл байдал болон намын шинэчлэлийн талаар үг хэлснийг тоймлон хүргэж байна.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: МАН 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж чадаагүйн шалтгаан бол “60 тэрбум”-ын хэрэг. Тухайн үед би МАН-ын удирдлагуудыг ёс зүйн хариуцлага хүлээ гэж хэлж байсан. Өмнө нь би УИХ-ын даргаар ажиллаж байхдаа Монголын парламентын нэр хүндийг бодоод ажлаа хүлээлгэн өгч байлаа. Одоо УИХ-ын 40 орчим гишүүн чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй гэдгээ мэдэгдээд байна. Нэг хүний албан тушаалтай тэнцэх УИХ байж болохгүй.
Нийслэлийн Засаг дарга асан С.Батболд: ЖДҮХС-гаас зээл авсан бүх хүн хариуцлагаа хүлээх ёстой. “Би биш манай ах, дүү, хамаатан садан авсан” гэх тайлбар хийхээ болих хэрэгтэй. Өнөөдөр зөвхөн УИХ-ын даргын асуудал биш МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаас эхлээд бүх хүний хариуцлагын асуудлыг хөндөх нь зөв.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: МАН дотоод зөрчлөө шийдвэрлэх сүүлийн боломж өнөөдрийн хурал байж магадгүй. Тиймээс Бага хурлын цагийг сунгаад ч хамаагүй тодорхой шийдвэр гаргах хэрэгтэй. Өнөөдөр бид намын шинэчлэлттэй холбоотой асуудлаа шийдэж чадахгүй бол маргааш ард түмэн үнэлт, дүгнэлтээ өгөх болно.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: 2012-2016 онд Засгийн газрын гаргасан бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Цэвэр агаар сан, АСЕМ зохион байгуулах хөрөнгийг олон тэрбумаар нь зүй бусаар ашигласан асуудал одоог хүртэл шийдэгдэхгүй байна. Одоо ЖДҮХС-гийн асуудал нэмэгдлээ. Энэ зээлийг авсан хүмүүс зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхийг нарийвчлан шалгаж, хариуцлага тооцох хэрэгтэй. Мөн үүний цаана “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг Стандарт банкинд барьцаалсан асуудал ч бий. Бид өнөөдөр энэ бүх асуудлыг шийдвэрлэх шударга ёсыг тогтоох хэрэгтэй.