Маргаашнаас нээгдэх нийслэлийн цахим үйлчилгээний “E-service” порталыг ашиглан иргэд таван байгууллагын 50 орчим үйлчилгээг авах боломжтой болно. Үүнд зарим үйлчилгээний тусгай зөвшөөрөл авах, цооног өрөмдөх, худаг гаргах, жуулчин хүлээн авах тээврийн хэрэгсэл, архивын лавлагаа зэрэг иргэдийн дунд нэлээн эрэлттэй үйлчилгээнүүд орж байна. Энэ талаар Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзоригоос тодруулахад, ““E-service” порталыг нээснээр иргэд нэр дурдсан олон төрлийн үйлчилгээг авахаас гадна хамгийн гол нь авахыг хүссэн үйлчилгээ тань хаана, ямар байгууллага, газрын албан тушаалтанд байгааг хянах боломжтойгоор давуу юм. Үйлчилгээ авах таны хүсэлт бүхий асуудлыг шийдээгүй удах юм бол тухайн албан тушаалтанд гомдол гаргаж мэдүүлж болно. Мөн эсрэгээр асуудлыг хурдан хугацаанд шийдсэн нөхцөлд бас тухайн албан тушаалтанд үнэлгээ өгөх боломжтой. Үүгээр манай цахим үйлчилгээний ач холбогдол оршиж байна” гэв. Дэлхийн томоохон хотууд иргэддээ үйлчилдэг тусгай порталтай байдаг. Энэ жишгээр манай нийслэл Улаанбаатар хот цахим портал бүхий хотуудын эгнээнд нэгдэж байна.