Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав таалал төгсчээ. Тэрээр 1938 онд Төв аймгийн Авдарбаян суманд төрсөн бөгөөд 1963 онд МУИС, 1981 онд Москва хотноо Горькийн нэрэмжит дээд сургуулийн дэргэдэх Утга зохиолын дээд курсийг төгссөн бөгөөд 1960 оноос эхлэн уран зохиол бичих болжээ. 1972 онд “Нутгийн цэнхэр уулс” номоороо МЗЭ-ийн шагнал, 1988 онд “Ерөн баатрын дууль”, “Багш” найраглалаараа Төрийн шагнал, 1999 онд Ардын уран зохиолч болж, 2001 онд Намдагийн нэрэмжит шагналыг тус тус авч байсан юм.
Тэнгэрийн хүү
Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм
Газрын охинтой гэрлэж нарны аяганаас цай уусан
Гашуун дарснаас хиртэж ганихарлын орон дээр хөрвөөж үзсэн
Цагаан цасан дээрээс будрахад хөөцөлдөн эрхэлж
Уулс сандайлан үүлсээс үүлсэд дүүжин хийж нааддаг байсан
Цагийн бороо тэнгэрээс асгарахад хөхрөн баясч
Утас дамжих шиг усан ширхэгээр нь авиран гарч
Оддыг сондор болгон хэлхэж цэцгийн толгойд зүүж өгч явсан
Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм
Хурмастын аянгаас гал могой ташуур шүүрэн авч
Бэртэгчний нурууг шалба ороолгон залхааж явсан
Мунхагийн хор шингэсэн хорголжийн хар нүднээс нь
Мугулзуу эвэртэй үхэрт хөллүүлэн бэртэж явсан
Муугийн гайг шившин хөөж бусдад ариуныг урин
Мөлхөж яваа хүүхдийн өвдөг дор цэцгийн дэлбээ ивж явсан
Хүний юу бодож явааг нүднийх нь харцнаас уншдаг байсан
Сэрлийнхээ сувгаар хурмастын өргөөтэй харьцдаг байсан
Сэтгэлийнхээ рашаанаас найраг болгон нэрж хүмүүст амсуулсан
Нэг нь амтархан шимж байхад нөгөө нь аяглан тамшаалж байсан
Аанай бас тургиж ч байсан алинд нь ч би гомдоогүй
Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм
Тэнгэр эцгийнхээ зүүрмэглэхийн зуур
Тэрхэн зуурын зүүд болж газар дэлхий дээр ирсэн юм
Сэрэхтэй нь зэрэг би явна
Тэр болтол нь та нартайгаа уулс түшиж туйлс хайлж
Морин толгойтой хууранд тань
Монгол аялгууг хоршин дуулж сууна
Хүмүүс минь ээ
Газрыхан минь ээ
Та нар намайг явахын цагт энэ морин толгойтой хуураа л өгөөрэй
Үүгээр чинь би хурмаст эцгээ уяруулан хайлуулан дуулуулна
Үүлэн тансаг хур болон ивэлж үргэлжид тэгвэл нь та нарыг ивээнэ
Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм
Гантиг чулуу минь чи
Ганцхан энэ мөрийг минь
Гайгүй сайн тогтоож аваарай
Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм