“NASA”-г байрлуулсан анхны Ангарагийн гадаргуугийн зураг
АНУ-ын дэд ерөнхийлөгч М.Пенс өнгөрсөн сарын 27-ны өдөр NASA болон Америкийн “Lockheed Martin”, “Ula Launch” компаниудад баяр хүргэлээ. Ангараг гариг дээр тэдний буулгасан нислэгийн автомат төхөөрөмж амжилттай газардаад зогсохгүй тус гаригийн зургийг эх дэлхийдээ илгээсэн юм. Их гүрний дэд ерөнхийлөгч өөрийн иргэд, компанийн амжилтыг “хосгүй амжилт” хэмээсэн байна. NASA болон дээрх компаниудын зохион бүтээсэн “Mars InSight” автомат нислэгийн төхөөрөмж нь өнгөрсөн сарын 26-ны өдөр Ангараг гаригийн Элизий нэртэй уулархаг бүсэд газарджээ. Тус төхөөрөмжийг өнгөрсөн тавдугаар сард Калифорни муж дахь Ванденбергийн цэргийн нисэх хүчний баазаас хөөргөсөн аж.
Mars InSight-ээс явуулсан зургууд дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Гэхдээ АНУ-ын эрдэмтэд бүх баримтыг дэлгэх гэж яарахгүй байгаа тухай зарим орны шинжлэх ухааны байгууллагууд мэдээлсэн байна. Эрдэм шинжилгээний төхөөрөмж Марс гаригийн өвлийн 26 сарын турш тивийн дотоод бүтэц,хөрсний гадаргуу, хөрсөн доорх хөдөлгөөн, агаарын бүтэц, дулаан, хүйтний өөрчлөлтийг судлан шинжлэнэ. Дээрх судалгаа хийх төхөөрөмжийг бүтээхэд америкууд 850 сая доллар зарлагаджээ. Америкууд 1960 оноос эхлэн өнөөг хүртэл Ангараг гаригт төхөөрөмж буулгах 21 оролдлого хийжээ. Үүнээс долоо нь бүтэлтэй болсон. Гэхдээ өнөөгийн найм дахь оролдлого шиг амжилттай болоогүй юм. Өмнө нь Ангарагийг зорьсон хиймэл дагуулуудын гуравны нэг нь газардах үедээ осолдож байсан тул InSight-ыг амжилттай газардсанд NASA-гийн мэргэжилтнүүд ихээхэн баяртай байгаа аж..
Дэлхий нийтийн сонирхоод байгаа Ангараг гаригийн тухай доорх мэдээлэл байдаг юм байна. Ангараг нь Дэлхийтэй адил хатуу хөрсөөр хучигдсан гариг бөгөөд татах хүч нь Дэлхийн 40 хувьтай тэнцэнэ. Хэдий Дэлхийгээс жижиг боловч далай байхгүй тул Дэлхийн хуурай газрын хэмжээтэй ижил хэмжээний хуурай газартай. Ангараг нь Дэлхий болон Сугар гэсэн адил хатуу хөрст гаригуудтай харьцуулахад жижиг масстай. Ангарагийн агаар мандал нь маш нимгэн бөгөөд агаарын даралт нь ойролцоогоор 750 Пк буюу Дэлхийн агаарын даралтны зөвхөн 0.75 хувьтай нь л тэнцэх аж. Хэдий нимгэн боловч татах хүч нь сул тул агаар мандалын өндөр нь 11 км буюу дэлхийн агаар мандлын өндөр зургаан км-ээр өндөр аж. Агаар мандал нь 95 хувь нүүрс хүчил 3 хувь нитроген 1.6 хувь нь аргоноос бүтнэ. Ангараг гаригийн радиус нь Дэлхийн радиусын хагастай, жин нь 1/10-тэй тэнцэнэ. Ангараг гаригийн улаан өнгө нь түүний гадаргуу дээр өргөн тархалттай байдаг төмрийн усан исэл буюу гематиттэй холбоотой. Ангараг гаригийн англи нэр болох Mars нь Ромын дайны бурхны нэр юм. Монголчууд “Улаан нүдэн гариг” гэж нэрлэх нь бий.
“NASA”-гийн зургийг явуулсан “Mars InSight” автомат нислэгийн төхөөрөмж
NASA-гийн захирал Д.Брайдестайны захирал 2030 оны үед Ангараг руу нисэгчтэй хөлөг илгээнэ. Тэрээр Ангарагаас шинэ зураг ирүүлсний дараа өгсөн ярилцлагадаа “Ангараг руу нисэх хөлгийн дотоод дэд бүтцийн асуудлыг шийдсэний дараа нисгэнэ. Гэхдээ үүнээс өмнө хүн төрөлхтөн сарны аялал хийсэн байх болно” гэж мэдэгджээ. Бас нэг сонирхолтой мэдээллийг БНХАУ-ын CCTV мэдээллийн агентлаг мэдээлж байна. Тус агентлагийн мэдээгээр саяхан Ангараг гариг дээр газардсан автомат төхөөрөмжид дэлхийн иргэдийн 2.5 сая нэр явсан аж. Түүнээс 260 мянга нь хятад иргэдийн нэр. Энэ Ангарагийн аялал эхэлбэл хятадууд олноор явах магадлалтайг харуулж байгаа гэнэ.
Харин оросууд 1958 оноос өнөөг хүртэл Ангараг руу аялах олон төсөл санаачилсан ч технологи, санхүүгийн боломжоос хамаарч өнөөг хүртэл амжилтад хүрээгүй юм байна. Гэхдээ 2018 оны дөрөвдүгээр сарын 11-нд ОХУ-ын “Роскосмос” корпорацийн захирал И.Комаров “Бид 2028 онд Ангараг руу аялна. Гэхдээ түүнээс өмнө сарны аяллыг хэрэгжүүлсэн байх болно” гэж мэдэгджээ.
Ангараг гариг нь дээр үеэс социалист, капиталист лагериудыг тэргүүлэгч ОХУ АНУ-ы өрсөлдөөний талбар болсоор иржээ. Оросууд хэдийгээр сансрын технологиор америкуудаас давуу боловч Ангараг гаригийн судалгааны хувьд хоцорч яваа аж. Ангараг нь энэ хоёр улсын хувьд зөвхөн сансрын технологийн өрсөлдөөн бус, улс төр үзэл суртлын том тулааны талбарт тооцогдоно. Харин Европын сансрын агентлаг 2033 онд нисэгчтэй сансрын хөлөг илгээх “Аврора” төсөл хэрэгжүүлж байна. Гэхдээ санхүүжилтийн томоохон хамтын ажиллагаанаас босгож чадахгүй бол энэ төсөл хэрэгжих магадлал бага. Ангарагийг сонирхож байгаа өөр хоёр орон байдаг. Энэ Энэтхэг, Арабын нэгдсэн Эмират. 2004 оны зургадугаар сарын 26 Энэтхэгийн ерөнхийлөгч А.Калам 2050 он хүртэл Америк, Энэтхэгийн хамтарсан хамтарсан экипажийг Ангараг руу илгээх төсөл хэрэгжүүлэх тухайгаа зарлажээ. Хэдийгээр Арабын нэгдсэн Эмират улс Ангарагтай танилцах төсөл хэрэгжүүлэх саналтай байсан ч, тус улсын шашны зөвлөл “Дэлхийгээс өөр гариг руу нисэх нь амиа хорлосонтой дүйцэх хэрэгт тооцогдох бөгөөд шашны номлолд хориотой” гэж үзсэнээр өнөөг хүртэл дахин яригдаагүй аж. Хүн төрөлхтөн эхний ээлжид Сар, Ангарагийг эзлэх хийж байна. Хэдэн илийн өмнө Оросын нэгэн Антарктид судлаач мөсний гүнд төрийнхөө далбааг байрлуулжээ. Түүнийгээ “ОХУ Антарктидад ихээхэн хэмжээний талбайтай боллоо” хэмээн зарлав. ОХУ тэр эх орончийг хүндэтгэлтэйгээр хүлээн авч урамшуулсан гэдэг. Харин АНУ нэгэн улстөрч “Оросуудын хатгасан далбааны хэмжээгээр эзэмшил нэмэгдэх нь юу л бол” хэмээн эгдүүцэж байж. Хүн төрөлхтөн өнөөдөр Сар, Ангарагт ноёрхлоо тогтоосноор цаашид бусад гаригуудыг судлах, нээх зам, туршлагатай болно. Дэлхийд ховордсон эсвэл огт байхгүй бодис, амьтан ургамлыг нээх горьдлого тээдэг гэнэ. Зарим нэгэн хошин эрдэмтэд Магадгүй маш их мөнгө зарсан Ангарагт юу ч байхгүй байх болно. Тэр тохиолдолд цаазалж болохгүй гэмт хэрэгтнүүдийг тусгаарлахад хэрэг болно” гэдэг гэнэ. Гэхдээ сансрын аялал нэг их холын мөрөөдөл биш.
Дэлхий Ангараг гариг
Өнөөгийн байдлаар ОХУ-ын сансрын хөлгөөр цөөнгүй сансрын жуулчин үйлчлүүлжээ. Хамгийн анхны арилжааны нислэг хийсэн хүн АНУ-ын иргэн багш эмэгтэй К.Маколифф байжээ. Тэрээр 1986 онд анхны сансраас хичээл заах зорилгоор ниссэн ч “Челленджер” хөлөг сүйрчээ. Дараа нь 1990 онд Японы сансрын нисгэгч Т.Акияма, 1991 онд Английн сансрын нисэгч Х.Шарман, 2001 онд итали гаралтай Америкийн бизнесмэн Д.Тито, 2004 онд ӨАБНУ-ын бизнесмэн М.Шатллворд, 2005 онд Америкийн бизнесмэн Г.Олсен нар арилжааны нислэг хийээ.
2012 он гэхэд Оросын сансрын хөлгөөр нийт долоон хүн арилжааны нислэг хийжээ. 2007 онд нислэгийн үнэ 20-40 сая доллар байсан. Мөн задгай сансарт гарсан тохиолдолд нэмж гурван сая доллар төлнө.