Нийслэлийн Тээврийн газраас агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Эрхэт Монгол” ХХК-ийн харьяа “Эй Эм Эм Жи” ХХК-тай хамтран “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын дизель хөдөлгүүртэй 3 автобусанд БНСУ-ын “Сераком” ХХК-д үйлдвэрлэсэн дизель хөдөлгүүрийн тортог шүүгч Актив “DPF” болон Гибрид “DPF” төхөөрөмжүүдийг энэ оны 10 дугаар сараас 12 дугаар сарын хооронд суурилуулж туршилтын ажил эхэлсэнбайна. Актив “DPF” болон Гибрид “DPF” төхөөрөмжүүдийг суурилуулснаар дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслээс ялгарах COx (Нүүрстөрөгчийн исэл), NOx (Азотын исэл), Sox (Хүхрийн исэл), PM (Хөө тортогжилт) зэргийг шүүж, энэ нь явалт дундаа шатааж, цэвэрлэдэг ба гар ажиллагаа шаарддаггүй давуу талтай нь тогтоогдсон байна. Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа нэг автобус өдөрт дунджаар 190 гр хөө тортог ялгаруулдаг бөгөөд уг төхөөрөмжийг суурилуулснаар үүний 60 гаруй хувийг шүүж байгаа юм. Тус газраас өчигдөр туршилтын ажлын явцтай танилцаж, Актив “DPF” шүүлтүүрийг суурилуулсан автобуснаас хөө тортогжилтын хэмжилт хийжээ. Уг хэмжилтээр 64.75 хувьтай шүүж байсан бөгөөд өдөрт нэг автобуснаас ялгарах 114 гр хөө тортогжилтыг шүүж агаарт хаягдахаас сэргийлж байгааг тогтоожээ.