Categories
мэдээ нийгэм

Зүүн хойд Азийн бүс нутгийн тулааны урлагийн форум боллоо

ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс нь ЮНЕСКО-гийн 2-р зэрэглэлийн төв болох Залуучуудын хөгжил, оролцоог дэмжих олон улсын тулааны урлагийн төв хамтран Зүүн хойд Азийн бүс нутгийн тулааны урлагийн форумыг энэ сарын 13-14-нд зохион байгууллаа.
Форумаар хүүхэд, залуучууд болон эмэгтэйчүүдэд тулааны урлагаар идэвхтэй хичээллэхэд тулгарч буй саад бэрхшээлүүдийг тодорхойлж, тэдгээрийг даван туулах арга зам, спорт тэр тусмаа тулааны урлагийг хөгжүүлж хөхиүлэн дэмжихийн ач холбогдлын талаар олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх шинэ санаачилгуудыг гаргасан бөгөөд цаашид бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллах боломжуудыг тодорхойлов.
Тус форумд БНАСАУ-аас ЮНЕСКО-ийн БНАСАУ-ын үндэсний комисс, БНАСАУ-ын таеквондогийн хороо, БНСУ-аас Сөүлийн үндэсний их сургууль, Солонгосын спортын шинжлэх ухааны институт, ЮНЕСКО-ийн БНСУ-ын үндэсний комисс, Тэккёны хадгалалт хамгаалалтын нийгэмлэг, БНХАУ-аас Хубэй их сургуулийн Биеийн тамирын боловсролын коллеж, БНХАУ-ын Нийслэлийн биеийн тамир, спортын их сургууль, Япон улсаас Жунтендо их сургууль, Олимп, паралимпийн зохион байгуулах Токиогийн хороо болон ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын төлөөлөгчид оролцож туршлагаасаа хуваалцлаа.

Форум нь БНАСАУ, БНСУ, БНХАУ, Япон улсын төлөөлөгчдийг нэгэн дор цуглуулж, тулааны урлагаар дамжуулан соёл хоорондын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг нэмэгдүүлэн тогтвортой хөгжил, энх тайван, шударга ёсыг цогцлооход хувь нэмэр оруулсан чухал ач холбогдолтой болж өндөрлөв

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *