Categories
мэдээ нийгэм

БНЭУ-дэх Элчин Сайд Г.Ганболд тусламж хүссэн монгол эмэгтэйн биед халдсан баримт үлджээ

-БОЛСОН ЯВДЛЫГ ШАЛГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЖ, ЭЛЧИН САЙДААС ТАЙЛБАР АВЧ БАЙНА-

Болсон хэргийн талаар манай сайтад ар гэрийнхнийх нь зүгээс нотлох баримт болгож аудио бичлэг илгээсэн юм. Энэ сарын 12-ны өдөр БНЭУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Г.Ганболд туслалцаа хүсэж очсон Монгол эмэгтэйн биед яамныхаа үүдэнд халдаж, ёс зүйгүй үйлдэл гаргасан гэх мэдээлэл олон нийтийн дургүйцлийг хүргээд байгаа юм. Хэрэг гарах үеэр Элчин сайд Г.Ганболдын эхнэр, жолооч, туслах болон Энэтхэгийн иргэд байсан бөгөөд уг үйлдэл нь ЭСЯ-ны камерт бичигдэн үлдсэн байна. Тухайн үед элчин сайдад зодуулсан хохирогч эмэгтэйн бие муудаж, эмнэлэгт хүргэгдсэн гэдгийг хохирогч гэх эмэгтэйн нөхөр мэдээлжээ. Болсон явдлыг тус эмэгтэй нөхөр нь гар утсаараа бичиж, баримтжуулан өөрийн фэйсбүүк хуудаснаа тавьсан аж. Мөн болсон явдлыг эхнээс нь бичсэн аудио бичлэг нотлох баримт болж үлджээ. Дээрх бичлэгт Элчин сайд Г.Ганболд эмэгтэйг доромжилж, бие нь халдаж байгаа нь бичигдсэн байх юм.

Энэ талаарх мэдээлэл, дүрс бичлэгийг УИХ-ын дарга М.Энхболдын файсбүүк хаяг руу Энэтхэг улсад суугаа иргэн арга хэмжээ авч өгөхийг хүсэж илгээжээ. Харин бичлэгийг энэ сарын 12-ны өдөр М.Энхболд өөрийн твиттер хуудсандаа нийтэлж, Гадаад харилцааны яамны сайд Д.Цогтбаатарт хандаж, арга хэмжээ авахыг хүссэн нь олон нийтийн анхааралд хүрээд байгаа юм.

Уг хэрэгтэй холбогдуулаад Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өөрийн твиттер хуудаснаа “Тухайн Монгол эмэгтэйн биед халдсан гэх Элчин сайдаас тайлбар аваад байна. Холбогдох байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг даруй байгуулж, асуудлыг нь шалгана. Үнэн гэдэг нь тогтоогдвол Элчин сайдыг татаад зогсохгүй, хүний эрхэнд халдсан хэргээр цагдаагийн байгууллага ч шалгах шаардлага гарна” хэмээн мэдэгдээд буй.

БНЭУ-д суугаа Элчин сайдаас туслалцаа хүссэн эмэгтэй Г.Оюун гэр бүлийн хүний хамтаар хоёр сартай бяцхан охиноо зүрхний хүнд хэлбэрийн хагалгаанд оруулахаар тус улсад очсон. Тэд энэ оны найман сараас эхлэн Энэтхэг улсад дөрвөн сарын турш охиноо эмчлүүлж байгаа аж. Энэ хугацаанд багагүй асуудал гарч, тус улсад Монголоос төлөөлөн суугаа элчин сайдын яам руу очсон байгаа юм. Ийнхүү үүсээд байгаа нөхцөл байдлаа тайлбарлан тусламж хүссэн боловч Элчид сайдад өшиглүүлж, замын боржур мөргөж унасан аж. Элчин сайд Г.Ганбаяр хохирогч Г.Оюуныг учир байдлаа тайлбарлан хэлэхэд “Чи ер нь яах гээд байгаа юм бэ?, Би чамд яаж туслах юм, Хулгайч гэх мэтээр хэлж, машиндаа суухдаа хэвлий хэсэгт хөшиглөж унагаагаад эргэж ч харахгүй явсан байна.

-ОХИНЫ ХАГАЛГАА АМЖИЛТТАЙ БОЛСОН Ч ДӨРВӨН САР СЭХЭЭНД БАЙГАА ГЭВ-

Хохирогч гэх эмэгтэй Г.Оюун нь нөхөр Б.Батчулууны хамтаар Монголд байх хугацаандаа хандивын аян өрнүүлэн хоёр сартай охиноо зүрхний хагалгаанд оруулах боломжтой болж улмаар Энэтхэг улсыг зорьжээ. Эхнэр нөхөр хоёулаа Зэвсэгт хүчний жанжин штабт алба хаадаг ахлах дэслэгч цолтой бөгөөд ажлын газраас нь хагалгаанд зориулж мөнгөн туслалцаа үзүүлсэн хэмээн мэдээлэв.

Тэдний бяцхан охин зүрхний төрөлхийн хавсарсан гажигтай, ховол хоорондын таславчийн цоорхойтой гэж оношлогдсон аж. Энэ өвчнийг Монголд эмчлэх боломжгүй тул 2018 оны наймдугаар сарын 10-нд Энэтхэг улсыг зорьжээ. Гэтэл Энэтхэгт улсад очоод эмчилгээ хийлгэж байхдаа охин нь зүрхний хавсарсан гажгаас гадна уушгины дутуу хөгжилтэй, хоолойн нарийсал буюу мэмбрамтай гэсэн давхар онош гарчээ. Охины хагалгаа амжилттай болсон ч хагалгааны дараах хүндрэлүүд гарч охин эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Эрчимт эмчилгээний өдрийн төлбөр 1.5-1.8 сая төгрөг болж байгаа бөгөөд тэд өдгөө 170 гаруй сая төгрөгийн өртэй болсон. Иймд тэд аргагүй эрхэнд хүний нутагт элэг нэгтнээ зорин бага ч болов туслахыг уйлаад гуйсны хариуд ийнхүү цохиулсанд ихээхэн гомдолтой байгаа юм.

Энэ хэргийн талаар Энэтхэгийн Цагдаагийн байгууллагаас тухайн хэрэг гарах үед газар дээр нь байсан Энэтхэг иргэдээс мэдүүлэг авсан тухай мэдэгджээ.

Энэ талаар нөхөр нь хэлэхдээ: “Бид хоёр энд ирээд дөрвөн сар болж байна. Хүүхдээ эмчлүүлээд эх орон руугаа буцах гэсэн чинь баахан асуудал тулгараад, үнэхээр аргагүйдсэн. Би охиноо сахиж үлдээд эхнэрээ нааш нь явуулсан чинь Г.Ганболд гарч ирээд эхнэрийн маань цээж ходоод саван тус газар руу нь өшиглөсөн байна. Бид яах ёстой вэ?” хэмээн ярьж, бичлэг хийн нийтийн сүлжээнд тавьсан байна.

Бид энэ хэрэгт Гадаад хэргийн яамны зүгээс ямар арга хэмжээ авсан талаар асуух гэсэн боловч холбогдож чадаагүй, ямар нэгэн мэдээлэл өгөөгүй юм.

Түүнчлэн Монголд байгаа ар гэрийнхэнтэй нь утсаар холбогдож одоогийн нөхцөл байдлын талаар тодруулах гэсэн боловч тэд ч мөн адил хоёр хоног холбоо барьж чадаагүй. Одоо биеийн байдал нь ямархуу байгааг нь хэлж мэдэхгүй байна. Санаа зовоод байж байна. Ямар нэгэн мэдээлэл өгөх эсэхээ сайн мэдэхгүй байна хэмээн учирлав.

-Г.ОЮУНЫ БИЕД ХАЛДСАН ЗҮЙЛ ОГТ БАЙХГҮЙ ХЭМЭЭН МЭДЭГДЭЛ ХИЙВ-

Дээрх мэдээлэл цахим орчин болон хэвлэл мэдээллийн хуудаснаа дэлгэгдэж эхэлсэн даруйд Энэтхэг улсад суугаа Элчин сайд Г.Ганболд мэдэгдэл хийсэн юм. Тэрээр мэдэгдэлдээ: Иргэн Оюуны биед нь халдсан зүйл байхгүй. Бүх талаар тусалж, дэмжсэн. “Иргэн Б.Батчулуун, Г.Оюун нар 12 дугаар сарын 7-нд тус ЭСЯ-д ирж, “Шинэ Дели хотын “BLK” эмнэлэгт цаашид охиноо эмчлүүлэхгүй, санал болгож байгаа эмчилгээг нь хийлгэхгүй, даруйхан нутаг буцахаар шийдлээ. Энэтхэгт байх визний хугацаа хэтэрсэн, торгуулийн хэмжээ их болоод байгааг хөнгөлүүлж, хилээр гарах зөвшөөрөл олгож тусална уу” гэж хүссэн. Үүнийг ЭСЯ-ны гуравдугаар нарийн бичгийн дарга, консулын ажилтан Л.Батсуурьт даалгаснаар асуудал шийдэгдсэн. “AIR CHINA” компани охины биеийн байдал тун хүнд байгаа тул замд нэмж муудахаас болгоомжлон тээвэрлэхгүй гэж мэдэгдсэн тул “Korean air” компанид бид хандахаар болсон. Б.Батчулуун “”BLK” эмнэлэгт төлөх мөнгө байхгүй тул эмнэлгийн төлбөрөөс хөнгөлүүлж өгнө үү” гэж дахин хүссэний дагуу эмнэлэгтэй нь ярьж 3 сая энэтхэг рупи буюу 42.857 ам.долларын төлбөр, визний хугацаа хэтэрсний 300 ам.долларын торгуулийг чөлөөлүүлсэн. Б.Батчулуун 12 дугаар сарын 8-ны Бямба гаригт надтай уртсаар ярьж энэ тухай дурдаж, “эхнэр маань ухаан алдаад уначихлаа, шөл хийж ирэхийг консул Л.Батсуурьт хэлж өгнө үү” гэж байсан тул Консулын асуудал эрхэлсэн Л.Батсуурийг явуулж туслуулсан бөгөөд манай ажилтантай хүндэтгэлтэй харьцахыг захиж зөвлөсөн. Г.Оюун 12 дугаар сарын 10-ны өглөө ЭСЯ-нд ирж “Элчин сайд яг одоо эмнэлэгт очиж хүүхэдтэй минь уулз” гэж шаардсан бөгөөд товлосон уулзалтад очсоны дараа түүний хамт эмнэлэгт очиж, Солонгос нисэхийн компанитай ч уулзъя гэж хэлснийг зөвшөөрөлгүй хамт явна гэж хэлээд автомашины араар тойрч зам хаасан тул түүнийг консулын ажилтан Л.Батсуурийн хамт дагуулж албаны уулзалтдаа очсон. Уулзалтын дараа эмнэлэг рүү явах гэтэл тэр эмнэлгийнхээ хаягийг хэлж мэдэхгүй байсан тул би консул Л.Батсуурьт эмнэлэгтэй ярих үүрэг өгч, өөрөө Дели дэх БНСУ-ын ЭСЯ, “Кorean air” компанийн менежерт байдлыг тайлбарлаж ярьсан.

Консул Л.Батсуурь мөн өдрийн орой тэднийг нисэх буудалд хүргэж охинд шаардлагатай хүчилтөрөгчийн төлбөр 900 ам.долларыг бэлнээр өгсөн бөгөөд онгоцонд суулгасан. Гэтэл нислэгийг хоёр цаг хэртэй саатуулсны дараа тэднийг нисэхийн дүрэм зөрчсөн, удаа дараа анхааруулж сануулгыг үл тоосон хэмээн онгоцноос буулгасан юм байна. Г.Оюун энэ сарын 11-ний өглөө ЭСЯ-ны байранд дахин ирж “Элчин сайд одоо эмнэлэгт явж оч” гэж шаардсан. Хэлж тайлбарласныг огт ойлгохгүй хөдөлж байгаа автомашины хажуугаас зүүгдсэн тул гарыг нь автомашинаас тавиулахаар буухад тэр хаалганд шүргүүлж гэдрэг нэг алхам ухарч газарт суусан. Миний зүгээс түүний биед нь халдсан зүйл байхгүй. Сэтгэл санаа нь цочирдож, хямарсан тэрээр ямар ч тайлбар сонсохгүй хашгирч харааж зүхсэн. Миний бие ЭСЯ-ны ажилтан Л.Энхболд, Батсуурь нарт эмнэлэгтэй холбоо барих, хамгийн ойрын нислэгээр буцаахаар ажиллах үүрэг өгч, өөрөө урьдаас товлосон уулзалтуудад явсан. Зөөврийн хүчилтөрөгчийн үнэ 900 ам.долларыг эргүүлж өгсөн байсныг уулзалт арга хэмжээнүүдийн дундуур дахин төлөх, “Fortis Escort” эмнэлэгтэй ярьж тэнд хоносны болон эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөр 2400 ам.долларын төлбөрийн баталгааг гарган өгч, тэднийг эмнэлгээс гаргах, онгоцоор зорчихыг зөвшөөрүүлсэн.

Тэд нислэгийн цаг тулсан хэмээн нисэх буудал явалгүй дараагийн нислэгийг хүлээхээр шийдсэн. Б.Бат-Очир, Г.Оюун нарын охин болон Б.Номин-Эрдэнэ тэднийг авахаар ирсэн Цэргийн госпиталийн их эмч Уламбаярын хамт нэмэгдэл зардлыг төлж, дараагийн нислэгт багтаахаар ажиллаж байна. Бий болсон нөхцөл байдлыг зүй зохистой шийдэх арга замын хамтдаа ярьж зөвлөх гэж чармайхгүй, “хөлөө хүрэх газарт явна, та нарын мууг үзнэ, ЭСЯ мөнгө гаргаж бүх зардлыг төлөх үүрэгтэй, одоохон нутаг буцаа, та нарын ярьсныг бичлэг хийж хадгалсан” гэх зэргээр бухимдан орилж байсан болно. Тэд энэтхэг эмчийг хөлсөөр авч, охиныг Монголд хүргэхийг шаардаж байна. Энэ тохиолдолд өмнө гаргасан 3300 ам.доллар дээр нэмж 10 мянган орчим ам.доллар шаардагдахаар байгаа юм.

Эдгээр иргэдийг эмнэлэгт эргэж, хоол унд зөөх зэргээр ЭСЯ-ны ажилтнууд халуун сэтгэлээр хандсаар байтал нийтийн дунд буруу зөрүү ойлголт төрүүлэхээр бодитой бус мэдээлэл түгээсэнд харамсч байна. Түүнчлэн ЭСЯ-ны хяналтын камерын бичлэг, нутгийн иргэдийн мэдүүлэг гэх мэтээр оргүй зүйл дурдсан байна. Гачигдал зовлон бэрхшээл хэнд ч, хэзээ ч тохиож болно. Харин хүн чанараа гээлгүй дээдэлж явахыг эрхэм нөхөд санууштай байна. Тэдний зүй зохисгүй үг хэл, үйлдлийг энд нуршихыг үл хүслээ. ЭСЯ-ны ажилтнууд нөхцөл байдлыг дүгнэж хэлэлцээд энэ гэр бүлийг яаралтай буцаах нь зүйтэй гэж үзэв. Ажилтнууд өөр өөрдсийн тайлбарыг бичиж хүргүүлэх биз ээ” гэжээ.

Эх сурвалж. Medee.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *